Б.НОМИН-УНДРАХ: ДАРАА ЖИЛ БОЛОХ ТЭМЦЭЭНДЭЭ АМЖИЛТАА АХИУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙГАА

Aдмин / Боловсрол

Швейцарь улсын Цюрих хотноо долдугаар сарын 16-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын химийн 55 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртсэн “Орчлон” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Номин-Ундрахтай ярилцлаа.


-Олон улсын химийн олимпиадаас медаль хүртсэнд баяр хүргэе?

-Швейцарь улстай танилцахад их хөгжилтэй санагдсан. Ирээдүйд тэнд очиж сургуульд суралцах хүсэл мөрөөдөл байна. Олон Улсын олимпиадад оролцоход бусад орны хүүхдүүдтэй ярилцах нь үнэхээр сонирхолтой байсан. Туршлага суусан гэх юм уу. Дараа нь Саудын арабд болох тэмцээнд амжилтаа ахиулахыг зорьж байгаа.

-Таны оролцсон хэд дэх олимпиад вэ. Өмнө нь олон улсын олимпиадад оролцож байсан уу?

-Дунд ангид байхдаа Хятад, Сингапур, Вьетнам зэрэг улсад очиж олимпиадад оролцож байсан. Тэр үед улсаа төлөөлөөгүй, сургуулиа төлөөлж явж байсан. Энэ нь надад суурь болж өгсөн. Өнгөрсөн тавдугаар сард Казахстан улс руу олон улсын химийн Менделеевийн олимпиадад оролцсон. Ер нь олон улсын олимпиадад оролцоход маш сайн туршлага болсон гэхэд болно. Туршилт хийх ямар байдгийг ч ойлгосон.

-Химийн хичээлийн юу нь хамгийн гоё, сонирхолтой санагддаг вэ?

-Надад химийн хичээлийн хувирамтгай шинж чанар нь таалагддаг. Цаашид ямар ч зүйл рүү сонирхож орсон химийн хичээл тус дэм болдог. Суурь нь болдог гэж боддог. Миний хувьд физикт сонирхолтой. Ирэх жилээс хими, физикээ хослуулаад төгсөхөөрөө энэ чиглэлээрээ суралцана. Химийн хичээл их сонирхолтой. Хими өөрөө ерөнхий том ойлголт. Тэр болгоныг бага багаар үзэж, судалж одоогийн мэдлэгтээ баяртай байгаа. Цаашид илүү их зүйлийг мэдэхийг хүсч байна.

-Олон улсын олимпиаддаа хэр хугацаанд бэлтгэсэн бэ?

-Өмнөх зунаас эхлээд дүүрэг, нийслэл, улсын олимпиадад оролцсон. Олон улсын олимпиадын хувьд ойролцоогоор хоёр сар бэлдсэн. Шалгарсныхаа дараа нэг сар МУИС-ийн багш нартайгаа баг болж бэлтгэж байлаа. Бэлтгэл дээрээ олон янзын туршилт их хийсэн. Энэ нь маш их тус болсон. Яагаад гэвэл бид өмнө нь туршилтыг гүнзгийрүүлсэн түвшинд хийж байгаагүй. Олон улсын олимпиадад ороход туршилт хийсэн нь маш сайн бэлтгэл болсон. Нийслэл, дүүргийн олимпиадад бэлтгэж байхдаа С.Хүрэлбаатар, С.Сувданчимэг багш болон “Орчлон” сургуулийн химийн сонгоны 10, 11 дүгээр ангийн хүүхдүүдтэй бэлтгэл хийхэд сонирхолтой байсан.

-Олимпиаддаа бэлтгэж байхад багш нь юуг хамгийн их захиж байв?

-Ирээдүйн зорилгоо харж, химийн хичээлд дуртай байж химийн хичээлээр цааш яваарай. Заавал бусадтай өрсөлдөх биш дуртай зүйлээрээ л суралцаарай гэж байнга захидаг.

