“БИ ЭЭЖДЭЭ АМЬД Л ОЧИХ ЁСТОЙ” ГЭЖ ШҮД ЗУУН, ДОЛОО ХОНОГ МӨЛХӨЖ АЮУЛААС АВРАГДСАН Ц.ТҮМЭНДЭЛГЭР

Aдмин / Нүүр

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС...................................

Өвлийн тэсгим хүй­тэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. Хичнээн дулаан хувцастай бай­сан ч удаан хугацаагаар гадаа алхана гэдэг бүр ч амаргүй. Тэгвэл Цэрмаа­гийн Түмэндэлгэр гэдэг залуу идэр есийн хүйтэнд эзгүй говьд зургаан шөнө, долоон өдрийг дан дээл­тэй мөлхөж өнгөрүүлжээ. Мотоциклиос унаж хөлөө бэртээсэн тэрбээр өл зал­гуулах ямар ч хоол, унд­гүй цасан шуургатай хахир өдрүүдийг туулсан юм. Ц.Түмэндэлгэр өөрт тохиолдсон эл аюулыг сөрж, давж чадсанаараа монгол эр хүний тэсвэр тэвчээ­рийг илтгэн харуу­лах шиг. Энэхүү бахар­хууштай үйл явдлыг ун­шигчид­тайгаа хуваал­ца­хаар өмнийн цэнхэр говийг зориод ирлээ.

Ц.Түмэндэлгэр Өм­нө­говь аймгийн Номгон сумын Хармагтай багт амьдардаг, эгэл жирийн малчин. Энэ баг Өмнө­говь аймгийн хам­гийн захад орших сумын нутаг болохоор хилтэй ойр. Харин төв суурин газ­раас бас ч гэж зайтай. Гол баатар маань Номгон сумын уугуул. Тэнд л төрж, өсч, малаа маллан амьдарч яваа нэгэн. Эхээс тавуулаа бөгөөд дөрвөн дүүтэй. Тэдний хоёр нь өрх тус­гаарлажээ. Өдгөө 37 настай Ц.Түмэн­дэлгэр ээж, хоёр дүүгийн­хээ хамт амьдардаг. Тэднийгээ асарч, ар гэрээ авч явдаг ганц хүн нь юм билээ. Тавдугаар ангид орсон жилдээ сургуулиа орхиж, мал дагажээ.

Энэ залуу­гийн яриаг ажиг­лаад байх нь ээ, олон зовлон бэрх­шээлийг туулсан болол­той. Хэр баргийн юманд бүд­рээд байхааргүй нэлээд ха­туу­жилтай, дээрээс нь үг яриа цөөтэй, ёстой нэг гүн­дүүгүй монгол эр шиг санагд­сан. Харин тэрбээр эзгүй хээр талд олон хоногийг өнгөрүүл­сэн тухайгаа ярихдаа "Унтах л юм бол аюулд орно. Би ээждээ амьд л очих ёстой" хэмээн өөртөө байн байн сануулж байсан гэнэ лээ. Тэрбээр 2013 оны нэгдүгээр сарын 19-25-ны хооронд ор сураггүй байсан юм. Ийнхүү малчин залуу Ц.Түмэндэлгэр амьдралын төлөө үхэлтэй хэрхэн тэмцэлдсэн тэр өдөр хоно­гуудын үйл явдлыг сийрүүлье.

