ШҮҮХ ХУРАЛ: Улсын дээд шүүх гавьяат эмч П.Батчулуунд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэлээ

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Батчулууныг хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн магадлалаар шүүгдэгч П.Батчулуунд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хоёр шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа эрх зүйн дүгнэлтийг хийхдээ алдаа гаргасан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Тухайлбал, П.Батчулуун зөвшөөрлийн журмыг зохих ёсоор баримтлахгүйгээр амьгүй донороос эрхтнийг авсан нь тогтоогдсон боловч ашгийг хичээх, ялгаварлах гэх зэрэг гэмт санаа сэдлийг агуулж үйлдээгүй тул Эрүүгийн бус харин Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.108] 2025-06-05 11:31:32
Одоо тэгвэл доод шатанд буруу шүүсэн шүүгчдэд хариуцлага яаж тооцогдох вэ?
Зочин [202.55.188.108] 2025-06-05 11:32:33
Эсвэл дээд шүүх нь буруу шүүсэн юм уу
Зочин [103.212.117.174] 2025-06-05 06:45:53
Ашгүйдээ
Ж.Алтангэрэл [202.126.91.88] 2025-06-04 21:30:04
Хувь хүний хүний хувьд нь П.Батчулуун эмчийг хүндэтгэж байна. Гэхдээ эмч хүний ёс зүйг зөрчсөн нь ҮНЭН шүү..., Хүмүүс өмнөх 2 шатны шүүх буруу гэж байна. Үнэндээ энэ 2 шатны шүүх зөв шүүсэн, ял ч бага өгсөн. Харин дээд шүүх бол улс төрийн нүүдэл хийсэн. Монголд шударга зүйл гэж даанч алга даа.
Зочин [103.212.119.37] 2025-06-06 00:33:10
Тантай санал нэг байна