ОХУ-ын "Луна-25" сансрын хөлөг саран дээр осолджээ

Aдмин / Шинжлэх Ухаан

ОХУ-ын "Луна-25" сансрын хөлөг саран дээр осолдсоныг мэргэжилтнүүд мэдээллээ. Энэ сарын 11-нд хөөргөсөн "Луна-25" хөлөг нь 1976 оноос хойшх Оросын анхны сансрын хөлөг байсан юм. Төлөвлөгөө ёсоор "Луна-25" хөлөг нь өнөөдөр саран дээр газардах ёстой байсан ч наймдугаар сарын 19-ний Бямба гарагт осолдсон байна. Уг хөлгийг Энэтхэгийн "Чандраяан-3" хөлгөөс урьтаж сарны өмнөд туйлд газардуулахаар төлөвлөж байсан юм.

Сарны өмнөд туйлд нар тусдаггүйгээс мөс болон бусад химийн нэгдлүүд байх боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байгаа. Үүнээс урьд нь хүн төрөлхтөн Сарны өмнөд туйлд хүрч очсон удаагүй юм. Тэгвэл ийм онцлог чанартай сарны өмнөд туйлд газардаж, судалгаа хийхээр Энэтхэг улс "Чандраяан-3" хөлгөө хөөргөж байсан бол ОХУ мөн сарны өмнөд туйлд газардах "Луна-25" хөлгийг хөөргөсөн юм.

"Чандраяан-3" болон бусад орны сансрын судалгаанаас ялгаатай нь "Луна-25" хөлөгт сарнаа явагчийг байршуулаагүй, зөвхөн газардах төхөөрөмжөөс бүрдэж байсан юм. Шалтгаан нь ОХУ-ын шинжлэх ухаан, технологийн салбарт зориулсан төсөв цэрэг армийн салбар луу голчилж төвлөрч байсантай холбоотой. "Луна-25" хөлгийг сарнаа явагч ачихаар бүрэн тоноглоогүй байсан гэдгийг мэргэжилтнүүд анх хөөрөхөд нь тайлбарлаж байсан. "Луна-25" хөлгийг хөөргөж байгаа гол зорилго нь ОХУ олон жилийн дараа их гүрний байр сууриа хадгалан саран дээр газардах төлөвлөгөөтэй байсан гэж ажиглагчид үзэж байсан.

Харамсалтай нь хөлгийн газардагч хэсэг саран дээр осолдсон гэдгийг Оросын Роскосмос сансрын агентлаг мэдээлсэн. Роскосмос агентлагийн мэдэгдэлд дурдсанаар 800 килограммын жинтэй газардагч сарны гадаргуутай мөргөлдсөн байна. Одоогоор яагаад осолдсон талаар судалж байна гэж мэдэгдсэн. Оросын сансрын агентлагийн зүгээс "Луна-25" хөлгийн аяллыг эрсдэлтэй гэдгийг тооцоолж байсан ч энэ осол ОХУ-ын сансар судлалын салбарт хүнд цохилт боллоо гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.