Н.Пүрэвдорж: Эрхээ хасуулсан, зөрчлийн оноо дууссан иргэд цахимаар шалгалт өгч, эрхээ сэргээлгэнэ

Д.Тулга / Хууль

purewdorjЭрхээ хасуулсан болон зөрчлийн оноо дууссан жолооч нар эрх сэргээлгэх шалгалтаа цахимаар өгдөг болсон талаар ЦЕГ-ын Лицензийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Жолооны эрх сэргээх цахим шалгалтад ямар иргэд хамрагдах вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.1 буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 27.2 согтууруулах мансууруулах бодис хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлсэн, мөн хуулийн 32.3, 42.1 гэх мэт заалтуудаар жолооны эрхээ хасуулсан жолооч нар хамрагдана. Мөн зөрчлийн 10 оноо нь дууссан буюу жолоодох эрх нь түдгэлзсэн хүмүүс цахим шалгалтад хамрагдана.

-Эдгээр жолооч нар шалгалтаа хэрхэн өгөх вэ?

-Эхлээд Замын цагдаагийн газрын Лицензийн төв дээр болон “Дүнжингарав” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр очно. Тэндээсээ жолоочийн эрх сэргээлгэх лавлагаа авна. Лавлагааг иргэнд өгөхдөө тухайн иргэний гэрэл зураг болон иргэний үнэмлэхийн зургийг авна. Энэхүү лавлагааг авснаар жолооч цахимаар шалгалт өгөх эрх нь автоматаар нээгдэнэ. Харин эрхээ хасуулсан жолооч нар эрүүл мэндийн хуудас бөглөнө, Шинэ жолооны үнэмлэхийн мөнгө тушааснаар цахим шалгалтад орох эрхтэй болно.

-Шалгалт өгөхийн өмнө сургалтад суух шаардлагатай юу?

-Зөрчлийн оноо дууссан жолооч нар Лицензийн төв дээр ирж хоёр цагийн сургалтад сууна. Харин эрхээ хасуулсан нь зургаан цагийн сургалтад суух шаардлагатай. Сургалт ажлын өдрүүдэд Лицензийн төвийн цахим сургалт шалгалтын танхимд өглөөний 10:00 цагаас эхэлнэ.

-Шалгалт өгөх иргэд ямар нэг төлбөр төлөх үү?

-Төлбөр төлөхгүй. Харин цахим шалгалтад орохоос өмнөх сургалтад суухад зөрчлийн оноо хасуулсан иргэд 5000 төгрөг төлнө. Харин эрхээ хасуулсан иргэн зургаан цагийн сургалтын 10 мянган төгрөгийн төлбөр төлнө. Цахимаар шалгалт авахдаа ямар нэг төлбөргүй тэр хүн хэдэн удаа ч шалгалт өгч болно. Шалгалт нийт 10 асуулттай, 15 минутын хугацаатай явагдана.

-Цахим шалгалтын дүнг хэрхэн мэдэх вэ?

-Цахимаар авч байгаа учир тестээ бөглөөд дуусмагч шалгалтын дүн гарна. Тэнцээгүй бол дахин шалгалт өгнө үү гэх мэтээр. Мөн шалгуулагч аль аль асуултад буруу хариулсан гэх мэт мэдээлэл гарч ирнэ. Иргэн өдөрт нэг удаа шалгалт өгөх эрхтэй. Харин шалгалтад тэнцсэн хүмүүсийн мэдээллийг төв компьютер аваад, цааш дамжуулна.

-Эрхээ хасуулсан болон зөрчлийн оноо дууссан иргэн замын хөдөлгөөнд оролцвол ямар хариуцлага тооцох вэ?

-Эрхээ хасуулсан болон түдгэлзүүлсэн иргэд замын хөдөлгөөнд оролцсон бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу хариуцлага тооцно. Тодруулбал, зөрчлийн оноогоо хасуулсан жолооч нарыг эхний удаад сануулах арга хэмжээ авна, хоёр дахь удаад 48 мянган төгрөгөөр торгох заалттай. Харин эрхээ хасуулсан иргэдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөр торгоно.

-Өнөөдрийн байдлаар зөрчлийн оноо дууссан хэдэн жолооч байгаа вэ?

-Нийт 112 жолооч зөрчлийн оноо дууссан гэсэн бүртгэлтэй байна.

-Зөрчлийн оноо дууссан жолооч нар эрх сэргээлгэх шалгалтад хэр идэвхитэй хамрагдаж байна вэ?

-Эдгээр 112 жолоочоос хоёр хүн л шалгалтдаа хамрагдсан байна. Бусад жолооч нар цахим шалгалтдаа зайлшгүй хамрагдах шаардлагатай. Үүний тулд Service.police.gov.mn сайтад хандаж, жолоочийн лавлагаа гэсэн хэсгээс өөрийнхөө зөрчлийн оноо хэд байгаа талаар мэдээлэл авч болно. Мөн License.police.gov.mn сайт болон фэйсбүүк хуудсаар дамжуулан илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэхээр болсон. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Замын цагдаагийн газар Төв шуудан компанитай хамтран ажиллахаар болсон. Лицензийн төв дээр жолооны үнэмлэх нь гарчихсан байгаа боловч очиж авах завгүй иргэд хот дотор 2500 төгрөг, орон нутагт 3500 төгрөг төлөөд ажил болон гэрийн хаягаараа хүргүүлэн авах боломжтой. Шуудан хүргэлтийн үйлчилгээ нь иргэдийн цаг хугацаа болон санхүүгийн хувьд хэмнэттэй юм. Мөн дэлхийн бусад улс орнуудад байгаа хүмүүс олон улсын буухиа шуудангаар баримт бичгээ хүлээн авах боломжтой.

Б.ЦОГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000