ИНЖЕНЕР Б.НЯМДАГВА: ЗАМЫН УУЛЗВАРУУД, ГЭРЛЭН ДОХИО, ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫГ БАГАСГАЖ БАЙЖ ТҮГЖРЭЛ БУУРНА

Aдмин / Нийгэм

Зам, геодезийн инженер Б.Нямдагватай Улаанбаатар хотын замын түгжрэлийн шийдлийн талаар ярилцлаа.


-Нийслэлийн авто замын түгжрэл жил ирэх тусам бахь байдгаараа байна. Өнөөдөр ч энэ асуудал хурцаар яригдаж байна. Яагаад нийслэлчүүд ийм байдалд хүрчихэв. Инженер хүний хувьд та үүнийг яаж хардаг вэ?

-Хот төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн оршин суугчдын тоо жил ирэх тусам өсч, тооцоолоогүй суурьшлын бүсүүд маш олноор бий болсон. Энэ тухай бид олон жил ярьсаар ирлээ. Гэвч одоо нэгэнт ийм болчихсон түгжрэлийг яаж дордуулахгүй байх вэ гэдэг тухай авч хэлэлцэх нь чухал.

Бидний анхаарах ёстой нэн тэргүүний асуудал бол шинээр тавигдаж байгаа замууд яг олон улсын чанар, стандартын дагуу баригдаж чадаж байна уу гэдгийг анхаарч үзэх ёстой. Харамсалтай нь бодит байдал дээр ихэнх нь чадахгүй байна. Жишээ нь, нэг зам тавилаа гэж бодоход явган хүний зам, тээврийн хэрэгслийн зам хоёр нэг түвшинд зэрэгцээ огтлолцоод ирэхээр л түгжрэл нэмэгдээд байгаа юм.

-Өнөөдрийн нөхцөлд нийслэлчүүд бид яавал түгжрэл багатай өвлийг давах вэ гэдэг асуудал хамгийн чухал байна. Гэвч авто машиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах шийдэл л яригдаж эхэллээ. Олон нийт ч бухимдалтай байна?

-Улс орны цаашдын урт хугацааны бодлогын хүрээнд авч үзвэл энэ нь шийдэл гэж нэрлэх боломжгүй ойлголт. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаа учраас яалт ч үгүй ачаалал нэмэгдэх нь ойлгомжтой. Дугаарын тэгш сондгой хуваарилалт бол ердөө л түр хугацааны аргаа барсан үйлдэл.

-Тэгвэл түгжрэлийн шийдэл юу байж болох вэ. Дүүжин тээвэр, метро зэрэг нь мөрөөдөл болчихлоо шүү дээ?

-Мэдээж хэрэг бүхэл бүтэн улсын хэмжээнд том зургаараа яригдах ёстой асуудал тул метротой болох боломж ирээдүйд гарч ирвэл сайн л хэрэг. Метро бол өнөө маргаашдаа гэхээс илүү улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хамаарна.

Харин бид дунд хугацаандаа эхний ээлжинд явган хүний зам, авто машины замыг нэг түвшинд барихаа зогсоож явган хүний нүхэн гарц, гүүрэн гарц зэргийг дараа дараагийн баригдах замууд дээрээ бодлогын түвшинд төлөвлөх хэрэгтэй. Ихэнх гэр хорооллын замуудыг ажиглаж байхад хүний явган зам бүү хэл хоёр урсгалын машинууд чөлөөтэй зөрөлдөх зайгүй давчуу баригдаж байна. Яагаад тэнд явган хүний зам, гарцыг шийдэж болохгүй байгаа вэ гэвэл гэр хорооллын айлууд газар чөлөөлөлтөө бүрэн хийхгүйгээс замаа буруу төлөвлөж барьж байна гэж ойлгож болно.

-Явган хүний зам, авто машины замыг нэг түвшинд барихаа зогсоох хэрэгтэй гэдгийг тодруулж ярьж өгөхгүй юу?

-Ерөөсөө авто машины урсгалыг зогсоохгүй явуулах ёстой л гэсэн санаа.

Өнөөдрийн манай төвийн болон туслах замуудыг хараарай. Маш олон уулзвар, гэрлэн дохио, явган хүний гарц байгаа. Тэр бүрд ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсч байдаг. Үүнийг тусад нь төлөвлөх ёстой. Тэр тусмаа төв замыг төлөвлөхдөө авто машинууд саадгүйгээр шууд зорчих байдлаар барих ёстой. Япон, Солонгост яг л ийм байдаг. Харин тойрог уулзвараар холбогдож байгаа замууд дээр саад болохооргүй, хоёр түвшнээр огтлолцуулж барьж өгвөл хөдөлгөөн бас л саадгүй зорчино. Нэг ёсондоо замаа дээгүүр, доогуур хоёр түвшинд төлөвлөнө. Явган хүний гарцыг ч тэр, өөр түвшинд гүүр, нүхэн гарц байдлаар хийж өгөх ёстой.

