Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Д.Тулга / Улстөр

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ. Энэхүү хөгжмийг XIII зууны үед анх дэлгэрсэн гэж үздэг бөгөөд тэр үеэс өнөөг хүртэл монгол түмэн хоймортоо залж, тахин дээдэлсээр иржээ. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Соёлын яам, БШУЯ, ШУА хамтран “Морин хуур-2024” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Д.Түдэв бол Монголын анхны гавьяат хуурч

Морин хуур бол монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг бөгөөд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай. Мөн айл бүр морин хууртай байхыг чухалчилж, гэрийнхээ хойморт хамгийн хүндтэй байранд залдаг. Үүнээс гадна айлд орсон хүн заавал хуурдаж, эс чаддаг нь хууранд гар хүрдэг заншилтай байжээ. Монголчуудын уламжлалт цагаан сарын баяраар айл өрх бүр тухайн жилдээ сайн явах, өвчин зовлон, хэрүүл тэмцэлгүй байхын бэлгэдэл болгон гэрийнхээ жаврыг үргээж морин хуураа татдаг гээд монгол түмний дунд морин хууртай холбоотой олон сайхан ёс заншил бий. Өчигдөр МУИС-ийн танхимд цугласан эрдэмтэн, судлаач, багш нар ч энэ тухай ярилцаж, энэхүү хөгжмийг хэрхэн хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх тухай санал бодлоо солилцож байв. Мөн морин хуурын үүсэл гарал, судалгаа,тулгамдсан асуудал зэрэг ерөнхий агуулгаас бүтсэн 14 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Эрдэм шинжилгээний хурлын салхийг хагалж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны доктор Ц.Цэрэндорж “Алдарт хуурч Д.Түдэвийн намтрын асуудалд” гэсэн илтгэлийг тавилаа. Д.Түдэв бол Монголын анхны гавьяат хэмээх эрхэм хүндлэлийг хүлээсэн хуурч ажээ. Ц.Цэрэндорж илтгэлдээ Монголын Үндэсний музейд монголчуудын хөгжмийн түүхийн нэгээхэн хэсгийг өгүүлэх морин хуур цөөнгүй бий. Эдгээрийн нэг нь ХХ зууны 1920-1930-аад оны алдарт хуурч Д.Түдэвийн ард олноо гэгээрүүлэх үйлсэд зүтгэж байхдаа хэрэглэж байсан морин хуур байдаг. Тус хуур нь уламжлалт хийцийн буюу арьсан цартай, цар, иш, толгойдоо ясан сийлбэр чимэгтэй. Хуурын өндөр 110 см, өргөн нь 27 см байдаг тухай онцолсон байна. Хуурч Д.Түдэвийн намтрыг сөхбөл, тэрээр билгийн улирлын XV жарны шороон нохой жил буюу 1898 онд хуучин Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны нутаг Гичгэнийн гол гэдэг газар бэйс Дондогжалбуугийн найм дахь хүү болон мэндэлжээ. До бэйсийнх долоон хүүхэд нь тогтоогүй учир Түдэвийг гармагц хуучны ёсыг дагаж нутаг сэлгэн нүүж, одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт суурьшсан гэдэг. Түдэв долоон настайгаасаа эхлэн хуур хөгжим сонирхон оролдох болсон тул эцэг нь хүүгийнхээ авьяас билгийг хөгжүүлэхэд анхаарч, Богдын шар хуурч хэмээн алдаршсан Дамдин-Очирт шавь оруулсан байна.

