Ж.ДЭЛГЭРСАЙХАН: БОГИНО ХУГАЦААНЫ СЭРГЭЛТИЙГ ҮР АШИГТАЙ АШИГЛАХ, ХАДГАЛАХ ХЭРЭГТЭЙ

Aдмин / Эдийн засаг

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Оны эхний хагасын эдийн засгийн гүйцэтгэл гарлаа. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг та хэрхэн тодорхойлох вэ. Ер нь энэ намрын эдийн засаг ямар байхаар байна?

-Оны эхний эдийн засгийн гүйцэтгэлээр ДНБ-ний өсөлт 6.4 хувийн өсөлттэй гарсан гэж ҮСХ-ноос мэдээлсэн. Үүнд голлох эерэг нөлөөллийг уул уурхай, үйлчилгээний салбар бий болгосон байна. Үүнээс гадна гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, төсвийн орлого гэх мэт макро олон үзүүлэлт нэлээд сайн гүйцэтгэлтэй гарсныг харах боломжтой. Эдгээр нь эдийн засгийн агуулгаараа сайн зүйл мөн. Бидний хувьд эдийн засгийн байдал цар тахлын дараах сэргэлтийн үед шилжсэн гэж хэлж болох. Гэхдээ энэхүү өсөлт чухам юунаас хамааралтай, хэр удаан үргэлжлэх, Монгол Улсын эдийн засгийн суурь асуудал шийдэгдэх, цар тахлын нөлөөллөөр бий болсон ул мөр арилах цаг болсон уу гэдэг өнцгөөс харвал асуудал арай өөрөөр тайлбарлагдах болов уу. Энэхүү эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд нь оны эхний хагаст эрдсийн бүтээгдэхүүний экспорт маш сайн байсантай холбоотой. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт ийм байдалтай өсөлтүүд хэд хэдэн удаа тохиосны нэг юм.

Үүнтэй холбоотойгоор дээрх макро эдийн засгийн үзүүлэлтүүд өндөр гарч байгаа хэрэг. Тиймээс энэ нь хэр удаан үргэлжлэх, үүнийг дунд хугацаанд хэвээр хадгалах боломж байгаа тал дээр анхаарах нь чухал. Бидний хувьд энэ оны эдийн засгийг тав орчим хувийн өсөлттэй гарна гэсэн таамаглалтай байгаа. Өнөөгийн нөхцөл байдалд энэхүү өсөлт нь энэ оны хувьд хэрэгжих бүрэн боломжтой. Нөгөө талаас эдийн засгийн суурь нөхцөлийг бид илүү анхаарах шаардлагатай. Чанаргүй зээл, зээлийн хүү, санхүүгийн зах зээлийн, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн оролцоо гэх мэт хөдөлмөрийн захын үзүүлэлтүүд таагүй байна. Үүнээс гадна өрхийн бодит орлого, түүний бүтцийн асуудал эргэлзээтэй хэвээр байгааг бид анхаарах ёстой. Чухамдаа энэ нь эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байгаа хэдий ч ядуурал, ажилгүйдэл зэрэг эдийн засгийн суурь асуудлууд хэвээр байгааг илтгэж байна гэж бодож байна.

Иймээс намрын хувьд эдийн засгийн нөхцөл байдалд томоохон сөрөг нөлөөлөл байхгүй байж болох ч бид дараа жилийн эдийн засгийн болзошгүй эрсдэлийг тооцох ёстой. Ингэхийн тулд богино хугацааны энэ сэргэлтийг үр ашигтай ашиглах, хадгалах, эдийн засгийн бусад салбарт өсөлтийг бий болгох тал дээр илүү анхаарах хэрэгтэй.

-Инфляци буурсан үзүүлэлттэй гарлаа. Инфляци өсөх эрсдэл ажиглагдаж байна уу?

