Х.БАТСУУРЬ: ШАТАХУУН ИМПОРТЛОХ ЭХ ҮҮСВЭР ХОМС УЧРААС ДОТООДДОО НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ЖИЖИГ ҮЙЛДВЭРҮҮД БАРИХ ХЭРЭГТЭЙ

Aдмин / Нийгэм

Эдийн засагч Х.Батсуурьтай шатахууны асуудлаар ярилцлаа.


-Удахгүй ургац хураалтын улирал эхэлнэ. Ургац хураалтын гол зүйл бол шатахуун. Гэвч энэ намар шатахууны хомсдол үүсч болзошгүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Хэрэв тэгвэл том асуудал үүсэх нь дээ?

-Бензин шатахуун бол манай эдийн засгийн суурь үзүүлэлт болдог. Бензин шатахууны хувьд бид хойд хөршөөсөө зуун хувь хамааралтай байдаг. Тиймээс үүн дээрээ онцгой анхаарах ёстой. Гэвч харамсалтай нь манай төр засгийн хүмүүс төдийлөн зөв бодлого явуулж чаддаггүй. Тиймээс шатахуунаас хамааралтайгаар эдийн засагт үе үе хэлбэлзэл үүсдэг. Шатахууны хэрэглээнийхээ бараг 96 орчим хувийг ОХУ-аас импортоор авдаг. Тэр дундаа 70 орчим хувийг ганцхан “Роснетфь” компаниас авдаг тогтолцоотой. Манайх жилдээ 1.6 сая тонн шатахуун импортоор авдаг. Үүний 600 мянга орчим тонн нь бензин, бусад нь дизель түлш болон бусад бүтээгдэхүүнүүд.

АИ92 бол бензиний хэрэглээний 85-90 орчим хувийг бүрдүүлдэг. Шатахуун импортлогчдыг дэмжих үүднээс одоогоор онцгой татвар болон гаалийн татварыг үндсэндээ тэглэчихсэн байгаа. АИ92 дээр хоёулаа тэглэгдсэн. АИ95 дээр хөдөөний боомтуудаар орж ирвэл татвар тэглэнэ, үндсэн гол боомтууд дээр хэвээрээ гэсэн зарчмаар явж байгаа. Нэг ёсондоо шатахууны үнэ дээр Засгийн газар тоглолт хийх боломжоо бүрэн хэмжээнд ашиглачихаад байна. Өөр нөөц бага. Яахав НӨАТ-ын татвар бий.

Бусад улс орнуудтай харьцуулахад манайх шатахуун дээрээ хэрэгжүүлж байгаа бодлого ур чадвар, менежмент маш муутай. Тиймээс шатахууны үнэ үе үе хэлбэлздэг, нөөц дуусдаг. Шатахуун дээр хэрэглэдэг бүх зэвсэг, хөшүүргээ аль хэдийнэ ашиглаад дуусчихлаа.

Нэг сонин зүйл хэлье л дээ. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Орос Украины дайн үргэлжиллээ. Үүнтэй зэрэгцээд асар их боломжийг ОХУ нефть бүтээгдэхүүнээр хангадаг улсууддаа олгосон. ОХУ-д Баруун Европ, АНУ шат дараатай хориг тавьсан шүү дээ. Гэтэл хойд хөршийн нефтийн экспорт өссөөр байсан. Дайны дараа, 2022 оны гурав, дөрөвдүгээр сараас өсч байгаад одоогийн байдлаар дайны өмнөх хэмжээндээ оччихсон байна.

-Ямар боломжуудыг олгосон гэж. Манайх ашиглах боломжтой байсан уу?

-Оросууд найрсаг харилцаатай улсууддаа нефтиэ зах зээлийн үнээс хямд өгье гэсэн. Үүн дээр таван улс маш хүчтэй тоглолт хийж, ковид дайн давхацсан үед эдийн засгаа тултал нь өсгөж, боломжийг ашиглаж чадсан. Тэд бол БНХАУ, Энэтхэг, Саудын Араб, Турк, Сингапур. Тэдэнд дайны, улс төрийн, үзэл бодлын хориг байгаагүй. Тэдэнд дайн болж байгаа эсэх нь падлийгүй байсан. Дайн бол нэг ёсондоо ОХУ, НАТО хоёрын хооронд л болж байгаа шүү дээ. Дээрх таван улс бидний хэлдгээр цөм хийлээ. ОХУ-аас авсан бензинээ дамлаад АНУ, Европ руу зарсаар байсан.