Багштайгаа болон бусад сонгоны хүүхдүүдтэй багаараа бэлтгэл хийдэг. Ганцаараа бэлтгэл хийсэн бол энэ түвшинд хүрэхгүй байсан гэж бодож байна. Хамт олноороо нэг нэгэндээ туслаад бэлтгэл хийвэл илүү үр дүнтэй юм шиг санагдсан.

-Олон улсын шалгалтууддаа хэрхэн бэлтгэж байв. Туршлагаасаа хуваалцаач?

-Бид ихэвчлэн бодлого боддог. Мэдэхгүй зүйл гарвал номоо дэлгэрүүлж уншиж дахин бодлогоо бодож бататгадаг. Эхлээд мэдэхгүй зүйлээ туршиж хийнэ. Тэгээд уншсаныхаа дараа мэдчихээд давтдаг. Шинээр нэг зүйл мэддэг болсноо анзаарах нь их сайхан мэдрэмж төрдөг. Олон улсын олимпиад дөхөөд ирэхээр өгсөн сэдвээсээ илүү их юм уншсан. Бодлогуудаа мөн адил дахин давтсан. Бодлогоо бодохдоо эхлээд хариуг нь харахгүйгээр оролдож үзээсэй. Ямар нэгэн зүйл бичсэнийхээ дараа хариуг нь хараад дахиж бодож өөрийгөө шалгах хэрэгтэй. Ингэж бодвол илүү үр дүнтэй. Бодохгүйгээр шууд хариуг нь хараад явбал цаашид өөр бодлогыг ч бодож чадахгүй байх магадлалтай. Мөн уншсан зүйлээ бие биетэйгээ хуваалцаад явах нь найзуудтайгаа хамт сайжраад сайн юм билээ.

-Ер нь хими Монголын хөгжилд ямар хэрэгтэй гэж боддог вэ?

-Хими Монголд хөгжвөл хүүхдүүд химийн хичээлд сонирхолтой болж, шинжлэх ухааныг ч мөн сонирхож эхэлнэ. Гадагшаа сурахаас илүү эх орондоо үлдэх байх.

-Химийн хичээлийг сайн хийхийн тулд юуг хамгийн сайн ойлгох хэрэгтэй вэ. Чиний бодлоор...?

-Хүүхдүүд химийн хичээлийг хэцүү гэдэг. Анхан шатныхаа хичээлийг сурчихаад түүнийгээ ойлгохгүй болоод ирэхээрээ чадахгүй байна гээд буугаад өгчихдөг. Тиймээс бууж өгөхгүйгээр ахисан түвшний хичээлүүдээ үзээд эхэлбэл хими сонирхолтой, дажгүй санагдана гэдэгт итгэж байна. Бууж өгөхгүйгээр өшөө илүү суралцаад үзээсэй. Мөн хими талаас нь ойлгохгүй байж бодлого бодвол алдах магадлалтай.

-Олимпиадын үед хамгийн хэцүү даалгавар нь юу байсан бэ?

-Хамгийн хэцүү нь цаг давчуу санагдсан. Таван цагт гурван лаборатори хийнэ. Ихэнх хүүхэд зарим бодлогоо хийж амжаагүй байсан. Миний хувьд онолын асуултдаа хариулах хэсгээ зарим зүйлийг нь хараахан амжаагүй. Тиймээс хурдаа сайжруулах тал дээр цаашид анхаарна. Ялангуяа туршилтын хэсэг. Энэ олимпиадаас маш их туршлага хуримтлуулсан. Дараа жил илүү сайжирч амжилтаа ахиулна.

-Ямар чиглэлээр сурах тэмүүлэлтэй байгаа вэ. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Одоогоор мэргэжлээ сонгоогүй ч физик, хими тал руугаа сурна. Цаашдын зорилго гэвэл сайн сургуульд орж, амжилттай суралцана. Ойрын зорилго гэвэл дараа жил олон улсын болон улсын олимпиадад илүү амжилттай оролцоно.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.