-Инфляцийн эрч буурч байгаа нь сайн. Таамаглаж байснаас арай эрт нэг оронтой тоогоор хэмжигдэж эхэллээ. Харамсалтай нь бид 20 гаруй сар хоёр оронтой тоо бүхий инфляцитай явчихсан. Энэ нь нийлмэл байдлаараа хоёр жилийн дотор ерөнхийдөө 30 орчим хувийн дарамт иргэдийн нуруун дээр ирсэн, цаашдаа ч нөлөөлсөөр байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тодруулбал, бид хэрэглээний үнээр тооцсон үнийг ерөнхий өсөлтийг инфляцийн тооцоололд ашигладаг. Тэгвэл иргэдийн орлогын түвшин, хэрэглээний бүтцээс хамааруулан нарийвчлан тооцвол ялангуяа бага, дунд орлоготой хүмүүст үүнээс ч өндөр үнийн дарамт ирж байгаа. Цаашид инфляцийг бууруулах, өсөх эрсдэлийг багасгах тал дээр илүү ач холбогдол өгөх хэрэгтэй. Миний таамаглаж буйгаар цар тахлын нөлөөллөөр өрхүүдийн ерөнхий худалдан авах чадвар, амьжиргааны чанар тодорхой хэсэгт нэлээд суларсан. Иймд бид цаашид өндөр инфляцитай удаан явах нь тэдгээр талуудыг улам доройтуулна. Тиймээс инфляцийг хазаарлахаас биш эдийн засгийн өсөлтийг хадгалах, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх талаас асуудалд хандах нь чухал. Гол эрсдэл нь мөнгөний нийлүүлэлт, төсвийн тэлэлтийн асуудал. Дараа жилийн улс төрийг угтсан намуудын акцууд, төсвийн тэлэлт нь гол эрсдэл байх болов уу.

-Зэс, нүүрсний экспорт, үнэ ханш ямархуу байх бол?

-Монгол Улсын эдийн засаг эрдсийн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтайг дээр дурдсан. Эдгээр голлох эрдсийн бүтээгдэхүүний үнийн хувьд ойрын хугацаанд үнийн хэт буурах эрсдэл их биш гэж харж байна. Зэсийн үнэ 3.7, нүүрсний үнэ 149 орчим ам.доллар байгаа нь энэ хавар бага зэрэг доошилсон түвшинээс харьцангуй өссөн үзүүлэлт. Нүүрсний үнийн хувьд Австрали улс дахь байгалийн хийн салбарын хямрал нөлөөлсөн гэж үзэж байгаа. Гэвч БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдалтай холбон харахад ч энэхүү нөхцөл байдал хэвээр хадгалагдах боломжтой гэж үзэх үндэслэл бий. Хэдийгээр БНХАУ-ын эдийн засгийн гүйцэтгэл оны эхний хагаст төдийлөн сайнгүй гарсан ч эдийн засгийг дэмжих зорилгоор аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт томоохон арга хэмжээнүүд хэрэгжүүлэх, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх зэргийг төлөвлөөд байгаа нь оны сүүлийн хагас дахь эрэлт, эрдсийн үнэд эергээр нөлөөлөх боломжийг бий болгох магадлалтай юм. Иймээс богино хугацаанд үнийн томоохон эрсдэл гарахгүй болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Өнөө зун хур ихтэй байлаа, ирэх намар ч бороо элбэг байх төлөв бий гэж цаг уурчид хэлж байна. Хэрвээ ургацад цаг уурын энэ байдал нөлөөлбөл эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ?

-Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх том салбар юм. Эдийн засгийн өсөлтөд ч томоохон нөлөөтэй тул энэ салбар дахь сөрөг нөлөөлөл нь эдийн засаг, инфляци гэх мэтээр өргөн цар хүрээтэй. 2022 оны хувьд эдийн засаг 4.8 өсөхөд тус салбар 1.7 хувийн эерэг нөлөөтэй байсан. Харин оны эхний хоёр улирал, ялангуяа хагас жилийн гүйцэтгэлээр мал аж ахуйн салбартай холбоотойгоор өндөр бууралттай гарсан гэж ойлгосон. Цаг уур, түүний нөлөөллийн талаар би хувьдаа тухайн чиглэлийн хүн биш тул хэлэх боломжгүй. Харин тариалалтын хувьд голлох буюу үр тариа, төмсний хувьд өмнөх жилүүдээс харьцангуй бага байгаа гэсэн статистик мэдээлэл бий. Харин мал аж ахуйн салбар дээр нэмээд газар тариалангийн салбарын байдал хүндэрвэл эдийн засгийн өсөлтөөс гадна хэрэглээний үнийн бууралтад сөрөг нөлөөтэй.

