Кобаяши Хироюки: Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийн чөлөөт бүсийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна

Aдмин / Улстөр

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитэй ярилцлаа.


-Таны Монголд ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусаж нутаг буцах үеэр бид ярилцаж байна. Монголд ажилласан хугацаандаа та сэтгэл хангалуун байна уу?

-Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Монголд томилогдон ирээд дөрвөн жил орчим ажилласан билээ. 11 дүгээр сарын сүүлээр нутаг буцах гэж байна. Гурван удаа ирж ажиллахдаа нийт 11 жилийг өнгөрүүлсэн Монгол Улс миний хувьд хоёр дахь эх орон мэт санагддаг билээ. Энэ удаа ажиллахдаа дэлхий нийтийг хамарсан урьд хожид гарч байгаагүй шинэ төрлийн коронавирусын халдварын аюулыг Монголын ард түмэн Та бүхний хамт даван тууллаа. Өнгөрсөн дөрвөн жилийг эргэн харахад, коронавирусын халдварын улмаас өөрийн хийхийг зорьж байсан зүйлдээ бүрэн хүрч чадаагүй нь харамсалтай санагдаж байна. Гэсэн ч, коронавирусын халдвартай тэмцэхэд 2020 оны 10 дугаар сард 25 тэрбум иений яаралтай тусламжийн зээл болон 2021 онд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан шинэ төрлийн коронавирусын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр сая 300 мянган тун вакцин нийлүүлэх тусламжийг үзүүлж байсан. Цаашлаад иений хөнгөлөлттэй зээлээр баригдсан “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал ашиглалтад орж, 2021 оны долдугаар сард нээлтээ хийсэн нь мартахын аргагүй үйл явдал байсан билээ.

Түүнчлэн 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр, Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтойгоо золгож, хоёр орны харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх 100 гаруй арга хэмжээ Монгол Улсад зохион байгуулагдсан.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал биеллээ олсон нь Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд туйлын аз завшаантай хэрэг байлаа. Мөн 2021 оны долдугаар сард зохион байгуулагдсан Токиогийн Олимп, Паралимпын нээлтийн ёслолын ажиллагаа болон 2022 оны есдүгээр сард болсон Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг төлөөлж оролцсон нь Монголын ард түмний найрамдлын томоохон илэрхийлэл болсныг дурдмаар байна. Энэ боломжийг ашиглан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголын ард түмэнд талархлаа илэрхийлье.

2023 оны гуравдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Япон, Монголын найрамдалт харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” дор улам бүр бэхжин Монгол Улс, Монголын ард түмэн эх орныхоо үзэсгэлэнт байгаль, уламжлал, соёлоо нандигнан дээдэлж дэлхий дахинаа үлгэр дуурайл болон хөгжихийг хүсэн ерөөе.

-Манай хоёр улс хагас зуун жилийн түүхэн харилцаатай орнууд. Элчин сайдын хувьд та Монгол Японы уламжлалт харилцааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай хоёр улс 1972 оны хоёр дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож өнгөрсөн жил 50 жилийн ойгоо угтсан билээ. Эхний 18 жилийн хувьд баруун болон зүүний хүйтэн дайны дунд Монгол Улс Япон Улсаас өөрнийгмийн тогтолцоотой буюу социалист дэглэмтэй байсан нь хоёр орны харилцаанд томоохон ахиц гарах найдварыг төрүүлдэггүй байсан. Харин Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хоёр улс нийтлэг үнэт зүйл бүхий түншийн хувиар харилцаагаа хөгжүүлэх боломж нээгдсэн юм. Гэвч Монголын ардчилал, зах зээлийн эдийн засагт хүрэх зам амар байгаагүй бөгөөд шинэ тогтолцоонд шилжсэн Монголыг анхнаасаа хүнд нөхцөл байдал хүлээж байсан. Энэ үед Япон улс шуурхай бөгөөд өргөн хүрээнд дэмжлэг туслалцаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгээс Монгол Улсад тусламж үзүүлэхийг уриалахын тулд 1991 оны есдүгээр сард Япон Улс, Дэлхийн банк хамтран Токио хотноо Монгол Улсыг дэмжих Донор орнуудын уулзалтыг санаачлан зохион байгуулсан. Олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагаа, тусламж дэмжлэгтэйгээр Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт суурилсан улс болон төлөвшиж, тууштай хөгжиж байгаа гэж бодож байна. Өнөөг хүртэл Япон, Монголын харилцаа нь Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлж, Монгол Улсын хөгжлийг хурдасгахын төлөөх хамтын ажиллагаанд түлхүү анхаарч ирсэн. Одоо Япон, Монгол хоёр улс эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр хэмээх нийтлэг үнэт зүйлс бүхий бүс нутгийн чухал түнш болсон хэмээн үнэлдэг. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ээс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгон шат ахиулж, бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг зорьж байна.

