Б.Бат-Эрдэнэ: "Үлгэрлэл дээрээс эхэлнэ" гэдэг зарчмаар төрийн тэргүүнээсээ эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд бүгд зөв үлгэрлэх ёстой

Aдмин / Нүүр

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Таны хүмүүжил, амьдралын суурь үнэт зүйлсийн талаар яриагаа эхэлье. Та ямар зарчимтай өсөж хүмүүжсэн бэ?

-Бидний олж авсан хүмүүжил бол их тодорхой суурь үзэлтэй. “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг зарчимтай. Аав минь “Хүн нэрээ бодож явах ёстой. Хүн нэрээ, тогос шувуу өдөө” гэж сургасан. Энэ нь алдар цол хөөцөлдөх тухай биш, харин хүний нэр төр гэдэг насан туршийн үнэ цэнэтэй зүйл гэдгийг хэлж байгаа юм. Нэг идэх хоол бол хагас өдрийнх, нэг өмсөх хувцас бол хагас жилийнх, харин олдсон нэр бол насны хань гэдэг. Бие үхэж болно, нэр үлддэг гэж л захидаг байсан.

-Таны энэ хүмүүжил өнөөгийн нийгэмтэй хэрхэн нийцэж байна вэ. Өнөөдөр дээр дооргүй ёс зүй ярих боллоо?

-Шулуухан хэлэхэд, 1990 оноос хойших Монголд бий болсон зарим үзэл, хандлага надтай ер таардаггүй. Байнгын зөрчилддөг. Би 20 жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа ч үүнийг мэдэрсэн. Миний баримталж ирсэн зарчим, бусад хүмүүсийн байр суурь, ааш авир огт нийцдэггүй байсан. Яагаад гэвэл ихэнхдээ амин хувиа хичээдэг хандлага давамгайлсан. Өндөр албан тушаалд очмогцоо эхнэр, нөхөр, үр хүүхдээ төрийн удирдах албан тушаалд томилдог, феодалын угсаа залгамжлах ёс мэт байдал газар авсан. Дээрээс нь төрийн албыг ашиглаж хувийн бизнесээ дэмждэг, төсвийн мөнгө, тендер, зээл, бонд, бүр цаашлаад улсын баялгийг хүртэл гадна, дотныхонтой нийлж завшдаг асуудал бий болсон. Үндсэн шалтгаан нь монголчуудын олон зуун жил баримталж ирсэн үүргийн сэтгэлгээ алдагдсанд байгаа юм. Өөрөөр хэлбэл “Би үүргээ сайн биелүүлбэл миний эрх аяндаа хангагдана” гэдэг ойлголт байхгүй болсон.

Харин зөвхөн хувийн эрх ашгаа урьтал болгодог болсон. Жишээ нь, нэг удаа УИХ-д ороод гарсан хүн Хөгжлийн банкнаас хэдэн арван тэрбум төгрөгийн зээл авчихсан, бусад сангуудаас боломжит бүх мөнгийг авчихсан байгаа юм. Одоо бүр хэдэн зуун тэрбум, их наядаар хулгай яригддаг болсон. Тэр их мөнгөний дунд жижиг мэт харагдаад, асуудлууд нь дарагдаж алга болдог. Энэ бол байж болохгүй асуудал.

-Хорь гаруй жил парламентад ажиллах хугацаандаа та ямар зарчим баримталж ирсэн бэ. Бусад хүмүүсийн зарчимтай нийлдэггүй байсан гэж байна?

-Би таван удаа УИХ-д сонгогдохдоо нэг л байр суурь барьж ирсэн. Ард түмний төлөө тангараг өргөсөн бол тэр тангарагтаа үнэнч байх ёстой. Хувийн эрх ашиг хөөцөлдөхөөс хол байх ёстой гэж байнга шаарддаг байсан. Өөрөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, зөвийн үлгэртэй ажилласан. Зөвхөн яриад зогсохгүй, энэ зарчмыг хэвшүүлэхийн төлөө тэмцэж, шахаж, шаардсаар ирсэн хүн. Тиймээс миний энэ байр суурь, үйл ажиллагааг харгалзан үзэж хоёр бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал хариуцсан дэд хороо, байнгын хорооны даргаар ажиллуулсан. Сүүлд Сахилга, ёс зүй, хариуцлагын байнгын хороо болгож өргөжүүлсэн байдаг. Бидний баримталсан гол зарчим бол “Үлгэрлэл дээрээс эхэлнэ” гэсэн зөв зарчим юм. Айлд аав, ээж, ах, эгч үлгэрлэдэгтэй адил төрд ч адилхан. Төрийн тэргүүнээсээ эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд бүгд зөв үлгэрлэх ёстой. “Шатыг дээрээс нь шүүрдэнэ” гэдэг зарчмыг тавьсан. Ингээд УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрэм, хуулийг батлуулж чадсан. Энэ бол цаашид төрийн ёс зүйг төлөвшүүлэхэд чухал алхам болсон гэж үздэг. Миний хувьд шатны гишгүүрийг дээрээсээ шүүрдэх буюу өөрсдөөсөө эхлэх ёстой гэж үзсэн. Тиймээс эхлээд УИХ-ын гишүүдийнхээ ёс зүйн хуулийг шинэчилсэн найруулгаар өөрчлөн батлуулсан. Үүний дараа төрийн албаны ёс зүйн тухай хуулийг баталж, цаашлаад авлига, ашиг сонирхлын зөрчил, цагаан захтнуудын хэрэгт оногдуулах Эрүүгийн хариуцлагыг чангатгасан. Өмнө нь бол авлигын хэрэгт холбогдсон хүмүүс 1-2 жил ял аваад, хорих ангид бараг л зөөлөн нөхцөлд байж байгаад гарчихдаг байсан. Зарим нь гадна худгийн харуул хийж, зарим нь хорихын номын сан хариуцаж байгаад гарчихдаг байсан. Харин одоо бол 12-20 жилийн хорих ялтай, ямар нэгэн хөнгөлөлтгүй, магадлангаар суллагдахгүй, өршөөлд хамрагдахгүй болсон. Энэ бол бодлогын том өөрчлөлт. Мөн төрийн төсвийн хөрөнгийг гамгүй зарцуулж, тансагладаг байдлыг халах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлуулсан. Мөн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тухай хуулийг ч баталсан. Энэ хуулиар миний олон жил шүүмжилж ирсэн нэг асуудлыг шийдэхийг зорьсон юм. Тэр нь албан тушаалд очоод ёс юм шиг эхнэр, нөхөр, үр хүүхдээ төрийн удирдах албан тушаалд томилдог байдлыг зогсоох. Гэвч энэ хуулийг батлах явцад зориуд “цоорхой” гаргасан. Тухайлбал, 18 нас хүртэлх хүүхдийг л хамруулна гэж заасан. Ингэснээр 18-аас дээш насных нь хүүхдүүдийг албан тушаалд томилох боломжийг нээж өгсөн гэсэн үг. Үнэндээ энэ бол монголчуудийн дарга шүтэх үзлийг ашиглан дүр эсгэж амьдарч ирсэн аминч бэртэгчин тодорхой хүмүүсийн лобби. Өөрсдийнхөө гэр бүлийг төрийн удирдах албан тушаалд байлгах сонирхолтой хүмүүс ийм заалт оруулсан. Би тухайн үед энэ асуудлыг чуулганы танхимд, намын дарга, Ерөнхий сайдад ил тод хэлж байсан.