Нэгдүгээр сарын 19. Ца­гаан сар болоход 20-иодхон хоног дутуу байв. Ц.Түмэн­дэлгэрийн ээж, дүү нар нь баярынхаа бэлтгэлийг базаа­хаар төв суурин газар руу явчихсан эзгүй байлаа. Гэр­тээ ганцаар үлдсэн Ц.Түмэн­дэлгэр өглөө эрт босч цай юугаа чанахаас өгсүүлээд мал хуйгаа тойглох ажил түүнд оногдов. Энэ өдөр дөрвөн ес эхэлж байсан бо­ло­хоор тэр үү тэнгэр хангай тийм ч сайнгүй байж. Ц.Түмэн­дэлгэрийг өглөө эртлэн бо­соход урд өдрийнхөөс нэ­лээд жихүүндүү байсан гэнэ. "Ээж, дүү нар нь маань өнөө­дөр ирнэ. Тэнгэр муудаж, замдаа саатчих вий дээ" гэж тэрбээр санаа зовнин хүлээж байжээ. Тиймээс мань хүн тэднийгээ ирэхэд нь дулаан гэрт, халуун цайтай угтана гэсэн бодолтой малаа тийм ч хол бэлчээгээгүй байна. Тэднийх бог малтай бөгөөд дийлэнх нь ямаа ажээ. Бага үдийн алдад Ц.Түмэндэлгэр гэртээ ойр зуурын ажил хий­гээд сууж байтал өрх нь дэрвэлзэж, юу юугүй цасаар шуурах нь бололтой ганц нэг хаялж эхлэв гэнэ. Шалавхан гараад хартал ойр хавьд мал нь харагдсангүй. "Өнөөх гайх­­лууд чинь салхинд тууг­даад явчихлаа шүү" хэмээн бод­соор хам хум малгайгаа өмсч, бээлийгээ гартаа уг­лаад гар­чээ. Шуудхан мото­цикльдоо мордож, "Шар нохойт" гэдэг газрыг чиглэн хурдлав. Энэ газар дов тол­год­той, хад чулуу ихтэй аж. Гэрээсээ 3-4 км хэртэй холд­тол малынх нь бараа харагд­жээ. Ц.Түмэн­дэлгэр мал руу­гаа дөхөж ирэнгүүтээ хурдаа багасгав. Хонь, ямаагаа зах­лан түрүү­чийг нь эргүүлэхээр жолоогоо чиглүүлж, бартаан дундуур аядуу явж байлаа. Гэтэл саад тулгарч жо­лоогоо огцом дартал онхол­дон унажээ. Энэ осол түүнийг хөдөө зэлүүд газарт олон хонуулна чинээ хэн санах билээ. Мань эр мотоцикльдоо даруулж газарт унангуутаа шуудхан босоод иржээ. Амин­даа унаагаа босгоод давхичих санаатай дээшээ өндийтөл толгой нь эргэж, хөл нь гуйван тэнцвэрээ олж чад­сангүй. Онхолдонгуутаа шо­конд орж, өвчнөө ч мэдрэлгүй боссон бололтой. Гэтэл түүний зүүн хөл нь маш их өвдөж байхыг анзаарч гэнэ. Газарт сууж байгаад гутлаа тайлан хартал нарийн шилбэ нь хугарчихсан байж. Яах учраа олохгүй мотоциклио налан суужээ. "Ямартай ч энэ хэдэн малаа эргүүлчихлээ" хэмээн боджээ. Хонь ямаа нь ч гэрийнх нь чигтээ бэлчиж байгаа харагдав. Азаар цасан шуурга тавьсангүй. Ц.Түмэндэлгэр тэндээ нэлээд удаан суужээ. Нар ч жаргав. Тэрбээр суусаар л байлаа. Босъё босч болохгүй, холбоо барих гээд гар утас ч үгүй явсан учраас хэн нэгэн хү­рээд ирэхийг найдан хүйтэн цасан дээр бүрий болтол сууж өнжжээ. "Одоо гэрийн­хэн маань төвөөс ирчихсэн бай­гаа даа. Намайг хайгаад ир­чих ч юм бил үү" гэж бод­соноо "Өвчтэй ээжийн маань санаа зовох вий дээ. Дүү нар маань ч явган нүцгэн яаж хайх билээ" гэж түмэн зүйлийг эргэцүүлнэ. Цаг ч орой болж Ц.Түмэндэлгэр нэлээд жин­дэж, даарч байгаагаа сая анзаарчээ. Тэрбээр тухайн үед ердөө ноосон цамцан дээр нэг тэрлэг давхар­лаж гадуураа юүдэнтэй ним­гэвтэр куртка угласан байжээ. Харин гутлын хувьд оймсон түрий­тэй орос бахиал өмссөн байв гэнэ. Тэрбээр ингэж осолдоно чинээ огтхон ч санаагүй нь мэдээжийн хэрэг. Өдөр бүр ийм л хувцастай мотоцик­лиор малаа хариул­даг хойно доо, арга ч үгүй болов уу. Сүүлийн найман жил мото­цикль унаж буй тэр­бээр урьд нь ямар нэгэн осол аваарт өртөж байгаагүй гэсэн.