-Одоо Монгол Японы улс төр, соёлын салбарын харилцаа идэвхтэй байдаг. Харин энэ харилцааг бизнесийн салбарт өргөжүүлэхийн тулд яах ёстой вэ. Манай улсын зүгээс юун дээрээ анхаарах хэрэгтэй вэ?

-Япон болон бусад орнуудын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй санал солилцож байхад, Монголд бизнес хийхэд хүндрэлтэй байдаг хэд хэдэн шалтгааныг онцолдог. Тэр дундаас хамгийн их сонсдог шалтгаан гэвэл: нэгд, Монголын хүн ам цөөн, зах зээл жижиг, хоёрт, хоёр хөрш орнуудаар дамжих тээвэр нь тогтворгүй, зардал өндөр, гуравт, дэд бүтэц хөгжөөгүй, хөгжүүлэхэд зардал их гардаг, дөрөвт, засаг солигдох бүрийд бодлого нь ихээр өөрчлөгддөг, өмнөх амлалтуудаа биелүүлдэггүй, тавд, хууль батлагдсан ч засаг захиргаа, шүүх засаглал нь түүнийг хангалттай хэрэгжүүлдэггүй.

Монголын хүн ам 3.45 сая орчим ч эрчимтэй өссөөр байна. Хоёр хөрш улс болоод Төв Азийн орнуудын зах зээлийг авч үзвэл, харин ч сонирхол татахуйц санагдах биз ээ. Мөн Монголын зах зээлийн хэмжээг өөрсдийн үйл ажиллагаанд яв цав нийцдэг хэмээн үздэг гадаадын жижиг, дунд үйлдвэрүүд ч бас бий.

Хоёр хөршөөс бусад гуравдагч оронтой худалдаа хийхэд хөрш орноор дамжин өнгөрөх төмөр зам болон хуурай замын тээвэрт хоёр хөршийн нөхцөл байдал нөлөөлдөг, тээврийн зардлын хувьд далайн тээвэртэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул байгаа нь үнэн. Харин Монгол Улс жижиг хэмжээтэй, жин багатай, нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал агаараар тээвэрлэн бизнес хийх боломжтой. Мөн программ хангамж хөгжүүлбэл тээврийн асуудал гарахгүй биз ээ.

Монголд үйлдвэрлэл эрхлэхэд хангалттай суурь, дэд бүтэц байхгүй байгаа нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд асар их ачаалал болдог. Зам, цэвэр бохир усны шугам, цахилгаан дамжуулах шугам зэрэг дэд бүтэцтэй Улаанбаатар болон зарим бүс нутгийг эс тооцвол Монголд өөрсдөө эдгээрийг барьж байгуулах шаардлагатай болдог нь бусад орнуудаас ялгаатай. Энэ тал дээр Монгол Улс зохих зарим нэг арга хэмжээг авах хэрэгтэй болов уу. Жишээлбэл, дэд бүтцийг барьж байгуулсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын гаргасан тухайн зардалтай тэнцэх хэмжээний дүнг татвараас чөлөөлдөг тогтолцоотой байвал хүндрэл нэлээд буурах болно.

