Дүнжингаравын дэлбэрэлтийн хохирогч Д.Нарангарав: Түрээсийн байрны асуудлыг шийдэхгүй бол бид гудамжинд гарах сонголттой нүүр тулчихлаа

Дүнжингаравын уулзварт осол болоод жил гаруй хугацаа өнгөрөөд буй ч 207 дугаар байрны оршин суугчид түрээсийн байранд амьдарсаар байгаа юм. Гэвч түрээсийн хугацаа нь энэ сарын 30-нд дуусах аж. Үүнтэй холбогдуулан тус байрны оршин суугч Д.Нарангаравтай ярилцлаа.
-Өнгөрсөн сард Дүнжингаравын осолд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгийн үеэр ямар зүйл яригдав?
-Өнгөрсөн сарын 22-нд шүүх хурал нь болсон. Миний хувьд анх удаа л шүүх хуралд сууж үзсэн. Тухайн үед прокурортойгоо хоёр тал нь маргалдах маягийн зүйл болж өнгөрсөнд үнэндээ гайхсан. Түүнээс асуудлыг яаж шийдэх талаар огт яриагүй. Дээрээс нь бид эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирсон байхад “Дашваанжил газ” ХХК-ийн өмгөөлөгчийн ярьсан нэг зүйл дээр сэтгэл өвдсөн л дөө. Өмгөөлөгч нь Онцгой байдлын гурван залууг техник нь эвдэрч гэмтсэнээс болж амиа алдсан гэж хэлж байна лээ. Гэтэл үгүй шүү дээ.
-Түрээсийн байрны хугацаа хэзээ дуусах вэ?
-Одоогоор манайх түрээсийн байранд амьдарч байгаа. Хугацаа нь энэ сарын 30-нд дуусна. Энэ талаар шат шатанд нь бид өөрсдөө гар бие оролцоод явж байгаа. Хэрэв түрээсийн байрны асуудлыг шийдэхгүй бол бид гудамжинд гарах сонголттой нүүр тулчихлаа. Бид цаашид яах вэ гээд өргөдөл, гомдлоо бичиж өгсөн. Энэ долоо хоногтоо шийдэж өгөхгүй бол байдал хүндэрнэ гэсэн үг.
Түрээсийн байр чинь манай гэр биш, айлын гэр болохоор юм хийе гэхээр хүртэл болдоггүй юм байна. Өөрийн гэр байсан бол сэтгэл гаргаад нэг юм хийнэ шүү дээ. Манай байрны эзэн нь гадаадад байдаг тулдаа л байрны эзнээс ирэх санал, гомдол байхгүй байна. Түүнээс манай байрны оршин суугчдын түрээсэлж байгаа байрны эздүүд нь хэцүүхэн хүмүүс байдаг юм билээ. Дэлбэрэлт болох үеэр манай байранд нэлээн хэдэн жирэмсэн эмэгтэй байсан. Тэдний нэг болох залуу гэр бүл байр түрээслээд амьдарч байтал байрны эзэн нь “Одоо гар, өөр хүнд түрээслэхээр болсон” гээд төрөх дөхсөн хүнийг хөөгөөд гаргасан байгаа юм. Одоо цагт хүний мөн чанар хүртэл ямар ч муухай болсон юм.
-Тендер олон удаа зарласан шүү дээ?
-Гурван тендер зарлагдсан. Тендер зарлалаа гэхээр л оршин суугч бид баярладаг юм. Гэтэл нөгөө тендерийн шалгаруулалт нь дуусаад, хаах хугацаа нь ирэнгүүт араас нь гомдол санал ирээд больчихдог. Тэгээд дахиад үргэлжлээд байдаг юм. Бид энэ байрыг хурдан нураагаад, дараагийн ажил нь хурдан шуурхай хийгдээсэй л гэж бодож байна. Гэтэл өнгөрсөн өвөлжингөө л тендер зарлалаа. Тэр нь ямар ч нэмэргүй.
-Дэлбэрэлтийн үед юу болсон талаар ярихгүй юу. Танай байрыг хэдэн хувийн шаталттай гэж үнэлсэн бэ?