Орос дэлхийн зах зээлийн үнээс 20 ам.доллараар хямд зарсан. Өнөөдөр гэхэд дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий нефть 70 орчим ам.доллартай байна. Тэгэхэд ОХУ дээрх улсуудад 49 ам.доллараар зарж байсан. Судлаад харахад энэ таван улсын ОХУ-аас авч байгаа бензин шатахууны импортын хэмжээ 2021 оныхтой харьцуулахад 20-50 хувь өссөн байдаг. Тэгсэн хэрнээ тэр хэрээр хэлж болохоор энэ таван улсын Европ, Австрали, Канад руу гаргаж байгаа шатахууны бүтээгдэхүүний хэмжээ нь 15-20 хувь өсчихсөн харагдаж байгаа. Оросоос нефть түүхийгээр нь аваад нэрээд экспортолсон гэсэн үг. Манайд тийм боломж байсан. Боловсруулж чаддаггүй юм аа гэхэд дамлаад зарахад Хятадууд гэхэд л дуртай авах байлаа.

-Дайны эхэн үед эдийн засгийн хориг нэлээд яригдсан байх аа?

-Яаж Энэтхэг, Хятадад хориг тавьж чадах вэ дээ. Манайд тийм хориг байгаагүй. Европ болон барууны орнууд л үнийн хориг тавьчихсан шүү дээ. Тэгэхэд Хятад, Сингапур тоогоогүй, Европын тээврийн компаниудыг болиулаад л өөрсдийн тээврээрээ эсвэл Оросын тээврээр хоригийг тойруулаад авчихсан. Манайх ядаж нөөцлөх хэрэгтэй байлаа. Бид тэр боломжийг ашиглаагүй. Эдийн засагчид маш их хэлж, сануулж байсан. Түүнийг төр ашиглаж чадаагүй. Ямар ч чадваргүй хүмүүс төрд байдгийн илрэл гэж л харлаа.

-Намрын ургац хураалтын үеийн нөөцийн асуудал руугаа эргээд оръё. Сая төр засгийн хэмжээнд ОХУ-д хийсэн айлчлалаар энэ асуудал хөндөгдсөн байсан?

-Ангарский бол Роснефтийн салбар үйлдвэр. Наймдугаар сард их засвар хийх юм билээ. Гэхдээ Роснефтийнхэн засвараас наана нөөцөө татаж авч болно, хангалттай нөөцтэй гэж саяын энэ айлчлалаар мэдэгдсэн юм билээ. Манайд найм, ес, аравдугаар саруудад шатахууны хэрэгцээ асар өндөр байдаг. Түүнийг нөөцлөөд авч болно гэж ойлгосон.

-Нөөцийн агуулах, сав төрд байхгүй. Импорлогч компаниудад байлаа ч хүрэлцээ бага гэж Шатахууны хэрэглэгчдийн холбоо саяхан мэдэгдсэн. Ургац хураалтаар ийм асуудал үүсэх юм биш биз. Тэгвэл өөр ямар гарц байж болох вэ?

-Маш зөв. Одоо нөөцлөх савны асуудал яригдана. Энэ асуудал олон жил яригдаж байгаа ч хийдэггүй. Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Төрд байх ёстой. Төр жижиглэнгийн худалдааг хийхгүй байж болно. Гэхдээ хадгалах нөөц нь төрд байх ёстой. Бүх улсад хадгалалт нөөцлөлт нь төрдөө байдаг. Тэнэг хүн ч ойлгоно. Одоо нөөцлөх агуулах бэлдье гэхэд цаг хугацаа алга. Нөөцийн сав барина гэвэл багадаа зургаан сар орно. Асар том агуулах барьж таарна шүү дээ. Тэгэхээр энэ чигээрээ л явж таарна. Яахав оросуудтай боломжийн хэлэлцээр хийж, амлалт авсан байна. Бүр нэг хүндрэхгүй ургац хураалтын улирлыг давах боломжтой харагдаж байна.