-Оюу толгойгоос өөр том төсөл алга. Өөр төслүүд хэрэгжиж байж эдийн засаг тэлнэ. Хэрэгжих боломжтой төсөл гэвэл ураны салбарт л байна. Ураны төслүүд хэрэгжих гэхээр цөөн иргэд эсэргүүцээд болиулчихдаг байдал ажиглагддаг л даа. Энэ тал дээр засгаас ямар шийдэл, хандлагатай ажиллах ёстой гэж та хардаг вэ?

-Өнөөдөр эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй бидэнд уран чухал гэдэг нь гарцаагүй. Харин уул уурхай, бусад томоохон бодлого, төслүүдийн хувьд би өөрийн гэсэн байр сууриа хэлье. Өнөөдөр бидний хөгжлийг хойш нь чангааж байгаа нэг зүйл энэхүү уул уурхайн салбарт хүчтэй илэрч байна гэж би хувьдаа боддог. Тэр нь төр засгийн зүгээс тууштай бодлого, шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх чадвар дутагдаж байгаагийн илрэл. Гаргаж буй бодлого шийдвэр нь шинжлэх ухаанч бус байгаатай холбоотой. Товчхондоо бид шинжлэх ухаанаас улам л холдсоор байна. Энэ нь өнөөгийнхөөс даамжирвал улс орны хэмжээнд ихээхэн хөнөөлтэй зүйл. Зах зухыг нь гэлтгүй бид үзээд л явж байна.

Ямар сайндаа нэг нөхөр 200 тэрбум шахам төгрөгөөр улсынхаа тал хүн ам дээр “туршилт” хийх санал дэвшүүлээд тэрийгээ баталгаажуулах зорилгоор хэдэн хүн аваачиж “гал түлж” үзүүлээд байж байх вэ дээ. Үүнд хүн итгэж дэмжихэд үнэхээр хүндрэлтэй. Энэ бол бидний эмгэнэл шүү. Иймд миний санал бол шинжлэх ухаанч судалгаа шинжилгээнд суурилсан бодлого, шийдвэр гаргаж, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх, хэн нэгэн саад болохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Нэг нь зөвшөөрөл өгөөд орон нутгийн захиргаа, эсвэл хэдэн хүн эсэргүүцээд болиулж болдог байвал гадаадын байтугай дотоодын хүн ажиллахад хэцүү шүү дээ. Мэдээж тэрхүү шийдвэр нь Монгол Улсын нийт иргэдийн язгуур эрх ашигт нийцсэн байх ёстой.

-Эдийн засгаа тэлэх өөр ямар гарц байна вэ?

-Эдийн засгаа аварна гэхээр бид уул уурхай болон бусад салбарыг хэрхэн хөгжүүүлэх тухай ярьдаг. Үүнийг олон жил ярилаа. Миний хувьд ч гэсэн уул уурхайн салбараас олж байгаа орлогоор эдийн засгийн суурь дэд бүтцийг дэмжих томоохон зам, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Мөн боломжтой салбаруудаа тодорхойлж төрийн зөв бодлогоор дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй нь үнэн. Тэгвэл яагаад бид олон жил яриад хэрэгжихгүй байна вэ гэдгийг сүүлийн үед илүү анхаарах болсон. Учир нь өнөөгийн намуудын төлөвшил, түүнээс хамаарсан засаглалын доройтол, авлига хэрсэн нөхцөлд энийг бид хийж чадахгүй байна гэсэн дүгнэлт юм. Иймээс бид засаглал, тогтолцоогоо, эрх зүйн орчноо сайжруулахад нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Тэгээд цаашид шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбараа тэргүүлэх салбар болгож түүнийгээ дагаж эдийн засгаа хөгжүүлэх дарааллаар хөгжлийн бодлогоо тодорхойлох шаардлагатай. Тэгээд хүн бүр өөрийн боломжийг ашиглан шударгаар бизнес хийх, хөдөлмөрлөх орон зайг бүрэн тэлэх гэдэг нь эдийн засгийг тэлэх гол гарц юм.