-Төрийн хүний ёс зүйгээс эхлээд улстөрчдийн хулгай, луйвар, нам харгалзахгүй нэгдэн идэж уудаг байдал үнэхээр газар авч байна. Энэ утгаараа ирээдүйд нөхцөл байдал сайжирна гэж та харж байна уу?

-Монголын заяа их гэж ярьдаг, нэг талаар уужуухан хандаж явна. Гэхдээ бодит байдал дээр харахад эмзэглэмээр. Энэ бол ганц нэг газарт гарсан асуудал биш, бүхэлдээ нийгмийг хамарсан “тал газрын үер” шиг болчихлоо. Нэг газраар орж ирсэн үерийг хааж, чиглэлийг нь өөрчилж болдог. Тиймээс бүх түвшинд нь засаж, залруулахын төлөө ажиллах шаардлагатай.

-Таны хувьд одоо ямар ажил хийж байна вэ?

-Одоогоор улс төрөөс зайдуу байна. Өөрийн санаачилгаар байгуулсан "Аварга" сургууль дээрээ ажиллаж байгаа. Мөн нийгмийн гэгээрлийн чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Цаашид ч энэ чиглэлдээ илүү анхаарч ажиллана гэж бодож байгаа. Одоо бол ерөнхий боловсролын сургуулиуд, Их дээд сургуулиуд, эмнэлэг зэрэг байгууллагуудад урилгаар лекц уншиж, уулзалт хийж явж байна. Нийгмийн гэгээрэл, хүмүүжил, ёс зүйн асуудлаар хүмүүсийн ойлголтыг сайжруулах чиглэлд ажиллаж байна даа.

-УИХ-ын гишүүдийн хариуцлага, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр та ямар байр суурьтай байсан бэ?

-Миний хувьд 20 жилийн турш тууштай тодорхой байр суурьтай байсан. Хэрвээ УИХ-ын гишүүн хэрэгт холбогдсон бол прокурорын хяналт дор хуулийн байгууллага шалгадаг. Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн бол УИХ шууд хүлээж авч, шалгуулах боломжийг нь нээж өгөх ёстой. Гэтэл бодит байдал дээр УИХ дотроо бие биеэ хаацайлж, “Муур хулгана” шиг тойрч гүйдэг байдал гардаг. Энэ бол байж болохгүй. Миний хувьд өөр зарчим баримталж ирсэн. Хэрвээ миний нэр ямар нэгэн байдлаар хувьдаа давуу байдал бий болгож нийтийн эрх ашгийг хохироосон улсын хөрөнгө мөнгө, зээл, төсөл тендер авсан авлига ашиг сонирхлын хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гарсан даруй би өөрөө шууд хуулийн байгууллагад хүсэлт гаргаж шалгуулдаг. “Хэрвээ би буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлагаа хүлээнэ, худал гүтгэлэг бол үнэн мөнийг тогтоож өгөөч” гэдэг шаардлага тавьдаг. Ийм байдлаар олон асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж шүүхээр эцэслүүлж, цэгцэлж байсан. Энэ бол зөвхөн өөрийнхөө нэр төрийг бодсон хэрэг биш, надад итгэлээ өгсөн иргэд сонгогчид, нам хамт олон, монгол төрийн нэр хүндийг хамгаалж байгаа хэрэг.

-Ямар нэгэн асуудалд нэр холбогдсон л бол өөрөө очоод шалгуулаад, эцэслүүлдэг байсан гэж ойлголоо. Энэ зөв жишиг болсон баймаар юм. Таны энэ жишиг бусад гишүүдэд нөлөөлж чадсан уу?