-Энхтайваны өргөн чөлөө гэхэд маш олон гэрлэн дохио, уулзвартай. Таны ярьснаар бол тэдгээр уулзваруудыг багасгах хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм ээ. Энхтайваны өргөн чөлөө бол дөрвөн замын уулзвар олонтой. Дөрвөн замын уулзвар байна гэдэг гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаа. Хөдөлгөөний ачаалал ихэслээ гэхэд нэг талаасаа уулзвараар нэвтэрч амжаагүй байхад эсрэг урсгалын гэрлэн дохио асчихдаг. Ингээд л нөгөө талын машин орж ирээд л чагтлаад таг зогсчихдог шүү дээ. Ийм байдлыг үүсгэхгүйгээр уулзварыг хоёр түвшинээр шийдэж өгвөл түгжрэл үүсэх нөхцөл бүрдэхгүй.

Ойр ойрхон уулзварыг зөвхөн өргөн зам дээр л хийдэг. Олон эгнээтэй зам дээр уулзварууд нэг их нөлөө үзүүлдэггүй. Гэтэл манай замууд ямар нарийхан билээ. Хоёрхон эгнээтэй, дээр нь хэдэн метр яваад л уулзвар, гэрлэн дохио, явган хүний зам угтаад байдаг болохоор хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсгэдэг.

-Одоогийн байгаа уулзваруудыг багасгах боломжтой юу?

-Нүхэн гарц, гүүрэн гарцыг нэмж байгуулахад болохгүй юм байхгүй.

-Улаанбаатарчуудын хамгийн их зорчдог, үйлчилгээ авдаг хэсэг бол төвийн буюу Сүхбаатар дүүрэг. Энэ дүүрэг дээр гэхэд замын хөдөлгөөний ачааллыг яаж бууруулж болох бол. Инженер хүнд шийдэл харагдаж байгаа болов уу?

-Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн Улаанбаатар хотын анхны төлөвлөлт хэд дахин нэмэгдчихсэн, үүнийгээ тооцоолохгүйгээр төлөвлөлтөө хийчихсэн гэсэн шүү дээ. Үүний хамгийн том илрэл бол таны хэлсэн Сүхбаатар дүүрэг орчмын замын хөдөлгөөн. Мэргэжлийн хүний нүдээр харахад энд хоёр төрлийн шийдэл хэрэгтэй. Нэгд, авто зогсоолыг олон болгох. Нийслэлийн ихэнх иргэд үйлчилгээ авах гээд энэ дүүрэгт ирдэг ч машинаа тавих зогсоол олддоггүй. Ингээд хориглосон газар, нэгдүгээр эгнээнд машинаа тавьж таардаг. Ингээд л хөдөлгөөнд ачаалал үүсгэж эхэлдэг. Хоёрт, төв замын зүүн эргэх чиглэлийг хязгаарлах нь зөв. Сүхбаатарын талбайн хоёр талаар зүүн эргэх хориотой шүү дээ. Энэ зөв шийдэл. Хөдөлгөөний ачааллыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж чадсан. Ийм шийдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Jet scooter, унадаг дугуйг сонгон унах иргэдийн тоо жил ирэх тусам өсч байна. Хөдөлгөөний ачааллыг бууруулахад үр дүн өгч чадах уу?

-Авто зам бол дан ганц машинд зориулагдаж баригдсан зүйл биш. Үүнд машинаас гадна дугуй, скүүтер, мопед, мотоцикль зэрэг бүх ангиллын тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиж байж тэрийг зам гэж нэрлэдэг. Нэг цаг гаруй зам дээр түгжирч байхын оронд очих газраа скүүтэр, дугуй унаад 15-30 минутад очихыг хэн ч илүүд үзнэ шүү дээ. Манайд энэ талын хэрэгцээ өндөр болж байгаа учраас гол нь зориулалтын замуудыг нь сайн барьж өгөх л чухал байна.

-Автомашины татварыг нэмэгдүүлж, татвараа төлөөгүй, торгуультай жолооч нарыг хөдөлгөөнд оролцохыг хоригловол түгжрэлийг бууруулахад үр дүнтэй гэж зарим хүмүүс ярьж байгаа. Зөв үү?

-Гадаадад олон жил явчихсан насжилт урттай тээврийн хэрэгслийг хямд үнээр худалдан авдаг ченж, хувь хүмүүс манайд маш олон бий. Тэдний хувьд нэгэнт л хямд үнээр цаад газраасаа худалдан авалт хийсэн тул гаалийн татвараа манайх нэмээд өгвөл магадгүй хэрэглээнээс гарсан хуучин машин орж ирэх нь багасна.

Төвлөрсөн сургууль, захуудыг хотын зах руу нүүлгэх шийдлүүд яригддаг. Олон жил ярьсан асуудлаа бид шийдэх боломж нь байвал өнөө маргаашгүй гаргах хэрэгтэй. Ард иргэд энэ шийдвэрт дургүй байж болох ч цаашдын улс эх орны алсын хараагаа бодож зоригтой нүүдэл хийх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тэднийг дагаад дэд бүтцийн олон асуудал хотын захын дүүргүүдэд шийдэгдэх болно. Олон улсын жишиг ч мөн тийм л байгааг бид бодолцох ёстой.