Дээр дурдсан дөрөв ба тавдугаар шалтгааны тухайд гэвэл хангалттай хурдан сайжрахгүй байна хэмээн бодож байна. Засгийн газар солигдоход бодлого нь эрс өөрчлөгддөг, эсвэл өмнөх Засгийн газрын амласан амлалт хэрэгждэггүй байх тохиолдлууд нийт хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хувьд томоохон эрсдэл юм. Түүнчлэн, хуулийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэг нь захиргааны ажилтан болох төрийн албан хаагчдад байдаг ч төрийн албан хаагчдад тал засахгүй бол төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг нь Монголд бизнес явуулахад хүндрэл учруулдаг юм. Цаашилбал, хууль засаглалтай улс орны хувьд шударга ёсыг тогтоох эцсийн түшиц газар болох шүүхэд хандан тусламж хүсэхийг оролддог ч гадаад хүн болон гадаад компаниуд

ялах тохиолдол тун ховор байдаг нь Монголд бизнес хийхэд мөн л сул тал болдог гэх ойлголтыг төрүүлдэг болов уу. Монгол Улсын Засгийн газар эдгээр асуудлыг шийдвэрлэхээр Авлигатай тэмцэх газрыг байгуулан үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх, цахим засаглалыг дэмжих, Гадаадын хөрөнгө оруулалтын газрыг байгуулан үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч миний бодлоор Монгол Улсын шүүх засаглал олны итгэлийг олж авах нь хамгийн чухал юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, арбитрын шүүхэд хандах сонголт нээгдсэн ч, гуравдагч орны арбитрын шүүхэд хандах санхүүгийн чадамжтай компани цөөн байдаг. Гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид Монгол Улсын шүүх тогтолцоонд итгэж, Монгол Улсад сэтгэл амар, тайван бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэхийн тулд хүний нөөцийг улам хөгжүүлж, тогтолцооны шинэчлэлийг идэвхтэй явуулах нь чухал гэж бодож байна.

-Монгол Японы хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Яавал энэ хэлэлцээр нүдэнд харагдахаар бодитой үр дүнд хүрэх бол?

-2016 оны зургадугаар сард хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай Япон Улс, Монгол Улс хоорондын хэлэлцээр (EPA) нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг саадгүй болгох зорилготой цогц тогтолцоо юм. Энэхүү EPA нь хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн хугацаанд Японы тал Монголоос импортолж буй бараа бүтээгдэхүүнд тавих гаалийн татварыг 100%, Монголын тал Японоос импортолж буй бараа бүтээгдэхүүнд тавих гаалийн татварыг ойролцоогоор 98 хувь чөлөөлөхөөр тусгасан. EPA хүчин төгөлдөр болсон 2016 оноос 2018 он хүртэл Япон руу экспортолсон Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ өссөн дүнтэй гарсан. Үүний дараа шинэ төрлийн коронавирусын халдварын нөлөөгөөр эдгээр экспорт мэдэгдэхүйц буурсан. Харин 2021, 2022 онд Япон руу гаргасан Монголын экспортын бүтээгдэхүүний хэмжээ, коронавирусын өмнөх түвшинд хүрэхээргүй байгаа ч сэргэж эхэлж байна.

EPA хүчин төгөлдөр болсноор хоёр орны худалдаа автоматаар нэмэгдэнэ гэсэн буруу ойлголт зарим монгол хүмүүсийн дунд байдаг. EPA нь гаалийн татвараас чөлөөлөх зэрэг өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг харилцагч орны зах зээлд хялбар нэвтрэх орчныг харилцан бүрдүүлэх зорилготой бөгөөд Япон тал Монголоос бараа бүтээгдэхүүн худалдан авна гэсэн амлалт биш юм. Монголоос Япон руу хийх экспортыг нэмэгдүүлэх чухал зүйл бол Японы хэрэглэгчдийн сонирхлыг татсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм. Монголын үйлдвэрлэгчид Япон болон гуравдагч орны ижил төстэй бараа бүтээгдэхүүнээс үнэ, чанар, дизайн зэрэг аль аль талаараа сонирхол татахуйц бүтээгдэхүүн хийснээр энэхүү EPA үр дүнгээ өгч, япончууд монгол бараа бүтээгдэхүүн худалдан авснаар Монголоос Япон руу хийх экспорт нэмэгдэхэд хүргэнэ.