-Харамсалтай нь наанаа аман дээрээ дэмждэг ч, ажил хэрэг болгодог нь цөөн. Энэ бол ам ажил үг үйлдэл хоёр нь зөрдөг хүний шинж манай улстөрчдийн айхтар сул тал юм. Би УИХ-ын гишүүн байхдаа Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Тэр үед прокуророос гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал орж ирэхэд нам, танил тал харгалзахгүйгээр зарчмын дагуу хандаж ирсэн. Надтай олон жил хамт ажилласан хэчнээн дотно танил хүн байсан ч ялгаагүй. Хэрвээ хэрэгт холбогдсон бол шалгуулах ёстой гэсэн байр сууриа хатуу баримталдаг байсан. Миний энэ байр суурь үе үеийн УИХ-ын гишүүдэд тодорхой ойлгомжтой байдаг байсан учраас надтай ажиллах шаардлагагүй намын бүлэг дарга нараас нөлөөлөх юмгүй байдаг байсан. Нөгөөтэйгүүр хуулийг зориуд саармагжуулсан, хоёрдмол болгосон заалтууд орсон. Түрүүн хэлсэн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд 18 насаар хязгаар тавьсантай адил, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр ч ийм “цоорхой” хийсэн. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр хуулийн байгууллага шалгаж болно гэсэн зохицуулалт оруулсан. Ингэснээр гишүүн нь албан тушаалдаа хэвээрээ байж, нөлөөллөө ашиглах боломжтой болчихож байгаа юм. Энэ бол хуулийг зориуд дампууруулж байгаа хэлбэр.

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн тухайд?

-Миний бодлоор дээр дурдсан хууль эрх зүйн хоёрдмол байдлыг нэг мөр болгох ёс зүй, хариуцлагыг чангатгах чиглэлээр Ерөнхийлөгч хууль санаачилж байгаа нь ийм гажуудлыг засах зорилготой байх. Гэтэл одоо бүр эсрэгээрээ, гишүүд өөрсдийгөө хамгаалах чиглэлийн санаачилгууд гаргах тухай яригдаж байна. Дөрвөн жилийн хугацаанд авлига, ашиг сонирхлын зөрчлөөр шалгуулахгүй байх гэх мэт яриа хүртэл гарч байна. Энэ бол байж таарахгүй юм.

-Та нийгмийн ёс суртахууны доройтол, төрийн үлгэрлэл хоёрын холбоог хэрхэн харж байна вэ. Өөрөөр хэлбэл, ямар ард түмэн байна, тийм л төр байдаг гэж ярьдаг?

-Энэ бүхэн дээд түвшний үлгэрлэлтэй шууд холбоотой. Өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэл, утаа, ядуурал, стресс, бухимдал гээд бүх асуудлын цаана улс орныг хамарсан баян хоосны ялгаа туйлдаа хүрсэн, нийгмийн ёс суртахууны уналт явж байна. Монгол хүн монгол хүнээ хүндлэхээ больж байна. Хайрлах сэтгэл суларч байна. Мэндлэхээ ч больж байна. Талархахаа бүр больсон. Уг нь бид уужуу, тэвчээртэй, бие биедээ хүндэтгэлтэй, хайр талархалтай ард түмэн байсан. Яагаад ийм болсон бэ гэвэл сүүлийн 30 гаруй жил төрийн өндөр албан тушаал хашсан хүмүүсийн үлгэрлэл ямар байсантай шууд холбоотой. Төр гэдэг чинь айлын аав, ээжтэй адил. Хэрэв аав, ээж нь хувиа хичээдэг, архи уудаг, гэр орныхоо эд зүйлсийг зараад үрээд, өрөнд оруулаад байвал тэр айлын амьдрал ямар байх вэ, хүүхдүүд яаж хүмүүжих вэ, аав, ээжээ хүндлэх үү. Яг түүнтэй адил төрийн удирдлагууд хувиа хичээж авлига, ашиг сонирхол хөөцөлдөж, ард түмнээ үл тоомсорлож, доромжилж, дэндүү элэг барьж байна. Энэ бүхэнд чинь ард түмэн гомдож цөхрөнгөө барж байна. Ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж, өөрсдөө чадахаараа бухимдаж, өөр хоорондоо эв эеэ алдаж толхилцож байна. Өөрсдийнхөө удам залгах үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээ ч биелүүлэхээ байлаа амьдралынхаа төлөө ажиллах хөдөлмөрлөх ямар ч сонирхолгүй боллоо. Энэ бол аюул шүү. Би УИХ-д ажиллаж байхдаа ард түмэн бидний бодлогын алдааг уучилна. Харин буруу үлгэрлэл, амин хувиа хичээсэн арчаагүй байдал, хувьдаа давуу байдал бий болгож бусдын боломжийг хулгайлдаг, авлига ашиг сонирхлын зөрчлийг чинь хэзээ ч уучлахгүй шүү гэдгийг байнга хэлдэг байсан.

-Урьд нь монголчууд “Хүнд өгөхдөө хамгийн сайнаа өгнө” гэж боддог байсан. Харин одоо эсрэгээрээ аль болох хямд, өөрт ашигтай байхыг л боддог болж, тийм үү?