-Манайх энэ байрнаас 100 хувийн шаталттай ганц айл нь. Гурван өрөө байртай байсан. Тухайн үед оймсоо ч өмсөж амжаагүй, өвлийнхөө гутлыг углаад тэр чигээрээ гарсан. Байрнаас маань юу ч үлдээгүй. Манайд гурван том хүн, гурван хүүхэд байсан. Эгч маань хоёр хүүхэдтэйгээ унтаагүй, нөгөө өрөөндөө байсан. Өрөө рүү нь хар утаа орж ирэхэд л мэдээд, хүүхдүүдээ сэрээсэн. Тэгээгүй бол араг яс болоод үлдэх байсан. Энэ үйл явдлын дараа ээжийн маань даралт хэлбэлзэж, бүгдээрээ л угаарын хордлогод орсон байсан. Гал гарсны дараа буудалд очсоны оройхон шүүх шинжилгээний эмнэлэгт шинжилгээ өг гэхээр нь хүүхдүүдээ үлдээчихээд, эгч бид хоёр өөрсдөө очиж өгсөн. Шинжилгээ авбал ядахдаа цуснаас авмаар юм. Гэвч тэгээгүй. Зүгээр л анхан шатны тусламж шиг даралт үзээд, нүд шалгаад л болчихсон. Тэгээд хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан. Ер нь босож чадахгүй болтлоо зодуулсан гэмтэлтэй хүн л гэмтлийн зэргийн мөнгө төгрөг авдаг юм билээ. Хамгийн гол нь энэ осол болоод 500гаад хоног боллоо. Тэгж байхад хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулахгүй байгаад асуудлын шалтгаан нь байна. Айл гэрт чинь өмсөж зүүхээс эхлээд аяга таваг гээд бүх юм хэрэгтэй болно. Манайх байраа 100 хувийн төлөлтөөр авч, ямар нэгэн даатгалд хамрагдаагүй байсан. 2017 оны намар энэ байранд орсон. Тэрнээс хойш авсан эд зүйл бүгд л манай хөрөнгө шүү дээ. Гэтэл үнэлгээний компани манай хөрөнгийг маш багаар үнэлсэн. Яагаад гэсэн чинь эдэлгээнийх нь хугацаа дууссан байна гэсэн. Хөл нь хугараад эвдэрчихгүй л бол модон сандлыг айлууд хэрэглэж л байдаг биз дээ. Хоёр жилийн өмнө авсан хувцсаа өнөөдөр ч гэсэн өмсөөд л явж байгаа шүү дээ. Гэтэл багаар үнэлсэнд сэтгэл хангалуун бус байгаа.
-Танай байрны хохирогчдыг иргэний нэхэмжлэгч болгосон гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-207 дугаар байрныхан бүгдээрээ хохирогч шүү дээ. Тэгэхэд иргэний нэхэмжлэгч болгосон. Ингэхээр анхан шатны хэлэлцүүлэг болсон ч бид таван үг хэлэх эрхгүй болчихож байгаа юм билээ. Хууль хяналтын байгууллага нь шалгаад, мэдээж буруутай этгээд нь гарч ирнэ л дээ. Бид өөрсдөөсөө болоод байраа шатаагаагүй. Тийм учраас дуу хоолойгоо гаргая гэхээр хаалттай. Бид хохирогч болж байж л цаашаа таван үг хэлэх эрхтэй болох юм билээ. Манайд зургаан хүн амьдардаг. Энэ хүмүүсийн сэтгэл санааны хохирол гээд тооцоологдох байтал тийм зүйл нэхэмжлэгч дээр байдаггүй юм байна. Зүгээр л өнөөдөр таван төгрөг нэхсэн бол түүнийгээ л авах ёстой юм билээ.
-Хэрэг шийдэгдэхгүй явсаар удлаа. Үүнд ямар нэгэн хардлага төрж байна уу?
-Анх энэ хэрэг прокурор дээр байхад нь очиж уулзахад “Дашваанжил газ” ХХК-ийн жолооч Ч.Рэнцэндорж, захирал Н.Баатаржав хоёрыг хохирогч нартай уулз, уулзвал ял нь хөнгөрнө гэж хэлсэн гэсэн. Гэтэл бидэнтэй ирж уулзаагүй. Уулзана гэж өөрийнхөө өмгөөлөгчөөр цаг товлуулсан хэрнээ ирээгүй. Манай байрны доор хүссэн үедээ уулзалт цуглаанаа хийгээрэй гээд оффисын өрөө хүртэл гаргаж өгсөн байхад ирээгүй. Бид тэр орой нь очоод “Та нар уулзъя гэж цагаа товлонгуутаа ирээгүй нь хохирсон иргэдийг дорд үзэж, сэтгэл санаагаар тоглож байна” гээд өргөдөл, гомдол гаргасан. Дараа нь хэвлэл мэдээлэлд өгсөн яриаг нь харахад эцэс сүүлд нь тэд буруутан биш байхад яагаад очиж уулзах ёстой юм гэсэн агуулгатай юм ярьсан байна лээ.