Намайг хоёр дахь удаа Монголд томилогдон ажиллаж байсан 2005-2008 онд “Тоёота Приус” маркийн автомашин худалдан авах монголчуудын тоо цөөн байсныг санаж байна. Япон, Монголын Засгийн газрын хооронд Монгол руу приус экспортлох талаар ямар нэгэн тохиролцоо байхгүй ч монголчуудын ихэнх нь үнэ, шатахууны зарцуулалт зэрэг үзүүлэлтийг бүхэлд нь харж үзээд, приус машиныг сонгон, худалдаж авдаг. Япон, Монголын аль аль нь зах зээлийн эдийн засагтай улс учир ямар барааг худалдаж авахаа тухайн компани, иргэд нь өөрсдөө шийднэ. Би Монголд Японы аж ахуйн нэгж, япончуудын сонирхлыг татах олон түүхий эд, материал байгаа гэж боддог. Эдгээр түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд монголчууд өөрийн баялаг бүтээлч сэтгэлгээгээ ашиглаасай гэж хүсч байна. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аар дамжуулан төрөл бүрийн экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.

-Японы өндөр технологийг Монголд нутагшуулах тал дээр Элчин сайдын зүгээс хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?

-Хөгжиж буй орнуудыг дунд хөгжилтэй, өндөр хөгжилтэй улс болоход дэвшилтэт технологи нэн чухал гэж би боддог. Намайг анх Монголд томилогдон ажиллаж байсан 1985-1989 онд Монгол Улс социалист, төлөвлөгөөт эдийн засагт тулгуурласан улс байлаа. Тухайн үед суурин утастай л байсан учраас малчидтай утсаар ярих боломжгүй байлаа. Гэтэл одоо Монголд сүлжээгүй газар л биш бол хэнтэй ч, хаанаас ч гар утсаараа ярих боломжтой болжээ.

Японы дэвшилтэт технологийг бизнесийн шугамаар Монголд нэвтрүүлэхэд ямарваа нэгэн хязгаарлалт байдаггүй. Тиймээс монголчууд Японы дэвшилтэт технологийг идэвхтэй худалдан авч, нэвтрүүлээсэй гэж хүсч байна. Би болон Японы Элчин сайдын яамны хувьд Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн (ХАЁТ) хүрээнд Японы дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж (Буцалтгүй тусламжийн төсөл),өнгөрсөн жил хэрэгжүүлсэн “Дөрвөн аймагт хөдөө аж ахуйн дрон нийлүүлэх төсөл” (Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж)-ийн хүрээнд Японд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн дрон ба системийг мөн 2014 оноос хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол” хөтөлбөр буюу 1.000 инженерийн төсөл (иений хөнгөлөлттэй зээл)-ийн хүрээнд МУИС болон ШУТИС-д төрөл бүрийн дэвшилтэт туршилтын тоног төхөөрөмж зэргийг тус тус нэвтрүүлээд байна.

Нөгөөтэйгүүр, орчин үеийн технологийг нэвтрүүлэхэд түүнийг ашиглаж чадах боловсон хүчин зайлшгүй шаардлагатай тул Япон Улсын Засгийн газар ЕБС-ийн байгалийн ухааны хичээл, коосэн (технологийн коллеж) сургалт, 1,000 инженерийн төсөл зэргээр дамжуулан байгалийн ухаан, инженерийн салбар дахь хүний нөөцийн хөгжилд идэвхтэй дэмжлэг үзүүлж байна.

-Ингэхэд япончууд Монголоос юу, юу авах сонирхолтой байдаг вэ?

