Л.Гангэрэл: Оюу толгойн ногдол ашиг гурван их наяд төгрөгөндөө хүрэхгүй бол дутагдсан хэмжээгээр төсвийн алдагдал ихсэх аюул байна

Aдмин / Эдийн засаг

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Л.Гангэрэлтэй Оюу толгойн ногдол ашгийн хүрээнд ярилцлаа.


-Оюу толгойн ногдол ашгийн тухай та тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж үзэж байгаа нь зөв үү?

-Есдүгээр сарын сүүлээр Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Монгол Улсад ирээд Ерөнхий сайд Н.Учралтай хамт Оюу толгой төсөл ногдол ашгийг 2027 онд өгнө гэдэг мэдэгдлийг хийгээд явсан. Гэхдээ хэдий хэмжээний ногдол ашиг өгөх талаар огт дурдаагүй. Тэгэхээр бидэнд ногдол ашгийн хэмжээний талаар тодорхой мэдээлэл алга. Гэтэл Засгийн газраас гурван их наяд төгрөг гэсэн тоог 2027 оны төсвийн төсөлд суулгаад явж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ тоог тодорхой хэмжээгээр баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Хэрэв энэ дүнгээс бага дүнгээр орж ирвэл төсвийн алдагдал маань улам л ихсэх дүр зураг харагдаад байна.

-Ямартаа ч Засгийн газраас ногдол ашиг авах нь тодорхой гэж хэлээд байгаа. Гэтэл тэрхүү орж ирэх нь мэдэгдэхгүй гурван их наяд төгрөгийн ногдол ашгийнхаа 70 хувийг улсын төсвийг нөхөхөд зарцуулна гээд төсөвтөө оруулаад ирсэн нь үнэн үү. Танд энэхүү ногдол ашгийг юунд зарцуулах талаарх мэдээлэл байгаа юу?

-Монгол Улс Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшиж байгаа. Иймд Баялгийн сангийн тухай хуулийн дагуу энэ хувьд оногдох ногдол ашиг бүхлээрээ Хуримтлалын сан руу шилжих ёстой. Гэтэл нэг удаагийн шинжтэй, 2027 оны төсвийг дагуулж нэг их наяд төгрөгийг нь Хуримтлалын сан руу, үлдсэн хоёр их наяд төгрөгийг нь төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулна гэсэн төслийг Засгийн газраас оруулж ирж байгаа.

Энэхүү хоёр их наяд төгрөгөөр 52 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр байна. Энэ нь нийт төсвийн хөрөнгө оруулалтын 34.6 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ногдол ашгийг ямар төслүүдэд зарцуулах талаарх мэдээлэл байгаа.

-Ер нь орж ирсэн ногдол ашгийг хуулиараа ч тэр зарчмаараа ч тэр хэрхэн зарцуулах шаардлагатай вэ?

-Одоогийн хүчин төгөлдөр байгаа Баялгийн сангийн тухай хуулиар хэрэв Оюу толгойн төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг орж ирвэл бүхлээрээ Хуримтлалын сан руу шилжих учиртай. 2027 оны төсвийн хөрөнгө оруулалт нь дотоодын нийт бүтээгдэхүүний ес орчим хувийг эзэлж байгаа.

Үүнийг хөгжиж байгаа орнуудын дундаж болох 5-7 орчим хувьтай харьцуулбал хоёр хувиар илүү дүнтэй байгаа. Тэгэхээр Оюу толгойн төслийн ногдол ашиг хоёр их наядыг төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулахгүй гэж шийдвэл энэ харьцаа ДНБ-ий долоо орчим хувь болж байна. Үүнээс төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ олон улсын жишигт дүйж очихоор байгаа юм. Нөгөө талаас Оюу толгойн ногдол ашиг гурван их наяд төгрөгөндөө хүрэхгүй бол дутагдсан хэмжээгээр төсвийн алдагдал ихсэх аюул байна. Иймд хувь эдийн засагчийн байр суурь бол Оюутолгойн ногдол ашгийг одоогийн хуулийн дагуу тэр чигээр нь Хуримтлалын сандаа төвлөрүүлсэн нь зүйтэй гэж бодож байна.

-Ногдол ашгаар юу юу хийх талаарх задаргааг та харсан уу?

-Задаргаа файл төсвийн төслийн номон дээр байгаа. Сэтгүүлчид та бүхэн төсвийн номноос олж харах бололцоотой. Харин тэдгээр төслүүдийн дунд Солонгос улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх байсан боловч хэрэгжүүлэгч Солонгосын компани нь дампуурсны улмаас түр зогсонги байдалд байгаа 10 аймгийн дулааны цахилгаан станцын төслийн үлдэгдэл санхүүжилтийг хийх гэх мэт шүүмжлэлтэй төслүүд харагдсан.

-Одоо чуулганаар төсвийн тодотголоо ч батлаагүй байна. Ирэх оны төсвөө ч дорвитой хэлэлцээгүй байх шиг. Төсвийн тодотгол батлагдаж байж цалин хөлс нэмэгдэнэ гэж байгаа. Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг мөн адил хугацаандаа шахагдаад дорвитой хэлэлцүүлэгдэхгүй байх нөхцөл үүсч байна гэж хардаж байна уу?

-2027 оны төсвийн хэлэлцүүлэг урьд жилүүдийнх шиг цаг хугацааны хайчинд ороод түргэн хуумгай батлагдах вий гэсэн болгоомжлол байна. Төсөв дээр гурван үндсэн эрсдлийг хэлье. Нэгдүгээрт нэг удаагийн шинжтэй, баталгаажаагүй байгаа Оюу толгойн ногдол ашиг гурван их наяд төгрөг, Төрийн өмчит компаниудын 3.5 их наяд төгрөгийн ногдол ашиг нийтдээ 6.5 их наяд төгрөгөөр төсвийн зардлаа огцом нэмэгдүүлж тогтмол шинжтэй урсгал зардлыг санхүүжүүлэх гээд байгаа нь том эрсдлийг дагуулж байна.

Хоёрдугаарт, үүнээс хамаараад уул уурхайгаас хамааралтай эдийн засаг, тэр тусмаа төсөв маань бүр их хамааралтай болох аюул байна. Гуравдугаарт, төсвөө дагаад анх 2010 онд батлагдаж байсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль маань 24 дэх удаагийн өөрчлөлтөө хийх гэж байна. Тэр дундаа төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд барьж байх заалт гурван хувь болж өөрчлөгдөх магадлал байна. Энэ маш том эрсдлийг дагуулахаар байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.