-Энэ чинь өөрөө монгол хүний мөн чанар алдагдаж байгаагийн илрэл. Үүнд анхаарч байгаа хүн ч цөөхөн байна. Тийм учраас би хэлдэг, дээд түвшинд байгаа хүмүүс л зөвийн үлгэр манлайлал үзүүлэх ёстой. Та сая хэллээ ямар ард түмэн байна, тийм төр байна гэж ярьдаг гэж. Миний хувьд энэ байр суурийг дэмждэггүй. Харин ч эсрэгээрээ ямар төр байна, тийм ард түмэн байна гэж үздэг. Айл гэрт аав, ээж нь үлгэрлэдэгтэй адил улс оронд төр нь аав нь байх ёстой. Хэрвээ ямар хүүхэд байна, тийм эцэг эх байна гэж хэлэх үү. Үгүй шүү дээ. Харин ямар эцэг эх байна, тийм хүүхэд байна гэж хэлнэ. Түүнтэй яг адил. Сүүлийн 30 гаруй жилд янз бүрийн гадны нөлөө, үзэл суртал, “тархи угаалт” ч гэж хэлж болохоор зүйлс их орж ирсэн. Тэр дундаас ийм буруу ойлголтууд ч түгсэн. Монголын тухай гадны аялагчид, жуулчдын бичсэн тэмдэглэлүүдийг харахад их сонин. Нэг үед “монголчууд үнэхээр сайхан ард түмэн, хулгай худал байхгүй, бие биедээ хүндэтгэлтэй” гэж бичсэн байдаг. Харин өөр нэг үед “шуналтай, бэлэг өгөхгүй бол ажил бүтэхгүй, бүр аюултай” гэх мэт муу талаас нь бичсэн байдаг. Яагаад ийм ялгаа гарч байна вэ гэхээр тухайн үеийн төр, удирдагчид ямар байсантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, төр нь зөв, үлгэр жишээ байвал ард түмэн нь ч тийм байдаг. Харин төр нь завхарвал нийгэм бүхэлдээ дагаад доройтдог. “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ”, “Нэр үлдэнэ, бие үхнэ” гэдэг зарчмаар явж ирсэн гэдгээ би дээр хэлсэн. Энэ бол зөвхөн миний нэр биш, миний удам угсаа, үр хүүхдийн нэр хүндийн асуудал. Хэрвээ төрд байгаа хүмүүс ийм ухамсартай байсан бол өнөөдрийн Монгол өөр байх байсан гэж би боддог. Гэхдээ зөвхөн төрийг өөрчлөгдөхийг хүлээх биш, бид өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй. Нэгэнт тал газрын үер шиг нөхцөл байдал бий болсон болохоор бүгдээрээ оролцож засч залруулах ёстой. Тийм учраас би нийгмийн гэгээрлийн чиглэлээр ажиллаж, өөрийн туулсан амьдрал, үзэл бодлоороо хүмүүст хүрэхийг зорьж байна.

-Амьдрал дээр нэг өөр, улс төрд нэг өөр зарчим баримтална гэж байхгүй байх. Хүний барьдаг зарчим улс төр дээр ч, тэр амьдрал дээр ч тэр ялгаагүй болов уу. Ер нь таны зарчим таны амьдралд нөлөөлдөг жишээ олон байгаа байх. Та нэг жишээ хэлэхгүй юу?

-Маш их нөлөөлсөн. Би 1997 оноос 2006 он хүртэл Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаанд олон сайн багш, тамирчидтай хамтарч ажилласан байдаг. Тухайлбал, Ц.Насантогтох, Ц.Дамдин зэрэг хүмүүс, мөн гадаадад боловсрол эзэмшсэн олон залуустай хамтран ажилласан. Бидний зорилго бол Монголын жүдог шинэ шатанд гаргах байсан. Тэр үед ч бас нэг зарчим баримталж байсан нь зөв суурь, зөв хүмүүжил дээр л амжилт тогтдог гэж. Энэ зарчим улс төр, нийгэмд ч адилхан үйлчилнэ. Манайд өмнө нь жүдо гэдэг нэртэй ч үнэндээ Оросын самбогийн суурьтай явж байсан. Тэгэхээр бид “Жүдог жүдогоор нь хөгжүүлье” гэж зорьсон. Өөрөөр хэлбэл, Японы анхдагч философи, үзэл санаан дээр нь тулгуурлаж хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Жүдогийн цаад утга нь зөвхөн барилдаан биш. Хүндлэл, хамтын хөгжил, бие биеэ дэмжих, сахилга бат, цэвэр цэмцгэр байдал, дэг журам гээд бүхэл бүтэн хүмүүжил байдаг. Амиа хичээж бие биенээ тохойлдож урд нь гарах биш, харин тохойноос нь дэмжиж хамтдаа урагшлах философи. Тиймээс бид Японоос мэргэжилтэн багш, сургалтын хөтөлбөр авчирч, материаллаг баазаа бэхжүүлж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн. Үүнтэй уялдуулаад “Аварга” сургуулийг байгуулсан. Улмаар маш тодорхой үр дүн гарсан. Арван жилийн дотор бид жүдогоос анхны олимпийн аваргаа төрүүлсэн. Тэр бол Найдангийн Түвшинбаяр. Мөн 1971 оноос хойш Монголын жүдочид дэлхийн аваргад оролцож байсан ч аварга төрж байгаагүй. Харин манай сургуулиас Хашбаатарын Цагаанбаатар, Ганбатын Болдбаатар зэрэг тамирчид төрж, дэлхийн аварга, олимпийн аварга, олимпийн хос медальтнуудтай болсон. Өнөөдөр жүдогийн холбооны олон шүүгч, дасгалжуулагч, шигшээ багийн бүрэлдэхүүнд манай сургуулийн төгсөгчид ажиллаж байна.