-Дэлхий нийтийн чиг хандлагыг харвал, нэгд, нүүрстөрөгчөөс ангижрах, цахилгаан автомашин руу шилжихэд нэн шаардлагатай ашигт малтмалын нөөц, ногоон эрчим хүч, хоёрт, дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдсээр байгаа хүн амын хэрэгцээг хангах хүнс, гуравт, эрүүл мэндээ анхаарах хандлага нэмэгдэхийн хэрээр байгалийн гаралтай болон органик хүнс дэлхийн хэмжээнд нэмэгдэж байна хэмээн бодож байна. Эдгээрийг Монгол Улс зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлж чадвал дэлхийн олон улс орнууд Монголоос худалдан авалт хийхийг сонирхох нь дамжиггүй юм.

Гэсэн хэдий ч, дээрх өргөн цар хүрээг хамарсан биш хувь хүний хэрэглээний түвшинд хариулъя гэж бодож байна. Япон хүмүүс ч гэсэн хувь хүн бүрийн сонирхол өөр өөр, мөн би өөрөө маркетингийн мэргэжилтэн биш учраас ихэнх япончууд Монголоос юу авах сонирхолтой вэ гэх асуултад хариулахад хэцүү юм. Иймээс ердийн үед Монголд худалдан авдаг зүйлийнхээ талаар ярья. Үүнээс япончууд юу сонирхдогийг мэдэхэд түлхэц болох болов уу.

1977 онд Японы буцалтгүй тусламжаар баригдсан “Говь” ноолуурын үйлдвэр нь социалист нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед тодорхой үүрэг гүйцэтгэж байсан. Гэхдээ намайг Монголд анх удаа ажиллаж байсан 1985-1989 оны хооронд тус үйлдвэрийн бүтээгдэхүүн чанартай байсан ч, загвар муутай, хэмжээ таарахгүй байх зэргээс шалтгаалан би бараг худалдаж авч байгаагүй. Харин 2007 онд “Говь” ноолуурын үйлдвэр хувьчлагдсанаас хойш загвар, технологи үлэмж сайжирч, сүлжмэл бүтээгдэхүүн төдийгүй ноолууран нэхмэл даавуун бүтээгдэхүүний төрөл загварын өргөн сонголттой болсон. Одоо “Галлериа” ороход ноолууран пальто, цамц, ороолт, хөнжил зэргийг олныг өрсөн байдаг. “Говь” үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүн дэлхий дахинд тэр дундаа Европт голдуу экспортлогдон борлуулагдаж байгаад баяртай байна. Мөн “Говь” үйлдвэр төдийгүй “СноуФилдс”, “Ханбогд Кашмер”, “Нэгүн Кашмер” зэрэг компанийн ноолууран бүтээгдэхүүн нь дотоодын өрсөлдөөнөөс хамааран улам сайжирч байна. Энэ удаа ирж ажиллахдаа, эхнэр бид хоёр Монголын ноолууран бүтээгдэхүүн авахад багагүй мөнгө зарцуулсан.

Түүнчлэн Монголын байгалийн самрын тухайд, Японд худалдаж авах боломжтой гуравдагч орны самраас хямд бөгөөд чанартай байдаг тул япон найзууддаа бэлэг болгон авдаг. Шууд идэхэд ч амттай бөгөөд хоолонд ч ашиглах боломжтой бүтээгдэхүүн гэж боддог. Мөн Монголын талын цэцэгнээс цуглуулсан зөгийн бал ч бас сонирхол татахуйц бүтээгдэхүүн юм.

Японд эсгий, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд байдаг ч Монголын “Хөсөг” компанийн үйлдвэрлэсэн үзэгний сав, уут, таблетны гэр, цүнх зэрэг эсгий эдлэлүүд өвөрмөц загвар хийцтэй тул япон найзууддаа бэлэг болгон их авдаг.

