“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 27 дугаарын тойм

Aдмин / Хууль

Эмхэтгэлийн шинэ дугаарт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудын хамт нийтэллээ. Тус хууль /Шинэчилсэн найруулга/-аар Монгол Улсын санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих хүрээнд зохицуулалттай этгээд болох банк, эрх бүхий хуулийн этгээдийн харилцагч, хадгаламж эзэмшигчид санхүүгийн зуучлал, бүтээгдэхүүн, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хүргэдэг байх, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрхийг хүндэтгэдэг, хуульд зааснаас бусад тохиолдолд харилцан тохиролцох замаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ач холбогдол бүхий суурь зохицуулалтыг хуульчилсан байна. Тухайлбал, Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх, үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэйгээр тогтоодог байх, хэрэв шимтгэл хураамжийн хувь, хэмжээг үндэслэлгүй тогтоосон бол харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо үндэслэлгүй тогтоосон шимтгэл, хураамжийн хувь хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох болон хадгаламжийн гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой зохицуулалтуудыг Иргэний хуульд нийцтэй байдлаар тусгаж уг гэрээнд санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор зайлшгүй тусгах шаардлагатай нөхцөлийг тодорхой болгон банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх зохицуулалтыг тусгаж өгсөн байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс гадаад валютаар зээл хүссэн зээлдэгч этгээдэд ханшийн эрсдэлийн талаарх зөвлөмж, мэдээллийг өгдөг байх, гадаад валютын орлогын эх үүсвэртэй эсхүл ханшийн эрсдэлээс хамгаалагдсан этгээдэд гадаад валютын зээл олгож болох зохицуулалтын зэрэгцээ банк, санхүүгийн тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх, зохистой хөгжлийг дэмжих, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор банк, эрх бүхий хуулийн этгээд хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох, банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн алдаатай хийсэн аливаа шилжүүлгийг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох, хадгаламж болон зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавих зохицуулалтыг хуульд тусгасан байна.

Мөн энэ дугаарт “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн. Тухайлбал, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр гурван заалт, хоёр хавсралттай тогтоолыг баталсан бөгөөд медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг нарийвчлан тусгажээ.

Түүнчлэн зарим шүүгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, томилсон талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.