-Энэ амжилтын гол нууц нь таны ярьдаг зарчим, амьдралын суурь хүмүүжил байх, тийм үү?

Тийм ээ. Энэ нэг их төвөгтэй зүйл биш. Гурван суурь зарчим л бий шүү дээ. Нэгдүгээрт, харилцаа, хандлага, хүндлэл. Хоёрдугаарт, эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдал, соёл. Гуравдугаарт, хариуцлага, зохион байгуулалт. Эдгээрийг тогтоочихвол хөрөнгө мөнгө их шаардахгүйгээр байгууллага аяндаа урагшилдаг. Хамт олон дотроо зөв уур амьсгал эерэг орчин бүрдүүлж чадвал хүмүүс өөрсдөө татагдаж ирдэг. Энэ утгаараа өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотод 80 гаруй жүдо клуб, секц ажиллаж байна. Тэнд олон мянган хүүхэд, залуус хичээллэж, зарим нь амьдралынхаа утга учрыг жүдогоос олж байна. Тэдгээр клүбүүдэд яг нөгөө хүндлэл, сахилга бат, соёл, хариуцлага бий учраас хүмүүс татагддаг. Сонирхолтой нь, одоо жүдогийн зарим сургалтын төлбөр балет зэрэг элит сургалтын түвшинд хүрсэн байна. Сарын 400 мянган төгрөг ч төлдөг болсон. Гэтэл нөгөө талд нь чөлөөт бөхийн төлбөртэй дугуйлан хичээллүүлж чадахгүй байна. Энэ ялгаа их зүйл хэлнэ. Гол нь ямар орчин, ямар хандлага бүрдүүлж байна вэ гэдэг.

"БИ НИЙГМИЙГ ЗАСАХ ГОЛ ГАРЦ НЬ ЗӨВ ХАНДЛАГА, ЗӨВ ХҮМҮҮЖИЛ ГЭЖ ХАРДАГ"

Таны хэлж байгаа амьдралын зарчим, ер нь таны суурь хүмүүжил зөв байсан учраас л салбар болгонд үр дүн, амжилт гаргаж чадсан болов уу гэж бодогдлоо. Нөгөөтэйгүүр та ер нь хэр шүтлэгтэй хүн бэ. Таны хүмүүжилд шашин, уламжлал хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ?

-Би Өндөрхаан хотод төрсөн. Манай ээж айлын ганц охин, дээр нь төрсөн хоёр хүү нь тогтоогүй учраас их онцгой хувь тавилантай хүн байсан. Миний өвөө Агийн Даржаа гэдэг агь тарнийн номд мэргэшсэн хүн байж. Манай нутагт Хүүхэн хутагтын хүрээ гэж агь тарнийн ёсны том хийд байсан. Ээжийг маань төрөхөд өвөө маань өөрийн зиндааны лам хүүхэн хутагтад өвөртөлж аваачаад өгсөн гэдэг. Ээж маань 15,16 нас хүртлээ тэр хүрээнд өссөн. Тийм болохоор манай гэр бүл шашин, соёлтой ойр байсан. Ээж минь надад багаас их чухал захиас өгсөн. “Өглөө болгон аав, ээжийгээ бодож, баруун мөрөн дээр чинь аав, зүүн мөрөн дээр чинь ээж нь байна гэж бодож бай. Аав ээж нь чамайг харж явдаг” гэж. Би өнөөдөр ч энэ бодлоо хадгалж явдаг. Зөвхөн аав, ээж төдийгүй эх орон, ард түмэн зөв явааг минь харж байгаа гэж боддог. Энэ нь хүнийг буруу зүйл хийхээс өөрөө хорьж байдаг.

-Таныг буддын шашинд их ойр явдаг гэж ярьдаг. Төрд ажиллах хугацаандаа ч буддын шашныг дэмжиж, томоохон сүм, хийдүүдийг сэргээн засварлах, шашинтай холбоотой түүхэн өв, соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх үйлсийг их хийсэн гэдэг. Энэ талаараа та хуучлахгүй юу?

