АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио Төв Азид айлчилж байна

Aдмин / Гадаад мэдээ

Ирантай холбоотой хурцадмал байдал намжаагүй, Саудын Араб хуситуудтай тэмцэж буй үед, түүнчлэн АНУ, Украины харилцаанд шинэ зөрчил үүсээд буй энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тус улсын гадаад бодлогод учирч буй томоохон сорилтуудаас нэлээд хол Узбекистан улсыг зорьжээ.

АНУ-ын Гадаад хэргийн бодлогын байгууллагын тэргүүн ням гаргийн орой Самарканд хотод хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр тус хотод АНУ-аас гадна, ЗХУ задарсны дараа тусгаар тогтносон, хүн амынх нь дийлэнх нь лалын шашин шүтдэг Узбекистан, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан гэсэн таван улсыг нэтгэсэн “С5+1” бүлгийн төлөөлөгчидтэй уулзах ажээ.

АНУ-ын эрх баригчид Хятад, Орос, Ираны дунд оршдог, байгалийн баялаг ихтэй Төв Азийн бүс нутгийг тус улсын өмнөх засаг захиргаанууд тавьж байснаас илүү анхаарал хандуулах шаардлагатай бүс гэж тодорхойлжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Д.Трамп “С5" бүлгийн удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Казахстаны тал лалын шашинт орнууд Израилтай харилцаагаа хэвийн болгох, эсвэл бэхжүүлэх зорилготой “Авраамын хэлэлцээр”-т нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Д.Трамп мөн өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй уулзсан байна.

Бүс нутгийн улс төрийн нөхцөл байдлыг эс тооцвол, М.Рубио олон улсын анхаарлын төвд төдийлөн ороогүй бүс нутгуудад айлчилдаг болж, харин гадаад бодлогын илүү ээдрээтэй асуудлуудыг Д.Трампын засаг захиргааны бусад төлөөлөгчдөд, тухайлбал, тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер, дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс нарт даатгах хандлага ажиглагдаж байгааг энэ удаагийн айлчлал харуулж байна.

М.Рубио Төрийн нарийн бичгийн даргын албанд томилогдсоноосоо хойш Киев, Москвад айлчлаагүй юм. Тэрбээр мөн энэ сарын эхээр Флорида муж улсад болсон АНУ, Украины албаныхны хэлэлцээнд оролцоогүй. Уг яриа хэлэлцээний үеэр АНУ-ын тал Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоохыг Украинд шахаж байжээ. Түүнчлэн Ираны төлөөлөгчидтэй дөрөвдүгээр сард Пакистанд хийсэн энхийн хэлэлцээнд АНУ-ыг М.Рубио бус, дэд ерөнхийлөгч Вэнс төлөөлөн оролцсон байна. М.Рубио 10 дугаар сарын эхээр хийсэн гадаад айлчлалынхаа үеэр Грек, Португал, Исландад очжээ.

АНУ-ын засгийн газрын түвшний өндөр албан тушаалтнууд гадаад айлчлалаа геополитикийн чухал хотууд эсвэл "халуун цэгүүд" рүү чиглүүлэх ёстой гэсэн байр суурийг Д.Трампын засаг захиргааны төлөөлөгчид ихэвчлэн няцаадаг.

Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландау өнгөрсөн долоо хоногт “X” нийгмийн сүлжээнд бичихдээ, Төрийн нарийн бичгийн дарга зөвхөн тодорхой улс орнуудад л айлчлах ёстой гэсэн ойлголт нь “АНУ-ын өнөөгийн гадаад бодлогын хүрээнийхний доройтол, уналтыг тод харуулж байна" гэжээ.

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.