Д.Сүнжид: Эрүүл мэндийн салбар засаглал, удирдлагын хувьд тогтвортой байдлыг хангахгүй бол улс төрөөс хараат байна
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийн хүрээнд ХЭҮК-ийн дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Иргэдээс ирсэн ямар гомдол, мэдээллийг энэ удаагийн илтгэлд тусгасан бэ. Хүний эрхтэй холбоотой нэн тэргүүнд анхаарах шаардлагатай ямар асуудал байна вэ?
-ХЭҮК-ын хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх энэ удаагийн илтгэлд зургаан сэдэвт дүн шинжилгээ хийлээ. Ингэхдээ эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, шүүх шинжилгээ ба хүний эрх, олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал, хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал, жендерийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудал гэх зургаан бүлгийн хүрээнд 65 саналыг танилцуулсан.
Монгол Улсад хүний эрхийн асуудлыг ихэвчлэн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх зэрэг иргэний болон улс төрийн эрхийн хүрээнд авч үзэх нь түгээмэл. Гэвч нийгэм, соёлын эрхийг хүн өөрөө хүсээд хэрэгжүүлж чаддаггүй. Төрөөс заавал нөхцөлийг нь хангаж байж, эрхээ хамгаалах боломжтой байдаг. Тухайлбал, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэхийн тулд төрөөс эмнэлгийн байгууллага, хүний нөөц, тоног төхөөрөмж, даатгалын тогтолцоог бүрдүүлсэн байх шаардлагатай.
Хэрэв эдгээр нөхцөл хангагдахгүй бол эрүүл мэндээ хамгаалуулъя гэж хэлээд нэмэргүй. Монгол Улсын нөхцөлд амьжиргааны чанар хүний эрхийн хэрэгжилтийн суурь үзүүлэлт болж байна. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай боловсрол эзэмших, тогтвортой орлоготой байх нөхцөл бүрдээгүй тохиолдолд бусад эрхүүдийн хэрэгжилт дагаад сулрах хандлагатай байдаг.1992 оны Үндсэн хууль батлагдах үед ядуурлын түвшин 30 хувьтай байсан бол өнөөдөр 27 хувь байгаа хэдий ч тогтолцооны ядууралтай болчихсон. ХЭҮК-ын хувьд сүүлийн дөрвөн жилд дэс дарааллаар боловсрох, хөдөлмөрлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхүүдийн талаар илтгэлүүддээ тусгасан. Энэ удаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг тусгайлан авч үзэж байна. Эрүүл мэндийн тогтолцоо зургаан бүрэлдэхүүнтэй байдаг. Эдгээрт аль алинд нь асуудал байна гэж үзлээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй, чанартай, санхүүгийн хамгаалалттай байна уу гэвэл эрсдэлтэй. Хүртээмжийн тухайд орон зайн асуудал байна. Монгол Улсын тухайд суурин газартай харьцуулбал 30 хувь нь сумын төв, алслагдмал газарт амьдарч байна. Эдгээр хүмүүс яаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах вэ гэдэгт анхаарах ёстой болжээ. Энэ нь зорилтот бүлэг болох тусмаа асуудал нэмэгдэнэ. Жирэмсэн ээж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй бол нааш цааш явах зардлаас эхлээд тухайн өрхөд санхүүгийн асуудал үүсгэдэг.
-Үүнтэй холбогдуулан асуухад анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын чанар, хүртээмж ямар байна вэ?
-Шатлалын хувьд анхан шатны өрхийн эмнэлэг, сумын эмнэлгүүдийн нөхцөл байдлыг сайжруулах хэрэгтэй гэж үзсэн. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага хамгийн чухал байдаг. ХЭҮК-оос сүүлийн нэг жилийн хугацаанд түүврээр аймаг, сум, нийслэлийн 74 эрүүл мэндийн байгууллагад хяналт, шалгалт хийсэн. Ингээд аймгуудаар явахад дүр зураг нэлээд төвөгтэй байлаа л даа. Жишээлбэл, Булган аймгийн Тариат сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дархан-Уул аймгийн нэгдсэн төв эмнэлгүүдийн барилга эрүүл мэндийн байгууллага байрших боломжгүй болсон байсан. Гэвч өөр барилга байхгүй учраас ямар ч арга байхгүй. Мөн тоног төхөөрөмжийн дутагдалтай зүйлийг очсон эмнэлэг бүрийн ажилчид ярьсан. Орон нутагт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч болон сувилагчийн дутагдалтай болсон байна. Нийслэлд ч тэр сувилагч, асрагчийн дутагдалтай байсан. Үүнд бид эхнээсээ л бодох ёстой юм байна л даа. Бид эмчийг хангалттай бэлдсэн ч одоо бол сувилагчийн дутагдалтай болсон байна.