-Манай ээжийн найз Дугаржав гэж буурай байсан. Тэр хүн Шашны дээд сургуульд ажилладаг байсан юм. Ээж маань надад ярьдаг байлаа. 1979 онд Далай лам Монголд ирэхэд очиж мөргөж байсан гэж. Ээжийн мөрөөдөл хүртэл намайг шашны дээд сургуульд оруулах байсан. Гэхдээ амьдрал өөр замаар явсан. Биднийг багадаа аав ээж минь нутгийн Лувсанцэрэн гуайнд сар шинээр золгуулдаг тэр өвөө гэрийн гадаа байх чингэлгэнд нэг нэгээр нь оруулж баринтагтай их нандин зүйлд мөргүүлдэг байсан. Сүүлд мэдэхэд Лувсанцэрэн өвөө Балданбэрээвэн хийдийн мянган гавжийн нэг арван жил шоронд яваад ирсэн эрдэм чадалтай шашин амьтны тусыг бүтээсэн хүн байсан. Тэр хийд чинь нэг үе 3000 ламтай, мянга гаруй гавжтай, маш том шашин соёлын төв байсан газар шүү дээ. Тэнд хандмаа нарын хийдтэй байсан зочи Туваанжав буурай бас баригдаж яваад ирсэн Товуужав гавж гээд олон сайхан улс байлаа. Намайг багад аймгийн төв дээр будагчин Ишжамц гуайнхтай нэг гудамжинд байсан, сүүлд мэдэх нь ээ хүрээ хийдэд сууж байсан цамын баг урладаг бурхан бүтээдэг хүн байжээ. Ишжамц гуайн хийсэн шинэ жилийн алиалагчийн баг, арван хоёр жилийн амьтны баг тэргүүтнийг үзэж гайхаж биширч өссөн. Жинхэнэ гарын ур ухаантай, хүүхдийн ертөнцөд хүртэл дурсамж үлдээсэн хүн байсан. Манай нутгийн мэргэн шовгор гэж алдаршсан эрдэм чадалтай сайхан хүн байлаа. Манайх унд устай айл болохоор хүмүүс их цугладаг, янз бүрийн дүр байдлаар морилсон дээдэс бодисатва байж мэдэх олон хүмүүстэй ойр байсан. Ийм олон өнгийн, сонин түүхтэй хүмүүсийн дунд би өссөн дөө. Би хүн зөв хүмүүжил, зөв үнэт зүйлтэй байхад гаднаас хянах шаардлага бага болдог. Өөрөө өөрийгөө хянадаг. Тийм учраас би нийгмийг засах гол гарц нь зөв хандлага, зөв хүмүүжил гэж хардаг. Энэ нь гэр бүл, уламжлал, соёл, итгэл үнэмшлээс эхэлдэг.

-Та бага нас, нутаг орон, Балданбэрээвэн хийдийн тухай дурсамжаа үргэлжлүүлэн ярихгүй юу?

-Дэлгэрхаан суманд тавдугаар ангид байх үе байсан. Манай аав мухар УАЗ барьдаг жолооч. Тэгээд Дэлгэрхаан сумаас амралтын ахмад хүмүүсийг Өмнөдэлгэр рүү, Балданбэрээвэнд далий ягаан цэцгэнд суулгана гээд авч явсан. Тэр үед Балданбэрээвэн хийдийн туурь гэж ердөө дөрвөн хананы үлдэгдэл л байсан. Гол цогчин дуганы босгон дээр намайг мөргүүлж байсан юм. Аав маань хүүхэд байхдаа Заяын хүрээнд шавилж, шашин номонд ойрхон байсан болохоор нэгийг бодсон хэрэг. Сүүлд бодоход их ерөөл барилдлагатай утга учиртай учрал тохиол байсан билээ.

-Балданбэрээвэн хийдийн сэргээн босголтын тухайд та яаж оролцож байсан юм бэ?

-1990-ээд оноос хойш Балданбэрээвэн хийдийг сэргээх санаачилга гарсан. Тэр үед эгч, хүргэн ахтай нэг анги төгссөн Жагдаг ах нэг удаа Германаас яриад “Америк хүн ирнэ, сэргээн засварлалт хийнэ тосож аваад туслаарай" гэж хэлээд, бид хүлээж аваад газар дээр нь авч очиж байсан. Тэгээд Польш гаралтай Марк гэдэг хүн ирж, хийд дээр тодорхой ажил хийсэн. Гэхдээ тэр үед ажил бүрэн урагшилж чадаагүй. 2004 онд би УИХ-ын гишүүн болсны дараа энэ ажлыг илүү бодитой болгох боломж бүрдсэн. Балданбэрээвэн хийдийг зөвхөн шашны газар биш, аялал жуулчлалын томоохон брэнд болгох ёстой гэж үзсэн. Тэгээд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган зэрэг төслүүдтэй хамт улсын төсвөөс хөрөнгө шийдүүлж эхэлсэн. Тухайн үед Г.Занданшатар бидний хэдэн гишүүд нэлээн ажиллаж байж төсөв батлуулж байсан. Төв Гандан хийдийн Батцагаан дуган дээр илүү их хэмжээний хөрөнгө оруулалт шийдүүлж Балданбэрээвэн хийдийн гол цогчин дуганыг сэргээхэд нэг тэрбум төгрөг төсөвт тусгуулж байсан. Мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, социализмын үеийн сэргээн засварын туршлагатай Энх-Уяа захиралтай "Сүлд- Уул" компаниар хийлгэсэн. Ингэж байж Балданбэрээвэн хийдийн гол цогчин дуганыг дахин сэргээж чадсан.

-Энэ бүхнийг нэгтгээд харвал таны хувьд энэхүү ажлын утга учир нь юу байсан бэ?

