Сэтгүүлч М.Батдорж сангийн нэрэмжит уралдааныг зарлалаа
“Сэтгүүлч М.Батдорж” сангаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг нийтлэлийн уралдаанаа зарлалаа.
Жил бүрийн гуравдугаар сарын 6-нд буюу “Үндэсний сэтгүүл зүйн өдөр”-өөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд уралдаан зарлаж, тавдугаар сарын 3-нд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-өөр ялагчийг тодруулдаг уламжлал тогтсон юм. Тэгвэл 13 дахь удаагийн нийтлэлийн уралдааныг “Монгол” хэмээх сэдвийн хүрээнд зарлаж байгаа бөгөөд уралдаан хоёр үе шаттай үргэлжилж, тэргүүн байрын эзэн бүтэн жилийн сургалтын тэтгэлгийн эзэн болно.
“Сэтгүүлч М.Батдорж” санг 2013 онд байгуулсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой. “Сэтгүүлч М.Батдорж” сан өнгөрсөн 12 жилийн хугацаанд 12 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 50 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 56 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сэтгүүл зүйн салбарын оюутнуудыг дэмжих чиглэлд зориулжээ.
Ташрамд дурдахад, “Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит 12 дахь удаагийн уралдаанд МУИС-ийн сэтгүүл зүйн ангийн оюутан Д.Халиунаа тэргүүн байрын эзэн болж, бүтэн жилийн сургалтын тэтгэлгийн эзэн болж байв. Түүний хувьд уралдааны нэгдүгээр шатанд “Сэтгүүлч хэнд хэрэгтэй вэ” эссэгээр оролцсон бол хоёрдугаар шатанд “Дуу чимээний бохирдол” бүтээлээрээ оролцож, шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан байна.
































































Сэтгэгдэл