Гэвч сувилагчаа нөхөх хүний нөөцийн бодлого байхгүй гэсэн хариулт өгдөг. Учир нь дэлхий даяар сувилагчийн мэргэжил дутагдаж эхэлсэн юм байна. Тийм учраас “Хэлийг чинь сургая, байрыг чинь хангая, цалин хангалттай өгье” зэрэг таатай нөхцөлүүдийг гадаадын байгууллагууд санал болгож эхэлснээр эрүүл мэндийн салбарын боловсон хүчний гадагш чиглэсэн урсгал эрчимжих хандлага ажиглагдаж байна. Тийм учраас “Цалин бага, нөхцөл муутай газар сувилагчаар ажиллахын оронд гадагшаа явж ажиллая” гэдэг хувилбарыг сонгож байна.Харин иргэдэд үйлчилгээ авах боломжийг өргөжүүлэх зорилгоор хаана ч амьдарч байсан аль ч эмнэлгээс тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн нь давуу талтай зохицуулалт гэж үзэж байна. Гэвч асуудал нь санхүүжилт дээр үүсдэг юм байна. Жишээ нь, 2000 хүн амтай сум байлаа гэхэд байнга үзүүлдэг хэмжээг харгалзан 200 хүнээр тооцож санхүүжилт олголоо гэхэд бодит байдал дээр ойролцоох бусад сум, багийн иргэд нэмэгдэн ирж үйлчилгээ авдаг учраас санхүүжилт нь зөрөөд, өр үүсдэг. Ингээд нэг бол иргэнээс өөрөөс нь авах ёстой болно, эсвэл өр үүсгэнэ. Санхүүжилтийн 80\20-ийн зарчим төвөгтэй байгаагаас болж, бүх эмнэлгүүд өртэй байна. Тэр бүү хэл бидний явсан зарим эмнэлэгт цалингаа авч чадаагүй хүлээж байна гэсэн ажилчид хүртэл байсан.
-Төр засгийн асуудлаас болоод сайд солигдонгуут дагаад эмнэлгийн дарга нар солигддог. Үүнээс улбаалж эмнэлгийн үйл ажиллагаа доголдож, улмаар иргэдийн эрхэд халдаж байна. Энэ асуудлыг хэрхэн авч үзсэн бэ?
-Эрүүл мэндийн салбар засаглал, удирдлагын хувьд тогтвортой байдлыг хангахгүй бол улс төрөөс хараат байна. Энэ нь яаж илэрдэг вэ гэвэл, сайд солигдонгуут бодлого өөрчлөгдөж, журам өөрчлөгдөнө. Ингээд чанар стандартад нь дасан зохицох ёстой болно. Улмаар шууд эмнэлгийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Бидний эрхэд нөлөөлнө. Ийм байдлыг өөгшүүлмээргүй байна. Хамгийн мөрөөрөө, улстөржихгүй, мэргэжлийн байх ёстой салбар бол боловсрол, эрүүл мэнд хоёр. Чадахгүй байгаа хүнийг шүүдэг шалгуур гэж байгаа шүү дээ. Харин удирдлагаас хамааралтай албан тушаалтан солигдох бол маш муу үр дагавартай. Наад захын жишээ нь, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга хоёр жилд найман удаа солигдсон байна. Уг нь Эрүүл мэндийн сайд л ганцаараа улс төрөөс томилогдох ёстой. Бусдыг нь улс төрөөс биш, мэргэжлийн байгууллагуудаас томилооч ээ гэдэг саналыг манайх өгөөд байгаа.
Ийм байдалтай байхаар салбарын тогтвортой байдалд шууд нөлөөлнө. Мөн төрийн өмчийн эмнэлгүүдэд ТУЗ гэж байгууллага байдаг. Үүнийг 30 хувьд нь байгуулсан байдаг юм байна. Учир нь санал нэгдэж чадаагүй гэдэг хариултыг өгдөг. ТУЗ байгуулах үндсэн зарчим нь олон талын төлөөллийг оролцуулж, шийдвэрийг зохистой, тэнцвэртэй гаргахад оршдог. Гэтэл ТУЗ-д ЭМЯ-ны бодлого тэр чигээрээ орж ирдэг болсон гэнэ. Эцсийн эцэст ТУЗ-ийн бүрэлдэхүүн тэр чигээрээ ЭМЯ-ны төлөөлөл болж хувираад, шийдвэр гаргахад маш тэнцвэргүй байна гэдэг асуудал үүсч байна.
