Нетаньяху: Ираныг уран баяжуулах ямар ч боломжгүй болгох ёстой
Израиль улс Иранд уран баяжуулах үйл явцыг зогсоохоос гадна ийм үйл ажиллагаа явуулах бүх боломжийг бүрмөсөн хаах ёстой гэж үзэж байна. Энэ талаар Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Иерусалим хотноо АНУ-ын еврейн тэргүүлэх байгууллагуудын удирдлагуудтай уулзах үеэр мэдэгджээ.
Тэрбээр хоёрдугаар сарын 11-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгийн талаар ярихдаа АНУ, Иран хоёрын хооронд хэлэлцээр байгуулагдах боломжид эргэлзэж байгаагаа дахин илэрхийлсэн байна.
Нетаньяху “Ирантай ямар нэгэн хэлэлцээр байгуулах боломжийн тухайд би эргэлзэж байгаагаа нуухгүйгээр илэрхийлсэн” хэмээн онцолжээ. Түүний хэлснийг Израилийн Засгийн газрын Тамгын газар тараасан байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Гэхдээ хэрэв хэлэлцээр байгуулагдвал Израилийн аюулгүй байдал төдийгүй АНУ, бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэд хэдэн заалтыг заавал багтаах ёстой гэж би хэлсэн.
Нэгдүгээрт, Иранд байгаа бүх баяжуулсан материалыг тус улсаас гаргах ёстой. Хоёрдугаарт, уран баяжуулах ямар ч үйл ажиллагаа байх ёсгүй. Зөвхөн үйл явцыг зогсоох биш, харин баяжуулалт хийх боломж олгодог бүх тоног төхөөрөмж, дэд бүтцийг бүрэн буулгах ёстой. Гуравдугаарт, баллистик пуужингийн асуудлыг мөн шийдвэрлэх шаардлагатай” гэж мэдэгджээ.
Оман улсад хоёрдугаар сарын 6-нд Иран, АНУ-ын хооронд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хямралыг зохицуулах асуудлаарх хэлэлцээний шинэ шат болсон байна. Ираны төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Аббас Арагчи, харин Америкийн талыг АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф ахалжээ.
Үүнээс өмнө Цагаан ордноос Ираны эсрэг хүч хэрэглэх боломжийн талаар нухацтай авч үзэж байгаагаа анхааруулж байв. Харин Израиль улс Иран нь цөмийн хөтөлбөрөө зогсоохоос гадна баллистик пуужингийн нөөцөө хязгаарлаж, Ойрхи Дорнод даяарх холбоотнуудаа дэмжихээ болих ёстой гэж хатуу байр суурь баримталж байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


































































Сэтгэгдэл