Осол болсон тухайн замаар өдөрт хэдэн зуун мянган машин явж байгаа. Гэтэл газын машин тэр замаар яваагүй байсан бол өнөөдөр бид сэтгэл амар амьдрах байсан. Гэтэл араас нь ийм зүйл яриад явсанд нь үнэхээр хэлэх үг ч олдохгүй байна.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
Барилгын стандартаа шинэчлээчээ. Аюултай байна ш дээ. [66.181.183.73] 2025-05-31 12:24:05
ДООД 2-3 давхар шатахад БҮХ 12 давхар байр шатачихдаа ЯАХАВДЭЭ. Энэ чинь орчин үеийн байр барих стандарт МӨН ҮҮ? Бүх Улаанбаатарыг ийм стандартаар барьж байгаа биздээ? Кх!
Стандартыг шинэчлэн тогтоогоочээ. [66.181.183.73] 2025-05-31 12:17:27
Ер нь байрыг гаднаас нь сайн шатдаг цагаан хөөсөнцөрөөр дулаалдаг СТАНДАРТ Монгол Улсад ХЭН, ямар ОНОЛЫН үндсэн дээр гаргаж нэвтрүүлсэн юм бэ? Барилгын яам уу? Ямар нэг институт буюу хүрээлэн үү? Сангийн яам уу? Засгийн газар уу? Үүнийг ОДОО олж тогтоож, цаашдаа цагаан хөөсийг ашиглаад байх уу гэдгийг ШИЙДЭХГҮЙ БОЛ ийм гал түймээр ДАХИН гарна шүү. Украйн шиг бөмбөгдөлтөнд өртвөл манай байрнууд шатаж өгнө шүү! Барилгын стандартаа шинэчлээрэй, Засгийн газар аа. ХЭЛЛЭЭ ШҮҮ!!!
Хувийн хөрөнгөөр л хохирлыг арилгах ёстой. [66.181.183.73] 2025-05-31 12:01:00
ХУВИЙН орон сууцанд ХУВИЙН компанийн цистерн дэлбэрч ХУВЬ хүмүүсийн ХУВИЙН өмчинд хохирол учруулсан. Үүнийг бүгд л ойлгож байгаа. Иймд учирсан хохирлыг ХУВИЙН хөрөнгөөр л арилгах ЁСТОЙ. Улсаас бол шүүх, прокурор л шүүн таслах ажиллагаагаа хариуцна. Тэрнээс биш ямар улсын төсвөөс ХУВЬ хүмүүсийн хохирлыг арилгах биш дээ.
Хувийн хохирлыг хувийн хөрөнгөөр л арилгах ёстой. [66.181.183.73] 2025-05-31 17:46:10
Хохирлыг тэгэж 2 шаттайгаар төрөөс төлнө гэж бодож байна уу? Би үүнд их эргэлзэж байна. Төр засагт тухайн ХУВЬ иргэд болон ХУВИЙН компанийн эд хөрөнгийн асуудал Монголыг нийтийн төрд ЯМАР ХАМААТАЙ юм бэ? Төрд метро, трамвай, цахилгаан станц барих гээд өөр зорилт өчнөөн бий.
зочин [59.153.112.217] 2025-05-31 12:50:03
Эхний ээлжинд Засаг хариуцаад иргэдээ бодох л байх. Дараа нь Засгаас гарсан мөнгийг буруутай нь тогтоогдсон этгээдээс 100 хувь гаргуулж төрд буцааж өгөх ёстой доо.
Зочин [66.181.182.34] 2025-05-30 22:07:31
Юу боллоо гэж эд нарын түрээсийн төлбөрийг төсвөөс гаргаж байдаг юм бэ. Тансаглаад хэрэггүй, гэр хороололд байдаг хамаатныдаа үнэгүй амьдраач ээ. Төрийг муулдаг хүмүүс төрөөс санхүүжилт авах эрхгүй.
Зочин [188.162.254.9] 2025-05-30 09:53:00
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад эх ороноосоо урвагч баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг зоригтой зохицуулчихна !!!!!!