Нэмж хэлэхэд, би Монголд хоёр дахь удаа томилогдон ажиллаж байсан 2005-2008 оны хооронд Монголд үйлдвэрлэсэн жамц давсыг заримдаа япон найзууддаа бэлэглэдэг байсан. Харин одоо Японд дэлхийн олон орны төрөл бүрийн давс дэлгүүрт өрөөстэй байдаг тул бусад орны давстай өрсөлдөн хэрэглэгчдийн сонирхлыг татах нь амар биш болж байгаа юм мэт санагддаг.

Сая дурдсан зүйлүүд нь зөвхөн миний хувийн сонирхол бөгөөд гол анхаарах зүйл бол Монголын ноолууран бүтээгдэхүүн чанартай, сайн хэдий чхалуун орны хүмүүс ноолууран бүтээгдэхүүнийг сонирхохгүй нь лавтай. Иймээс Монголын бизнес эрхлэгчид ямар улсын зах зээлд юу зарж борлуулж болох вэ гэдэг талаар сайтар судалж үзэхийг хүсч байна.

-Хүнээ хөгжүүлж чадсан улсууд өнөөдөр дэлхийд эдийн засаг хөгжлөөрөө тэргүүлж байгааг бид бүхэн мэднэ. Дэлхийн II дайны дараа Япон улс чадалтай инженерүүд бэлтгэхэд онцгой анхаарсны үр дүнд арал дээр өндөр хөгжилтэй орныг цогцлоож чадсан. Тиймээс энэ туршлагаа монголчуудад түгээж байгаад манай улсын хувьд талархалтай байдаг. Нийт 1000 инженер бэлтгэнэ гэж байгаа. Энэ тоог нэмэх боломжтой юу?

-Хүний нөөцийг хөгжүүлэх нь улс орны хөгжлийн үндэс гэдгийг хүн бүр мэддэг гэж бодож байна. Япон Улс өөрсдийн туршлагадаа үндэслэн Монгол Улсыг ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлснээс хойш хүний нөөцийг хөгжүүлэхэд зайлшгүй чухал зүйл болох иргэдийн эрүүл мэнд, боловсролыг чухалчилж, дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. ЖАЙКА-гаас зохион байгуулах сургалт, семинар, лекц, Япон улсын Засгийн газар (Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр, “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”, иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол төсөл (MJEED)” буюу “1000 инженерийн хөтөлбөр” зэрэг олон хэлбэрээр өргөн хүрээнд хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна. Цаашлаад Нарны зам, Нарны гүүр зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхдээ тухайн бүтээн байгуулалтад ажиллах монголчуудын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ирсэн нь Япон улсын Засгийн газрын ХАЁТ-ийн нэг онцлог юм.

Монгол орныг цаашид хөгжүүлэх үүднээс уул уурхай, хүнд үйлдвэр, мэдээллийн технологи, боловсруулах үйлдвэр зэрэг байгалийн ухаан, инженерийн салбарт хүний нөөц дутагдалтай байгаа тул Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр 1000 инженерийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Уг 1000 гэдэг тоо нь дээрх салбарт Японы их дээд сургуулиудад суралцах монгол оюутнуудын тоог хэлж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй “1000 инженер” хөтөлбөр нь Монгол Улсын байгалийн ухаан болон технологийн дээд боловсролын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхийг мөн адил зорьж байна. Монгол Улс нь шаардлагатай хүний нөөцөө дотооддоо аль болох олноор бэлтгэж чаддаг болох нь нэн чухал. Ингэснээр Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна шүү дээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хамтарсан мэдэгдэл хийхдээ Япон, Монгол хоёр орон бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байгаа ба энэ бүхний үндэс суурь нь “Хүн” гэдэгтэй санал нэгдсэн. Хүн ам цөөн Монгол Улсад хэрэгтэй газартаа хэрэгцээт хүний нөөцөө оновчтой хуваарилан ажиллуулах тал дээр анхааран Япон улсын Засгийн газар нь Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлсээр байх болно.

