ДӨРВӨН СУРГУУЛЬ, 14 ЦЭЦЭРЛЭГ, ДОЛООН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

Aдмин / Боловсрол

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа.

Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглал хөтөлбөр 40 гаруй хувьтай хэрэгжиж буй. Эрх зүйн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүдийн дэмжлэгтэйгээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан.

Мөн Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 19-ний өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг анх удаа цогцоор нь хэлэлцээд, хотын түгжрэлийг шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үлдээх түүхэн шийдвэр гаргасан юм.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж байгааг Хотын дарга онцолж байлаа.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 5300, цэцэрлэгийн орыг 3605-аар нэмэгдүүлсэн. Тодруулбал, дөрвөн сургууль, 14 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолбор, монгол өв, уламжлал ёс заншлын 11 өргөө байгуулсан юм. Мөн нийтийн тээвэрт иж бүрэн парк шинэчлэл хийж байна. Нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийхээс одоогийн байдлаар 415 автобус оруулж ирээд буй. Үлдсэн 810 автобусыг энэ онд оруулж ирнэ.

2040 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 2.6 саяд хүрнэ. Нийслэлийн орлогын эх үүсвэрийн 91.6 хувь нь татварын, 8.4 хувь нь татварын бус орлого байна. Хотын эдийн засгийн өнөөгийн байдал төсөв “шүтсэн” байгаа юм. Иймээс үе шаттай төлөвлөлт хийх, санхүүгийн олон эх үүсвэртэй болгон хөгжүүлж, хотын хөгжлийг индексжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нийслэл анх удаа үнэт цаас гаргах эрхтэй болсон бөгөөд энэ нь ажил хэрэг болж буй. Ингэснээр санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болно. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл чухлыг онцоллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.