-Энэ бол зүгээр нэг барилга сэргээх ажил биш. Харин хүмүүсийн дурсамж, соёл, итгэл үнэмшил, нутаг усны холбоог дахин амьдруулах ажил байсан гэж бид үздэг. Ер нь Балданбэрээвэн гэдэг чинь хүмүүс эргэж очдог, сэтгэл татдаг газар байх ёстой. 90-ээд онд бол хүн болгон хүүхдээ лам болгох гэж хошуурдаг байсан үе. Одоо бол лам болох хүүхэд цөөхөн болсон байна, гэхдээ болох байх. Тэгээд бурханч лам Г.Пүрэвбат маань оролцож 200 гаруй сая төгрөгийн төсөв хөрөнгөөр дотор нь номын дагуу бурхан тахилыг бүтээж залсан. Далай багшийн зарлигаар IX Богд дээдсийн дэргэд заларсан Одсүрэн ринбүүчиг уриад бид хамтдаа Балданбэрээвэн хийдэд очсон Ринбүүчи машид таалж “Маш сайхан адис жанлав оршсон газар байна” гээд өөрийн хөрөнгөөрөө Зонхов ламыг хоёр шавьтай нь бүтээлгэж залсан. Ингээд л шашин соёлын талын олон ажил хийгдсэн. Жүдогийн дацан, дуганыг хүртэл сэргээж, улсын төсөвт багтааж хийсэн. Улсын төсвийн хоёр тэрбум хөрөнгөөр Өмнөдэлгэр сумаас 70 гаруй км өндөр хүчдэлийн шугам татаж, орчин үеийн тохилог лам нарын байрыг барьсан. Энэ бүх сэргээн засварласан бүтээн байгуулалтыг өнөөдөр хийнэ гэвэл хэдэн арван тэрбум төг шаардагдана. Ар халхын Утай цагаан гүмбэн гэж алдаршсан Балданбэрээвэн хийдээ сэргээснээр шашин соёл, эргэл мөргөл, аялал жуулчлалын томоохон төв болон хөгжиж байна.

-Та Далай лам, Богд багш нартай холбоотой олон дурсамж ярьж байсан. Тэр үеийн уулзалтын талаар дурсвал?

-Би Далай багшийг Монголд ирэх бүрд нь очиж мөргөдөг, номын хуралд нь сууж байсан. Харин 2016 онд ирэхэд нь очиж чадаагүй нь их харамсалтай. Засгийн газрын түвшинд тодорхой хязгаарлалт, болгоомжлол байсан учраас тэр үед очоогүй. Гэхдээ бусад нөхдүүд очсон байсан. Өмнө нь анх 90-ээд оны дунд үед Дарамсалад очиж мөргөл хийж, Далай багшийнхаа сүнчээнд сууж эхэлсэн. Тэр үеэс IX Богд багшийнхаа ордонд өргөөнд байж оройдоо номын хуралд сууж байсан.

-Богд багш Монголд ирсэн тэр үеийг та хэрхэн дурсдаг вэ?

-IX Богд багш Монголд орж ирэх боломжгүй, олон жил хориотой байсан. Тэгээд бид Буриад, Тува зэрэг газар очиж сүнчээнд нь сууж байсан юм. 2010 онд анх Монголд ирэхэд нь хүлээж авсан цөөн хүмүүсийн нэг нь би байлаа. Тэр үеэс хойш Монголд албан ёсоор залагдах, иргэншил авах асуудалд нь Чой хамбатай олон жил хамт явж, дэмжиж ирсэн.

-Тухайлбал, социализмын үеийн шашин, түүхийн ойлголтуудын талаар та бас шүүмжлэлтэй байр суурь илэрхийлдэг шүү дээ?

-Тийм. Бидний үеийн хүмүүс кино, үзэл суртлын нөлөөгөөр түүхийг нэг өнцгөөс л ойлгож ирсэн байдаг. Жишээ нь, Ардын хувьсгалын үеийн үйл явдал, Богд хаантай холбоотой зарим ойлголт хүртэл нэг тал руу гуйвуулсан байдлаар ойлгогдсон байдаг. Гэтэл бодит түүх огт өөр байна. Үүнийг зөв ойлгох нь чухал гэж би боддог. Наймдугаар Богд дээдэс Ардын намыг анхнаасаа дэмжиж байсан түүх бий юм байна. Тухайн үед Ардын намын шүтэх бурхныг Дүйнхорын бурхныг бүтээж шүншиглэж аравнайлсан. Орос улсаас тусламж гуйхаар явсан долоон хүнд Дүйнхорын бурхан бүтээж адисалж, аравнайлж судар номтой нь өвөртлүүлж явуулсан түүхтэй. 2011 онд Ардын нам өөрийнхөө уугуул нэрийг сэргээх үед энэ сонин үйл явдал давхацсан. У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн дарга байх үед. Тэр үед Баасан лам амьд байсан. Тэгээд Ардын намд зориулж VIII Богдын дээдсийн бүтээсэн Дүйнхорын бурхан, тамгыг уугуул нэрээ сэргээсэн Ардын намд албан ёсоор гардуулсан тийм үйл явдал болсон. Тэгээд миний бие намын тухайн үеийн удирдлагуудтай ярилцаад Гандан хийд дээр IX Богд багшдаа очиж айлтгасан юм.

-Тэр уулзалтын үеэр ямар шийдэл, санаа гарч байсан гэж...?