Гэхдээ цаашид бид аль нэгэн улсаас тухайлбал, ОХУ-аас байнга хараат байх ёсгүй. Энэ бодлого 20, 30 жил яригдаж байна. Бодлого байгаа боловч хэрэгжилт туйлын муу байна. Жишээ нь, Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр 2022 онд ашиглалтад орно гээд худлаа болсон. 2023 онд гээд биччихсэн байсан, худлаа. 2024 онд гэдэг бүр худлаа болжээ. Хоёр долоо хоногийн өмнөх дуулианаар 2026 онд болж байх шиг байна. Бүр таван жил хойшилж байна шүү дээ. Тэгээд саяхан бөөн хэл ам гарлаа. Мөнгө төгрөг байхгүй, инженерүүдээ алдсан гэнэ, төлбөрийг нь төлж чадахгүй байна гэнэ. Төсөл нь нэг тэрбум ам.доллар байсныг бид нийтээрээ мэдэж байгаа. Гэтэл тэр нь 1.6 тэрбум ам.доллар болчихлоо. Би баталгаатай хэлье. Энэ бол гэм биш зан. Манайд төсөл яаж хэрэгждэг, яаж бүтэлтгүйдэг тэр замаар л явж байна. Удахгүй хоёр тэрбум ам.доллар болно. Харамсалтай нь амжилттай бүтээн байгуулалт болж чадахгүй ч байж магадгүй.

-Дотоодоосоо нефтиэр хангах зорилго л хойш татагдаад байна?

-Тэглээ. Би бол Монголын анхны байж магадгүй, 2007 онд АНУ-аас авсан төслийн мэргэшсэн мэргэжилтэн. Энэ үүднээс харахад төслийн санхүүгийн төсөв тооцоолол хийгээд 10 хувь зөрөхөд л тэр төсөл худлаа болдог. Эсвэл үүнийг ахиж хийх ёстой, эсвэл зогсоодог. Гэтэл манайх 100 хувь зөрж байна. Тооцоолол муу хийж байна, эсвэл зориудаар муу хийж байж магадгүй. Төслийн төсвийг мөнгөний ханш гэх мэт бүх эрсдэлийг тооцож гаргадаг. Тэгж тооцоод 100 хувь зөрж байна гэхээр ямар ч чадваргүй хүмүүс хийсэн харагдаж байна. Уг нь нефтийн үйлдвэр барих Засгийн газрын оролдлого, санаа маш зөв.

Нефтийн төслийн хувьд анхнаасаа нефтийн үйлдвэрийн нөөц, ус зэрэг суурь судалгааг нарийн хийгээгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Хамгийн гол нь нөөц. Одоогоор манай улс 500 орчим мянган тонны газрын тос экспортолж байгаа. Тамсаг л манай ганц нөөц. Хайгуул хийгээд нэмэгдэх байх л даа. Дээрээс нь усан хангамж гэж нэг том асуудал бий. Энэ хоёр асуудлыг яаж шийдсэн нь их сонирхолтой. Нарийн тооцсон зүйл байхгүй, ямар нэгэн байдлаар болчихно гэж бүдүүн бааргаар үзээд хийж байна. Ус болон түүхий эдийн нөөц гэсэн хоёр асуудал маш хурцаар тавигдаж байгаа. Уг нь одоо бол шинэ технологиуд ороод ирчихсэн. Аймаг болгоныг хангадаг жижиг үйлдвэрүүд ч барих боломжтой болчихсон шүү дээ. Бүр нүүдэг үйлдвэрүүд ч бий.

-Нефтийн үйлдвэр бүрэн ашиглалтад ортол бид импортын шатахуунтай байсаар л байх нь. Гэхдээ дээр таны хэлдгээр нэг л эх үүсвэртэй байж болохгүй. Хоёр дахь, гурав дахь эх үүсвэрүүдийг эрэлхийлэх ёстой. Жишээ нь, БНХАУ-аас нефть импортлох ямар боломж байна вэ. Үнийн хувьд яаж өөрчлөгдөх бол?

-Хятадын бензиний стандарт манайхаас өөр. Манай бүх техник технологи Оросын бензин шатахууны стандартад нийцэмжтэй байдаг. Үнэ ханшийн хувьд Хятад өндөр байх магадлалтай. Учир нь Хятад өөрөө ОХУ-аас нефтиэ импортолдог. Оросоос авчихаад буцааж бидэнд зарах болно. Тэгэхээр өнөөдрийн ханшаас 20-30 хувиар илүү үнэтэй болно.

-Казахстанаас нефть импортлох боломжтой юу?

