Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа

Aдмин / Улстөр

Тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын өчигдрийн чуулганаар эцэслэн баталлаа.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг “126 гишүүнтэй ардчилсан Монгол Улсын парламентад хуулийг олон талаас нь ширүүн мэтгэлцээнтэйгээр хэлэлцэж болдгийн нэгэн жишээ нь энэ хууль байлаа. УИХ багийн шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрээрээ бид 13 жил шинэчилж чадахгүй байсан тамхины хяналтын тухай хуульд ахиц гаргаж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах алхмыг хийсэндээ баяртай байна. Үзэл санаанд нэгдэж, хамтдаа байж, багаар ажилласан, өнөөдөр эцэслэн батлах санал хураалтад оролцон саналаа өгсөн УИХ-ын гишүүддээ талархлаа илэрхийлье. Хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль үр дүнгээ өгч, хэрэгжилт нь сайн байж, 2030-2031 онд тамхидалтыг 13 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхийн төлөө хэрэгжилтэд нь анхаарч ажиллана” гэв.

Харин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Янжуур тамхи болон цахилгаан тамхи буюу вэйп нь адилхан хортой тул адил татвар авна, адилхан зохицуулалтад орж байна. Мөн аль нь ч бай жимсний амт, гаа, үнэр бүгд хориглосон. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс амттай үнэртэй, гоё харагдсан, жимсний амттай аливаа тамхийг Монгол Улсад хэрэглэж болохгүй. Харин хамрын тамхи буюу уламжлалт монгол тамхинд ямар ч нөлөөлөл байхгүй. Ямар нэг хориг саад байхгүйг онцлон хэлье” хэмээн ярилаа.

Энэхүү хууль нь тамхины хэрэглээг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуульд дараах нэмэлт өөрчлөлтүүдийг тусгажээ. Үүнд:

-Электрон тамхи, халаадаг тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг боловсронгуй болгох

-Залуучуудын тамхины хэрэглээг өдөөж буй амт, үнэр зэрэгт хязгаарлалт тогтоох

-Тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх

-Хяналт, хариуцлагыг чангатгах

-Тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.

Эрүүл мэндийн яамнаас хуулийн хэрэгжилтийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах юм байна


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.