Морин хуурын бүх сургалт Г.Жамъян багшийн тавилт, арга барилаар явдаг

Харин дараагийн илтгэгч Монгол Улсын Консерваторийн Уран сайхны удирдагч, профессор Ц.Пүрэвхүү байсан юм. Тэрээр “Морин хуурын уламжлал шинчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. “Морин хуур бол Монголын урлагийн гол цөм нь юм. Жишээлбэл, уртын дууг төгөлдөр хууртай дуулбал хэрхэн сонсогдох бол. Бий биелгээг гитар дээр хийж болох уу. Үзэгчид бол сонирхоод үзэж магад. Гэвч цаад утга агуулга, мөн чанар нь юу билээ. Монголчуудын өв соёл болсон эдгээр урлагийн төрөл нь морин хууртайгаа л цогц болдог юм шүү. XIX-XX зуунд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн зарлаж, соёл урлаг, тэр дундаа үндэсний урлагаа дэмжих бодлогыг хүчтэй явуулж эхэлсэн. Морин хуур хөгжмийн хамгийн том төлөөлөгчийн нэг бол Д.Түдэв багшаас гадна их хуурч Г.Жамъян. Тэрээр Д.Түдэв багшийнхаа ардын барилаар хуурддаг аргыг системтэй сургалтын түвшинд авчрахад оройлон гар бие оролцсон хүн юм. Өнөөдөр морин хуурын бүх сургалт Г.Жамъян багшийн тавилт, арга барилаар явдаг. Морин хуур тоглож сурах хүсэлтэй хүн Г.Жамъян багшийн 1985 онд гаргасан гарын авлагыг л хэрэглэдэг. Үүнийг бид дараа нь эмхэтгэл болгож гаргасан. 1989 онд Г.Жамъян багш төрийн өндөрлөгүүдэд морин хуур хөгжмийг тусгайлан авч үзэж, дэмжлэг үзүүлэх санал тавьснаар тус хөгжмийг төрийн хан хуур болгон залж, анхны Морин хуурын чуулгын үндэс тавигдсан байдаг. Энэ үеэс хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, зөвхөн эх орондоо бус олон улсад сурталчлах олон ажлыг хийж эхэлсэн” гэсэн юм. Профессор Ц.Пүрэвхүүгийн хувьд 2002 онд Англи улсын хатан хаан II Эльезабетыг хаан ширээнд заларсны 50 жилийн ойн үеэр морин хуур бүтээж, гардуулж өгсөн хүний нэг билээ. Тухай үед хатан хаан “Би моринд их хайртай. Багаасаа морь унаж, салхи татуулан давхих дуртай байсан. Тэгэхээр морийг дээдэлсэн сайхан хөгжмийн зэмсгийг бүтээсэн Монголын ард түмэнд баярлалаа” гэж хэлж байсан тухай илтгэл тавих үеэрээ дурсамж дэлгэж ярьж байсан юм.

Таван газраас дөрвөн цаг үед холбогдох эртний хөгжмийн зэмсгүүд олдсон

Түүний дараа “Монгол Улсаас археологийн судалгааны үр дүнд илэрсэн эртний хөгжмийн зэмсгүүд” гэсэн сэдвээр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Батбаяр илтгэл хэлэлцүүллээ. Одоогийн байдлаар Монгол Улсын таван газраас дөрвөн цаг үед холбогдох эртний хөгжмийн зэмсгүүд илэрч, олдсон байдаг ажээ. Тодруулбал, эдгээр нь хамгийн баруун хязгаар буюу Ховд аймгийн Манхан сум, Увс аймгийн Зүүнхангай сумын Зам хайрхан гэдэг газар, наашлаад Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхон голын эрэг гэх газрууд юм байна. Харин хоттой хамгийн ойр нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас эртний хөгжмийн зэмсгүүд олдсон байдаг гэв.

Эдгээр зэмсгүүдийг цаг хугацааны хувьд хуваарилахад хүрэл зэвсэг, түрэг, уйгарын үед хамаарч байна гэдгийг доктор Т.Батбаяр хэллээ. Тэрээр “Хүрэл зэвсгийн үеийн олдвороос онцолбол, Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт 2018 онд малтлага хийхэд чулуун байгууламжаас гарсан ясан шүүр. Энэ шүүр нь хийцийн хувьд их энгийн. Малын чөмөгний ясыг засаж, хэлбэрт оруулсан, ойролцоогоор 12 см-ийн урттай байсан. Нэг үзүүрийг нь таглаад нөгөө үзүүрээс нь үлээхэд дуу авиа гаргадаг онцлогтой байжээ. Харин хоёр дахь онцлох олдвор бол Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас олдсон. Энэхүү олдворыг 2016 онд ШУА-ийн судалгааны анги олж, илрүүлсэн байдаг. Судалгааны явцад хүрлийн үеийн булшнаас хүний оршуулга гарсан. Тухайн оршуулгаас мөн ясан шүүр олджээ. Тус хөгжмийн зэмсэг нь мал юм уу, амьтны эвэрний ясыг янзалж хийсэн, өргөн талын амсар том, хоёр талдаа цоолсон нүхтэй хөгжмийн зэмсэг байсан” гэв. Ийнхүү эрдэмтэн судлаачид нэг өдрийн турш морин хуурын тухай өөрсдийн судалсан, сонссон бүхнээ ярилцаж, сонирхолтой сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсний эцэст бидний бусад улсаас ондооших, монгол хэмээх хамгийн том тодотгол нь морин хуурын гайхамшиг юм гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.