-Казахстан гэхэд бас хүндрэлтэй. Шууд хиллэдэггүй. Хятадаар ч юм уу, Оросоор дамжиж орж ирнэ. Өндөр үнэтэй орж таарна. Нөгөө талаас өөрийнх нь бизнесийг булааж аваад бүтээгдэхүүнээ нутаг дээгүүр нь тээвэрлээд явахад зөвшөөрөх үү гэдэг асуудал гарч ирнэ. Нэг ёсондоо эх үүсвэрүүдийн хувьд манайд сонголт туйлын бага.

-Япон, Солонгос байж болохгүй юу?

-Бас л тээвэрлэлтийн асуудал гарч ирнэ. Гол нь манайтай хиллэдэггүй. Дээр нь тэд өөрийн бүтээгдэхүүн байхгүй. Япон гэхэд Орос, Саудын Араб, Венесуэлээс түүхий нефть авч байгаа. Альтернатив эх үүсвэр манайд их хомсдолтой. Тиймээс дотооддоо нефтийн үйлдвэрээ барих тал дээр гол анхаарлаа хандуулах ёстой.

Нөгөө талаар манайд алсыг бодож, амдаж угтсан бодлого гарцаагүй хэрэгтэй. Бензин шатахууны хэрэглээ жил ирэх тусам багасна. Уул уурхайн том машин техникүүд цахилгаанаар ажилладаг болчихсон. Автомашин ч цахилгаан болоод явж байна. Тиймээс бид стратегийн гол бүтээгдэхүүн болсон шатахууны бодлогоо эргэж нэг харах хэрэгтэй. Жижиг хэлбэрээр үйлдвэр байгуулах уу, эсвэл Зүүнбаянгийн үйлдвэрээ явуулах уу. Нөгөө талдаа цахилгааны эх үүсвэрийг хангах асуудал байна. Батерей яаж хийх вэ. Үүн дээр бид амдсан бодлого явуулж чадвал 5-10 жилийн дотор маш өндөр үр дүн өгч болно.

Литиум, устөрөгч зэрэг бүх нөөц манайд бий. Аймаг бүрд том батерей, зай хураагуур байрлуулж болж байна. Жижиг батерейн үйлдвэрүүд байгуулж, томоохон корпораци, цахилгааны машины үйлдвэрүүдэд экспортолж болно. Мэдээж үүнд цахилгааны эх үүсвэрийг өөрсдөө давхар гаргах шаардлагатай. Одоохондоо дэлхий нийтээр нүүрсийг хорьчихсон. Санхүүжилт нь олон улсын хоригт орчихоод байгаагаас манай улс өөрөө цахилгаан станц барьж болно. Монгол Улсад юу л байна, мөнгө байна. Тэр нь ил болж байна. Таван толгойн нүүрсний экспортод гэхэд миний тооцсоноор 2-4 тэрбум ам.доллар хилийн гадна үлдэж байдаг. Тиймээс энэ мэтчилэн шатахуун тойрсон бодлогоо эргэж харах ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Дорж [128.199.251.56] 2023-06-28 02:00:34

Газрын тос нь хаана байгаа юм бэ?төслийн ихэнх мөнгийг хуссан байхаа? Гэхэд ээ эзэн нь тодорхой л доо.харж л байя даа.

Зочин [192.82.77.45] 2023-06-27 23:26:14

Оросууд убтз-аар газрын тосоо тээвэрлүүлэхийг хоолойн тээврээс илүүд үзнэ

Зочин [192.82.77.45] 2023-06-27 23:25:26

Монголын нутгаар нефт хийн хоолойноос илүү цахилгаан дамжуулах хоолой дамжуулах нь илүү ашигтай

Зочин [66.181.160.103] 2023-06-27 23:07:00

petrovis sod mt ntr hamtraaad bariaacheee

Асуулт. [66.181.160.118] 2023-06-27 12:24:50

Монголын нефть хүнд фракцтай учир түүгээр бензин, шатахуун хийх нь эдийн засгийн хувьд ашиггүй гэж сонссон. Энэ үнэн үү? Манай нефтеэр замын хар л хийх хийж боломжтой гэсэн.

Зочин [103.161.242.87] 2023-06-27 10:42:35

Өөрсдөө юмтай байж бусдыг харж царайчлана гэдэг арай дэндүү арчаагүйнх...


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.