Тэр үед Гандан дээр очсон хүмүүс долуулаа байсан нь бас нэг сонин сайхан учрал юм. Бид тэнд “Ардын намын түүх, шүтээн, бурхан тахил ийм учиртай юм байна” гэж айлтгасан. IX Богд дээдэс “Намын нэр, үзэл суртлаас илүү улс орны хөгжлийн төлөө шударгаар зөв замаар явах нь чухал“ “Миний өмнөх дүрийн лам бүтээсэн бурхан тахилыг шинээр барьсан байрандаа музейдээ залаарай” би өөрөө дахин Дүйнхорын бурхан бүтээж аравнайлж өгнө гэж айлдсан. Хэсэг хугацааны дараа Ардын намын шүтээн Дүйнхорын бурхан, суварга, судар номыг бүтээж бид номын ёсоор залсан. Тэнд очсон хүмүүс бүгдэд нь тус тусад нь Дүйнхорын бурхан, судрыг бүтээж хайрласан. Би 2011 оноос хойш Ардын намын байр руу орохдоо дарга нарын өрөө рүү биш, шууд Дүйнхорын бурхандаа мөргөөд гардаг болсон. Түүнээс хойш Дүйнхорын бурханаа бүтээхэд цөөнгүй удаа оролцох аз завшаан тохиолоо. Далай багшийнхаа 90 насны ойд Дүйнхорын бурханаа олон Бүрнээ лам Ганхуяг лам сүсэгтэн Т.Гантулга Д.Данзан багш тэргүүтэй олон буяны садантай хамт бүтээж өргөсөн. Аавынхаа шавилсан Заяын хүрээний шинэ дуганд гэр бүлийнхээ хамт Дүйнхорын бурхан бүтээж өргөлөө. Өвөөгийн шавилсан, ээжийнхээ өссөн ариун дагшин шашин соёлын төв Хүүхэн хутагтын хүрээний дурсгалд зориулж Сангийн далайн эхний Боди суваргыг өвөө нь тус хийдэд шавилж байсан нутгийн дүү Б.Цолмон болоод сүсэгтэнүүдтэй хамтран бүтээлээ. Сүүлд Шашны дээд сургуулийн захирал гавж доктор Жамбал ламтайгаа хамт дахин сэргээн засварласан. Аймгийн төвийн Гүндгаравлийн хийдийнхээ сэргээхэд оролцож зүүн хойт талын гол суварга, бурхад бүтээж оролцлоо. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төвд байх Асартын хийдийг өөрийн амьдралын багш ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин багшийнхаа захиснаар Б.Төрхүү дүүтэйгээ санаачлага гарган сайхан сэргээлээ. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оноос өөрийн эрхэлсэн бизнесээс хуримтлуулсан мөнгөнөөс бусдын адил хандив тусламж үзүүлж ирсэн. Тэр дундаа өмнөд Энэтхэгт буддын гүн ухааны сургуулийг зорьж байгаа лам хүүхдүүдийн замын зардлыг хариуцдаг байсан. Тусламж дэмжлэг авсан хүүхдүүд маань үргэлж холбоотой баяр талархалаа илэрхийлж байдагт баярладаг. Өндөрхаан хайрханыхаа тахилгын суварга, Гүнгаравлин хийдийн цогчин дуганы өмнөх суварга, даншиг даадмын ариун дэвжээ хүй мандлын дэнжид суварга бүтээхэд тус тус оролцож лам хар сүсэгнүүдийн саналын дагуу төрийн наадамд өмсөж түрүүлж байсан зодогоо тус бүр шүншигэнд нь өргөсөн болно. Өндөр гэгээнийхээ ойн наадамд оролцож барилдаж түрүүлж хүй цөглөсөн газар нь найман суварга бүтээхэд нэг суваргыг жандаглаж оролцох хувь тохиожээ.

-Та улс төрийн ажилтайгаа зэрэгцүүлээд шашин, соёлын олон ажилд оролцож байсан шүү дээ...?

Тийм. Би УИХ-д байх хугацаандаа шашин, соёлтой холбоотой хууль, бодлогын олон асуудалд оролцож ирсэн. Бурхан багшийн дүйчэн өдрийн тухай хууль, Далай багш, Богд багшийг Монголд оруулах, хүлээн авах асуудлуудад ч хамт ажиллаж байсан. Социализмын үеийн нэгэнт үеэ өнгөрөөсөн шашныг муучилсан үзэл суртлын кино, зохиолуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн шашин нь төрөө дээдлэнэ төр нь шашнаа хүндлэх санал дэвшүүлж ажиллаж байсан энэ бүх баримт УИХ-ын архивт бий. Зун цагт бол Хамба Номун хаан Чойжамц хамбатайгаа хамт хөдөө гарч амарч явах үедээ ч энэ асуудлуудад санаа тавьж утасны сүлжээ барих газраас ажил хариуцсан төрийн улстай ярина. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуайтай ярьж ажил нааштай болж бид их баярлаж байсан. Тэр үеийн дурсамжууд их сайхан. Сүүлд нь Х дугаар Богдыг тодруулах асуудал гарсан. Тэгээд Төрийн хамгаалалтын тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Г.Занданшатар даргатай хамтраад бид их нууц, нарийн байдлаар ярилцаж байгаад хуулийн хэлтсийнхнийг дуудуулж ажилласан. “Шашны зүтгэлтэн” гэж шууд оруулах боломжгүй байсан тул “Төр, нийгмийн зүтгэлтэн” гэсэн томьёолол оруулж байж асуудлыг шийдсэн. Энэ бол нэг талаасаа хууль, нөгөө талаасаа ёс суртахуун, итгэл үнэмшлийн огтлолцол байсан гэж би боддог.

-Эцэст нь таны энэ бүх дурсамж, итгэл үнэмшлийн гол утга юу гэж боддог вэ?

-Амьдралын гол зүйл бол хүний сэтгэл, хүний хийсэн буян л байдаг гэж би ойлгодог. Шашин, соёл, улс төр гурав өөр өөр юм шиг боловч эцэстээ хүнийг зөв хүн байлгах нэг л зорилготой. Би тэр л замаар явсан гэж боддог. Багахан тус ч байсан, тэр нь хүнд очихдоо буцаж ирдэг. Тэр бол миний амьдралын хамгийн том сургамж. Тэр Богдын хамгаалалтын асуудал ч бай, хийд сэргээх ажил ч бай эцсийн зорилго нь улс орон, соёл, сэтгэл гурвыг зөв тэнцвэртэй байлгах байсан.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.