Шөнө дөл болов. Нохой явган гахай нүцгэн гэгчээр Ц.Түмэндэлгэр тэндээ өглөө болохыг хүлээн суулаа. Өвч­тэй хөлөндөө шаналан шөнө цурам ч хийж чадсангүй. Харин ээж, дүү нар нь гэртээ ирж, түүнийг гэрээ эзгүй ор­хиод явсанд тун гайхацгаа­жээ. Мал нь гэрийнхээ хаяанд байхад хаашаа явчихдаг хүү­хэд вэ гэж ижий нь санаагаа чилээж гэнэ. "Эсвэл сум орон нутаг руу бидний өөдөөс явчихав уу. Замд таараагүй дээ" гэж бас бодов. Хүүгийн­хээ араас сэтгэл нь гэгэлзсэн Цэрмаа гуай тайван унтаж чадаагүй байна.

Нэгдүгээр сарын 20. Үүрээр нэлээд хүйтэрч, Ц.Тү­мэндэлгэр даарч, хурдхан нар мандахыг тэсэн ядан хүлээж сууна. Нар ч мандлаа. Салхи тогтуун, сайхан өдөр болох шинжтэй хэмээн тэр­бээр дотроо цухас баярлав. "Хэрэв намайг олохгүй бол би эндээс хөдөлж, харьж чадах­гүй. Эсвэл би авто зам руугаа ойртох хэрэгтэй. Тэгж байж амьд гарна. Эзгүй талаас хэн л намайг олох билээ" гэж боджээ. Ядаж байхад говийн­хон хангайнхантай адил айл саахалтаараа багшралдаад байхгүй. Хамгийн ойр айл нь 2.5 км зайтай байдаг. Тий­мээс Ц.Түмэндэлгэр өөрийг нь хэн нэгэн тэндээс олно гэдэг бараг худлаа гэж боджээ. Хөл нь янгинаж, шөнөжин тарчил­сан болохоор мань эр яах учраа олохгүй л байлаа. Ядаж байхад ходоод нь хон­хол­зож, өлсч байгаа гэж жигтэйхэн. "Ямартаа ч зам руу дөхье. Тэр нь хамгийн зөв арга, замын унаа тааралдвал хот суурин газар руу дөхөх боломжтой" гэж дэмий л ганцаараа үглэнэ. Авто зам түүний барагцаагаар гэрээс нь холгүй санагджээ. "Шар нохойт"-оос гэр нь 3-4 км-ийн зайтай бол тэндээс авто зам хүртэл 1-2 км гэнэ. Ингээд мань эр зам руу мөлхө­хөөр шийджээ. Зүүн хөл нь шил­бээ­рээ хоёр хугарсан тэрбээр дөрвөн хөллөөд мөлхөж бо­лох­гүй. Эхэндээ хөлөө жийж суусан чигтээ хоёр гараа­раа газарт тулан ухарчээ. Гэвч шальтай явж чадсангүй. Тав зургаахан метр хэртэй зүтгээд цуцжээ. Ам нь цангаж, өлсөхийн эрхэнд цас руу нүүрээ наав. Цаснаас гартаа базаж бай­гаад иднэ. Гэвч огт амны цангаа нь гараагүй байна. Ямартаа ч зам руу зүтгэх ёстой гэж тэмүүлсээр байв. Ядаж байхад тэр хэсэг чулуу ихтэй болохоор арай ядан аврал эрэн зүтгэх түүнд том саад болж байжээ. Тэрбээр хоёр метр хэртэй мөлхөж, амсхийхдээ цас иднэ. Тэр­бээр энэ өдөр 200 орчим метр мөлхсөн байна. Шөнө гавьтай газар хороож чадахгүй болохоор нөмөр газар бараадав. Хадны нөмөрт сууж, үүр цайлгая гэж шийджээ. Шөнөжин юу эсийг бодохыг хэлэх вэ. "Ээж маань яаж байгаа бол, дүү нар ма­лаа маллаж чадаж байгаа болов уу даа" гэхчилэн янзан бүрийн бодлоор өөрийгөө саатуулан цаг аргацаана. Гэнэтхэн "Хэн нэгэн энүүгээр явж байгаа болов уу" хэмээн чимээ чаг­навч эзгүй талд Ц.Түмэндэл­гэрийн өөрийнх нь амьсга­лаас өөр юу ч сонсогдсонгүй. "Ийм аниргүй байхад орилж хашгираад яах ч билээ" хэ­мээн өөрийгөө тайвшруул­на.

