НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД НЭГДҮГЭЭР АНГИД 35.8 МЯНГАН СУРАГЧ ЭЛСЭНЭ

Aдмин / Боловсрол

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, хурлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Зөвлөлийн хурлаар 2023-2024 оны хиээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц болон Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг хэлэлцлээ.

Он гарснаас хойш нийслэлд боловсролын 21 барилга ашиглалтад орлоо

2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшил нийлсэн нийт 667 цэцэрлэгт 129,946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384,676 сурагч суралцах бөгөөд эдгээрээс 35,866 нь нэгдүгээр ангид элсэх юм. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шатны бүртгэлээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 142,798 хүүхдээс 104,762 хүүхэд буюу 73.3 хувь нь хүсэлт гаргаад байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хуваарилалтыг хийж дууссан бөгөөд хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 11-22-ны хооронд болох төлөвтэй байгаа” гэв.

Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод он дамжин хэрэгжиж буй болон 2023 онд шинээр хэрэгжихээр баталсан 47 сургууль, 88 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 25 цогцолбор, гурван спорт заал, нэг дотуур байр, нийт 164 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт таван сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж өнгөрсөн оноос 2910 ор, 4080 суудлаар нэмэгдсэн байна.

Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 83 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэн, 9240 ороор нэмжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 22 барилгыг түрээсэлж, 13,815 суудлыг нэмэгдүүлснээр гурван ээлжийг хоёр ээлжид шилжүүлээд байна. Тэрчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар цэвэр агаар" төслийн хүрээнд нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилга байгууламжийг дулаалах ажил хийж буй. Мөн "Сургуулийн автобус" төслийн хүрээнд нийт 288 автобус үйлчилгээд явах аж.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хэрэгжиж буй их засвар, дулаан техникийн шинэчлэлийн төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгахад анхаарахыг үүрэг болгов. Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, зохион байгуулалтад анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.