Гол нь зам барих нь дан ганц зам гүйцэтгэлийн компаниудаас хамаардаггүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Энэ нь бодлого, судалгаа тооцооллын дүнд маш олон шат дамждаг. Ингээд нэг зам барих боллоо гэхэд айлуудын газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулдаг. Дэд бүтцийн тусгай хэсгүүдэд айлууд буух ёсгүй. Гэтэл аль хэдийнээ газар олгочихсон, гэрчилгээтэй албан ёсжсон байдаг. Нөгөө л нэг зөвшөөрөлгүй газар олголтын олон жилийн уршиг нь өнөөдөр ч ажлаа явуулахад саад болсоор байна.

Манай улсын хувьд бид бүтээн байгуулалтын улирлаа бүтэн жилээр авч үзвэл зуны хэдхэн саруудад л үргэлжилж байна. Иймээс хаана хаанаа бодох л асуудал. Байшин барихад эхлээд сууриа сайн хийж байж дээр нь өндөр байшин сүндэрлэж чаддаг. Үүнтэй яг л адилаар зам барихдаа анхны тооцоо зураглалаа маш няхуур зөв гаргахгүй бол процессын дунд алдаатай болж таараад тэрийг засварлах гэвэл хөрөнгө мөнгө хэрэгтэй болж таардаг. Түүнээс гадна өөр нэг онцлох зүйл бол зам ашиглалтын стандарт. Баригдсан замууд дээр хэдэн тонн жинтэй машин явж болох тухай норм, стандарт гэж бий. Тэр нормыг давсан хүнд даацын машин явбал мэдээж тухайн зам маш хурдан эвдэрнэ. Иймд стандартыг аль аль шатандаа заавал дагаж мөрдөх хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.44] 2023-08-27 17:13:44

Хэтийн зорилго үгүй бол ойрын зовлон эхэлдэг

Зочин [202.126.90.44] 2023-08-27 17:13:18

Ойрхон газарт яараагүй бол явган алхах хэрэгтэй

Зочин [202.9.47.6] 2023-08-26 22:50:23

Дээрээс замын нэртэй захиалгын зохицуулалт хийдэг хэдэн лаларын цагдаа нарыг 50 хувь багасгавал түгжрэл нэлээд олон хувиар буурна

Зочин [66.181.160.74] 2023-08-26 21:46:58

Ийм цэцэн туулай олширчээ харамсалтай

Ганаа [66.181.189.126] 2023-08-26 06:06:30

Шаадаг гар вэ .Явган хүийг ад үзэх юм Дээшээ доошоо явж баймааргүй л байн шүү.Ялангуяа 19ийн тэр өндөр шат бүр лайтай

зочин [103.212.117.219] 2023-08-25 13:51:32

их дээд сургуулиудыг харьяа харьяанд нь гаргах нь хамгийн зөв санаа

Ингэвэл ядахдаа 500 мянгаар УБ-ын хүн ам цөөрнө. [103.57.92.20] 2023-08-25 13:40:17

1. Хөдөөд холбоотой бизнесийг хөдөөрүү нь гаргах. 2. ХАА-н дээд сургууль, ТМС, техникумуудыг аймгуудруу нүүлгэх. 3. Зарим дээд сургуулийг аймгуудад байршуулах. 4. Хөдөөний гаралтай ядуучууд хотод нүүж ирдэгийг болиулах.

Зочин [202.126.89.235] 2023-08-25 12:50:28

Сүүлийн үед ийм сэтгэцийн өвчтэй юм шиг мэргэжилтэн гэх хүмүүс олшироод байгаа. Явган хүнээ бодох ёстой. Бас гарцгүй замаар юугаа хийж явахав дээ, Хүн бүр л ажил хөөцөлдөж яваа

Зочин [103.212.116.172] 2023-08-25 11:16:37

Явган хүний нүхэн болон гүүрэн гарцыг уулзвар болгон лээр хийх хэрэгтэй. Гэрлэн дохиог дахин программчлах хэрэгтэй ж:нь ногоон гэрэл асаад хөдөлгөөн эхлэхэд дараагийн уулзвар бас ногоон асаж байж бүгд зэрэг хөдлөнө шүү дээ гэтэл манайх ногоон гэрлээр хөдөлгөөн эхлэхэд дараагийн уулзвар улаан асчихсан бүгд л зогсож байх жишээтэй, Төв замууд Зүүн эргэдэгийг хориглох хэрэгтэй, Ногоон гэрлээр баруун эргэтэл явган хүний хөдөлгөөн эхэлчихсэн бас байдаг даа . Автобусыг богино эргэдэг болгох, 1 цаг дотроо дамжин суувал үнэгүй болгох гэх мэт арга уг нь бна даа Эд уг нь маниасаа л илүү сэтгэдэг байх гэж боддог доо кккк

Зочин [103.57.94.132] 2023-08-25 10:04:04

Teneg Ork baina! yavgan hun yaaj garah yum? ihevchlen hugshin humuus, huuhduud bga!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.