Нэгдүгээр сарын 21. Нар мандахад шөнөжин даар­сан мань эр бага ч болов бүлээцэв. Тэрбээр "Унтаж л болохгүй. Тэгвэл хөлдөж үхнэ" гэж хоёр алгаа хооронд нь үрж, нүүрээ барин сууна. Хоёр өдөр хэлэн дээрээ цаснаас өөр юу ч тавиагүй тэрбээр ядарч туйлдан хөлнийхөө шарханд ч бүр эмзэглэнэ. Нойр нь хүрэх боловч "Энэ хөл зэргийн юм яахав. Шөнө л унтаж болохгүй. Би ээждээ амьд очих ёстой" гэж байн байн өөрийгөө сэргээнэ. Хадны нөмөр бараадаж шөнийг өнгөрүүлсэн тэрбээр гэгээ ормогц л зам дөхөхөөр урагшилжээ. Өмнөх өдөр хоёр алгаараа газарт тулж явсан нь хамаг биеийг нь хөндүүр болгожээ. Ингээд баруун гараараа газарт тохойлдож, хөлөө чирсээр хажуулдан мөлхөв гэнэ. Нэг хоёрхон метр яваад л цуцна. Зам ойрхон байгаа гэж өөрийгөө зориг­жуулан амьсгаагаа дарангуу­таа л мөлхөөд байжээ. Ам цан­гахын эрхэнд цасаар амаа дүүргэх боловч ямар ч нэмэргүй. Сүүлдээ хэл ам нь өвдөж, хоолой нь хөндүүр­лэжээ.

Аргаа барахдаа өөрийн­хөө усыг алган дээрээ тосож уужээ. Амных нь цангаа бага ч болов тайлагдах шиг болж гэнэ.

Дээшээ тэнгэр хол, доо­шоо газар хатуу гэгч Ц.Түмэн­дэлгэрт тохиолдов. Үд хэвийх алдад нэг зүүрмэглээд сэртэл хажууханд нь мал ирсэн байж. Тэрбээр ихэд баярла­жээ. "За энэ чинь хэний мал вэ" гээд хартал нүд нь бүрэл­зээд нэг л сайн таньж чадах­гүй байж. "Малаа хариула­хаар хэн нэгэн ирж л таарна" хэмээн баахан горьдсон боловч дэмий хүлээжээ. Хэн ч ирсэнгүй гэнэ. Эхний өдөр 200 метр мөлхөж байсан Ц.Тү­­­мэндэлгэр шальтай ахихаа больжээ. Замдаа хэд хэд амран байж энэ өдөр ердөө 100-гаадхан метр га­зар л хороосон байв. Өөрий­гөө хүчлэн мөлхөх үед Ц.Түмэн­дэлгэр тийм ч даарч дагжирдаггүй байж. Харин үүр шөнийн заагаар л маш их даардаг байжээ.

Энэ шөнө тэрбээр мөн л хадны нөмөрт хоног өнгөрүү­лэхээр шийджээ. Хавирган сарны бүдэг гэрэлд цасанд дарагдсан цэлийсэн тал улам гэгээ нэмэх мэт харагджээ. Ойр хавьд нүдэнд торох юу ч үзэгдэхгүй. Гэтэл шөнө дө­лөөр чоно улих чимээ түүнд сонсогджээ. Бүр хэдхэн зуун метрийн зайтай явж байгаа нь ч мэдрэгдэж гэнэ. Ц.Тү­мэндэлгэрийн хувьд айдсыг ардаа орхисон байв. Говийн чоно галзуурчихаагүй л бол арай ч хүн барьж идэх дээрээ тулаагүй дээ хэмээн тайван сууж байжээ. Үүр хаяарах үеэр тэрбээр гэнэтхэн цочиж сэржээ. Өөрийн мэдэлгүй зүүрмэглэсэн нь тэр байж.