Тэгэхгүй бол бид жаахан нүүрс зараад тараагаад л байхгүй бол зээлээд л хөтөлбөрт хамрагдаад явдаг энэ байдлаасаа гарахад хүнд гэж би хувьдаа бодоод байгаа.

-Ам.долларын ханш энэ зун айхавтар савласангүй. Цаашид валютын ханш яаж өөрчлөгдөхөөр ажиглагдаж байна вэ?

-Тогтвортой байсан ханш сүүлийн нэг сард бага зэрэг хөдөллөө. Энд нэг зүйлийг дурдахад гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл эерэг байгаа боловч Монгол Улсын валютын нөөц дорвитой нэмэгдэхгүй байна. Өнөөдөр 3.8 орчим тэрбум гэдэг нь бараг цар тахлын өмнөх үеийн түвшин. Гэтэл энэ хугацаанд валютын ханш, төсөв, мөнгөний нийлүүлэлт, эдийн засгийн хэмжээ зэрэг ихээхэн нэмэгдэж зарим нь хоёр дахин өссөн. Тиймээс би хувьдаа нэмэгдэхгүй байгаа байдал болон нөөцийн түвшин өнөөдрийн эдийн засгийн хувьд хангалттай гэж хэлэхгүй. Цаашдын өөрчлөлтийн хувьд бид бас л нэг л тулгууртай. Тэр нь эрдсийн бүтээгдэхүүний үнэ, гарц буурахгүй байвал ханш харьцангуй тогтвортой байх.

-Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон томоохон төслүүд хэрэгжихээр яригдаж байгаа. Эдгээр төслүүд хэзээнээс үр дүнгээ өгч эхлэх бол?

-Эдийн засгаа тэлэхийн тулд эрүүл засаглал, шударга бизнесийн орчин хэрэгтэй гэж хэлсэн. Тэгвэл энэ тал дээр сүүлийн үед Засгийн газрын зүгээс шинэ сэргэлт, “5Ш” гэх мэт бодлогын хүрээнд засаглал, шударга ёс, авлига, хулгайтай тэмцээд байгааг үр дүнд хүргэж чадвал дэмжлэг болох боломжтой. Ялангуяа нэг сэргэлт нь засаглалын сэргэлт байгаа нь ихээхэн зөв санаа юм. Энэ эхэлсэн ажлын зорилго нь зөв, үр дүн нь тодорхой байгаасай гэж хүлээж байна. Богино хугацаанд бидний олон жил ужгирсан олон асуудлыг хөндөж заримыг нь ил гаргалаа. Хулгай, авлигатай ямартай ч тэмцэл эхлүүлж байгаа харагдсан. Эдийн засгийн хувьд ч боомтын сэргэлт зэрэг бодлого нь үр дүнгээ өгч эхлээд байгаа гэж харж байна. Харин нэг зүйлийг нэмэхэд эдгээр нь хөгжлийн нэгдмэл, цогц үзэл баримтлал итгэл үнэмшилд суурилсан судалгаа шинжилгээтэй байвал хэрэгжих магадлал илүү өндөр юм. Мөн бид эдгээр сэргэлтийн бодлогыг үргэлжлүүлж 2050-д чиглэж хөгжихийг хүсч л байгаа бол азаар өнөөдөр анхаарч эхлээд байгаа боловсрол, эрүүл мэндийн салбарыг нэн тэргүүнд тавьж хөгжүүлэх шаардлагатай.

М.Мөнхцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [202.9.46.7] 2023-08-29 11:24:21

хулгайчдыг барьж музэй шорон барьж орлого ольё

Зочин [203.98.76.249] 2023-08-29 10:57:34

төрийн бөөсүүдээ алж салах нь тэргүүний ажил юм


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.