Д.Дашпүрэв: Олон улсын жишигт “Танайх манай нийгэмд нийцүүлж хуулиа батална” гэсэн зүйл огт байдаггүй

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володин энэ сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улсын Их хурал, ОХУ-ын Холбооны хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурал болж, энэ үеэр ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володин “Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой” хэмээн мэдэгдсэн. Энэхүү үг нь нийгмийн тодорхой хэсгийн шүүмжлэлд өртөж буй. Тодруулбал, Оросын “харцаар” Монголын парламент ажиллана гэсэн агуулга уу гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөж байна.

Тухайлбал олон улс судлаач П.Наранбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ямар нэгэн шахалт шууд парламентын түвшинд орж ирэх магадлал өндөр болж байна. Өмнө нь Засгийн газрын түвшинд Ерөнхийлөгч гэдэг институт руу ч юм уу орж ирээд парламент дээр зогсдог байсан. Гэтэл одоо парламент нь ийм болчихоор асуудалтай” гэдгийг хэлсэн. ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володины тэрхүү мэдэгдэл нь хэр зохимжтой болох талаар олон улс судлаач, доктор Д.Дашпүрэвээс тодрууллаа.

-“Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой” хэмээн мэдэгдсэн Думын даргын үгийг нийгэм янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна. Тусгаар тогтносон улсад айлчилж байгаа хүн ийм үг хэлэх нь хэр зохимжтой вэ?

-Монголын парламент бол улс орныхоо өнөөгийн амьдралд шаардлагатай байгаа хуулийг хэлэлцэж баталдаг төрийн эрх барих дээд байгууллага шүү дээ. Оросын нийгэм манай нийгэм хоёр тэс ондоо. Монголын нийгмийн амьдралд хэрэглэхээр зориулж баталж байгаа хуулийг яахаараа Оросын парламент, Оросын нийгэмд зохицуулах ёстой юм бэ. Ийм үг хэлж байгаа Оросын Думын дарга Буриадад өөрийгөө явж байна гэж бодсон юм биш үү. ОХУ-ын бүрэлдэхүүн улсад явж байна гэж өөрийгөө ойлгосон юм биш байгаа даа. Тусгаар тогтносон НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаа хүн биз дээ, уг нь. Ийм агуулгатай үг хэлнэ гэдэг нь өдөөн хатгаж байгаа хэрэг шүү дээ.

-Ямар учраас өдөөн хатгаж байна гэж?

-Танай улс манай улсаас хараат байх ёстой. Ямар хууль гаргах чиглэлийг бид өгнө гэсэн санаагаар хэлсэн юм биш үү. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт холбоот улс, БНМАУ байсан үед барих гэдэг байсан бодлогыг яриад байна уу. Тэгээд ийм байр суурийг баримтлах ёстой. Та нар хүлээж авах ёстой гэсэн үг биш үү. Уг нь тийм албан тушаал хашиж буй хүн ийм үг хэлэхгүй шүү дээ. Ер нь олон улсын жишигт “танайх манай нийгэмд нийцүүлж хуулиа батална” гэсэн зүйл ерөөсөө байдаггүй.

Р.Хишигжаргал

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.