-Эрүүл мэндийн даатгал төлж байгаа ч эргээд хангалттай хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ хүртэж чадахгүй байна гэдэг асуудал хөндөгддөг. Энэ талаар юу ажиглагдсан бэ?
-Энэ салбарт маш их мөнгө эргэдэг. Үүнээс улбаалан ашиг сонирхол, гэмт хэрэг, зөрчлийн асуудал дагаад явдаг. Тухайлбал, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт нь хууль, журмын дагуу явагдах ёстой ч бодит байдал дээр доголдол үүссээр байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлагддаг ч оны эхээр эм, тариа тасалдчихдаг.Ингээд иргэдээс “Ийм тариа хийх хэрэгтэй, өөрсдөө ав” гэдэг. Бид анх удаа эмнэлэг байгуулаагүй. Үйл явц, юу бэлэн байх ёстойг ойлгодог хэрнээ худалдан авалт дээр ийм зүйл яриад байгаа нь зохимжгүй. Энэ бол дампуу байгаагийн илрэл гэж хэлмээр байна.
Нөгөө талаар ЭМДС-гийн тогтолцоо нь сайжраад, нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжсэн нь сайн гэж үзсэн. Гэхдээ хувь хүнээс гарч байгаа зардал нь 49 хувь болсон. Энэ бол өндөр хувь. Улмаар өрхийн амьжиргааны чадварт шууд нөлөөлнө. Ингээд төлж чадахаар бол үйлчилгээ авна, чадахааргүй бол архаг өвчтэй болох эрсдэлтэй болно. Тухайн үедээ хийлгэх эмчилгээгээ хийлгэхгүй явсаар байгаад нэг мэдэхэд архаг өвчтэй болчихдог. Мөн эрүүл мэндийн даатгалыг төлөхгүй гэсэн бодолтой иргэд нэмэгдэж байна. Эрүүл мэндийн даатгал төлсөн ч би өөрөө л эмчилгээний зардлаа төлөх юм биш үү гэдэг хандлагатай болсон. Гэхдээ энэ бол аюултай. Ахмадуудын тэтгэврийг одоо бид төлж байгаа шүү дээ. Бид ийм системээр явдаг. Тэр үед нь өөрийгөө болгочихно гэвэл энэ систем ажиллахгүй. Мөн нийгмийн эрүүл мэнд хамгийн чухал. Нийгмийн эрүүл мэнд бий болсноор бүх нийтээрээ дадал хэвшилтэй болж, эрүүл амьдрах хэв маягтай болно. Өдий хүртэл манай тогтолцоо өвдсөний дараа нь эмчилье гэж явсаар ирсэн. Нийгмийн эрүүл мэндэд огт санхүүжилт өгдөггүй юм байна. Нэг журамтай ч, тэрийгээ батлаагүй. Гэтэл суурь зүйл нь нийгмийн эрүүл мэнд шүү дээ.
-Эрүүл мэндийн салбарыг тойрсон энэ бүх асуудлыг дүгнэвэл иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадаж байна уу?
-Иргэний хувд эрүүл мэндээ хамгаалуулах тусламж үйлчилгээ авч чадаж байна уу гэхэд бүгдэд нь хагас хариу өгч байна. Тиймээс суурь салбартаа тууштай бодлого баримталмаар байна. Дэлхий дахинд улс орнууд AI-аар хагалгаагаа хийлгэх тухай ярьж байхад манайх хамгийн хямд үнээр технологи авна гээд ярьж байна. Тэр нь 10 жилийн өмнө сайн байсан байж болно. Гэтэл дэлхий цаг, минутаар урагшилж байхад бид ийм зүйл яриад байж болохгүй.Тиймээс хурдан дасан зохицож, өөрсдийн шинэчлэлээ хийж, ужгирсан олон асуудлаа шийдмээр байна.
Г.БАЛГАРМАА
Г.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: Өдрийн сонин

































































Сэтгэгдэл