АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ
АНУ сүүлийн үед үйлдвэрлэж буй сум, зэвсгээ холбоотнууддаа худалдахын оронд өөрийн нөөцийг бүрдүүлэхэд ашиглаж байгаа бөгөөд хангалттай нөөц бүрдүүлсний дараа нийлүүлэлтээ сэргээхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп "Newsmax" телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
“Сүүлийн үед бид үйлдвэрлэж буй сум, зэвсгээ өөрсдөдөө үлдээж байгаа. Учир нь бидэнд өөрсдөд маань хэрэгтэй байна. Бид хангалттай нөөцтэй байх ёстой. Нөөцөө бүрэн нөхөж, шаардлагатай хэмжээнд хүргэсний дараа холбоотнууддаа дахин худалдаж авахыг зөвшөөрнө” гэж Америкийн удирдагч хэлсэн байна.
Д.Трамп мөн өөрийн өмнөх Ерөнхийлөгч Жо Байденыг Украинд олон тэрбум ам.долларын цэргийн тусламжийг ямар нэгэн төлбөр шаардахгүйгээр үзүүлсэн хэмээн шүүмжилжээ. Түүний хэлснээр, өмнөх засаг захиргаа Киевт агаарын довтолгооноос хамгаалах "Patriot" систем, Tomahawk далавчит пуужин зэрэг их хэмжээний зэвсэг нийлүүлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа Европын орнуудаас Америкийн зэвсгийн төлбөрийг төлөхийг шаардсан гэдгээ онцолжээ. “Би Европын Холбоонд та нарт юу ч үнэгүй өгөхгүй, төлбөрөө төлөх ёстой гэж хэлсэн. Тэдэнд хангалттай мөнгө бий. Тэд бидэнд төлбөрөө төлж, бид тэдэнд сум, зэвсэг нийлүүлж байсан. Энэ тогтолцоо үр дүнтэй ажиллаж байсан” гэж Д.Трамп нэмж хэлжээ.
Д.ЖАРГАЛ

.jpg)






































































Сэтгэгдэл