Нэгдүгээр сарын 22. Гэрээ­сээ холддоггүй Ц.Түмэн­дэлгэр сураг тасраад гурав хонолоо. Цэрмаа гуай сум орон нутаг руугаа хэл хүргэ­жээ. Мотоцикльтой яваад сураггүй болсон хүүгийнх нь араас Номгон сумын захир­гаа эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд тус сумаас эрлийн хоёр баг гарч, Ц.Түмэндэлгэрийг хай­жээ. Ямар ч ул мөргүй алга болсон түүнийг хаа сайгүй хайсан байна. Харин ар гэрийн­хэн нь мэддэг, чаддаг гэсэн үзмэрч, төлгөч нарт ханджээ. "Танай хүүхэд амь­тай голтой явна" гэж хэлэх нэгэн байхад "Амиа хорло­чих­сон гэж төлгө буулаа" хэмээн Цэрмаа хөгшний сэт­гэлийг өвтгөх төлгийг зарим үзмэр­чид хэлж байжээ. Ингээд эрлийн багийнхан үзмэрч­дийн хэлсэн газруу­даар эрж гэнэ. Гол ус гээд л яваагүй газар үгүй гэнэ. Энэ өдөр эрлийн багийнхан шөнө дөл болтол ажиллаад мухар­даж, маргааш нь үргэлж­лүүлэн хайхаар болов.

Тэр хойгуур нутаг усанд нь Ц.Түмэндэлгэрийн талаар таагүй цуу дэгджээ. "Хөөрхий залуу сэтгэлээр унаж, хоолойгоо боомилсон гэнэ лээ", "Хөлдөөд амиа алдсан гэсэн" гэх зэргээр амнаас ам дамжин ярих болжээ.

Нэгдүгээр сарын 22-ны тэр өдөр хүйтэн цасан шуурга­тай байсан болохоор эрлийн багийнхан Ц.Түмэн­дэл­гэрийг олоход саад бол­сон бололтой. Харин мань эр үхэлтэй тэмцэлдсээр шуурга сөрөн мөлхөж байсан юм. Гурван шөнө, дөрвөн өдөр түүний хувьд маш хурдан өнгөрчээ. Зүг чигээ алдаж болохгүй, энэ хавьд зам бай­гаа гэж өөртөө итгэсээр мөл­хөж байв. Гэнэт мотоциклийн дуу түүнд сонсогджээ. "Би энд байна" гээд орилох гэтэл дуу нь гарсангүй. Мотоцикль, машины дуу улам тодорч түүнийг чиглэн ирж байгаа бололтой. Төөрсөн залуу ихэд баярлан өндийлөө. Харамсалтай нь машин, мотоциклийн гэрэл түүнээс холгүйхэн ирээд буцчихлаа.

Үргэлжлэл бий.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [95.82.134.241] 2023-07-23 14:52:41

2013 оны 1 сарын 19-25 гэж бичсэн байна.

Мэдээллээ бүрэн өгөөч, сэтгүүлч ээ. [66.181.160.116] 2023-07-23 03:13:50

Хэдэн оны үйл явдал юм бэ? Энэ оных юм уу? 20-30-40-50 жилийн өмнөх юм уу?

төмөрөө [202.70.42.147] 2023-07-25 21:54:01

эээ мэдэхгүй бүүр дээр үеийнх байх тээ ха ха мэдрэл муу хүний зохиол байх ямар ч ..munhtsetseg uraaaa mundag duuuuraaa ийм тэнэгүүдээр баян болтугай хаха

нямжав Тэгшжаргал [103.161.242.135] 2023-07-22 10:43:32

urgelel ni hn bgn

Зочин [66.181.160.32] 2023-08-01 20:35:11

Болсон явдал гэсэн шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.