-Япон бол манай улсын гуравдагч хөрш. Тиймээс хоёр улсын харилцааг шинэ шатанд ахиулахад юун дээр анхаарах ёстой гэж бодож байна вэ?

-Монгол Улсын гадаад бодлогод хоёр хөрш оронтой найрсаг харилцааг хадгалах нь туйлын ач холбогдолтой хэдий ч зөвхөн хөрш оронтой харилцах харилцаанд тулгуурлахгүйгээр бусад улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг баримталдаг бөгөөд тэдгээрээс илүү чухалчилдаг улс орнуудыг Монгол Улс “Гуравдагч хөрш” хэмээн үздэг гэж ойлгодог. Монгол Улс “Гуравдагч хөрш” орнуудын дундаас Япон улсыг чухалчилдаг орны нэг хэмээн үздэг бөгөөд Япон улс ч Монгол Улсыг эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий орлуулшгүй түнш гэж үздэг. Хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, спорт зэрэг өргөн хүрээний салбарт тогтвортой ахиж дэвшиж байна. Хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа өндөр түвшинд байгаа ба орон нутгийн засаг, захиргаа болоод Төрийн бус байгууллага хоорондын холбоо харилцааны өргөн хүрээтэй нягт хамтын ажиллагаатай байдаг нь хоёр орны харилцааны давуу тал юм. Энэхүү харилцааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн тулд цаашид хөгжүүлэх боломж ихтэй хувийн хэвшлийнхэний худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Намайг Японы Элчин сайдаар ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголыг сонирхсон япон компани мөн л олон байгааг мэдсэн ч гол асуудал нь Монголын бизнесийн орчин гэж бодож байна. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг зохих ёсоор хамгаалах замаар бизнесийн орчныг сайжруулах аваас Япон, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа эрс нэмэгдэж, хоёр орны харилцаа шинэ шатанд дэвшин гарна гэдэгт итгэлтэй байна.

-Түүхэнд үлдээх бүтээн байгуулалтыг Монгол Улсад цогцлоох нь хоёр улсын харилцааны нэг үр дүн. Манай улс дагуул хот байгуулахаар төсөл загварууд гаргаад ажиллаж байгаа. Японы талаас энэ их бүтээн байгуулалтад оролцох сонирхол бий юу?

-Япон Улс, Монгол Улсын дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлсэн.Эдгээрээс “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Монгол-Японы эмнэлэг, Улаанбаатар хотод голчлон баригдсан 59 ЕБС-ийн барилга, Улаанбаатар хотын 4-р дулааны цахилгаан станцын шинэчлэлт, Нарны зам, Нарны гүүр болон Замын Үүд өртөөний ачаа шилжүүлэн ачих байгууламжийг сайжруулах зэрэг төслүүдийг нэрлэж болно. Эдгээр нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бодитой болгохын хамт нийгмийг тууштай хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Эдүгээ Монгол Улсад тулгарч буй томоохон сорилтын нэг бол Монголын нийт хүн амын тал орчим хувь нь Улаанбаатар хотод хэт төвлөрөн суурьшиж байгааг бууруулах явдал юм. Дагуул хот байгуулах нь үүнийг шийдвэрлэх аргуудын нэг бөгөөд Япон Улсын Засгийн газар ч дэмжих нь чухал хэмээн үзэж, ЖАЙКА-гаар дамжуулан энэ ондоо багтан Хөшигийн хөндийд шинэ хот байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийн чөлөөт бүсийн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.

Гэхдээ дагуул хотын бүтээн байгуулалтад асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Гадаад улс орны Засгийн газар болон Олон улсын байгууллагын албан ёсны тусламж нь дээрх асар их хэмжээний хөрөнгө оруулалтын нэг хэсэг нь болох боломжтой хэдий ч, Монгол Улсын Засгийн газар өөрсдөө бүтээн байгуулалтын хөрөнгө, санхүүжилтийг хэрхэн татах талаар сайтар бодох хэрэгтэй. Монгол Улс төр, хувийн хэвшлийн түншлэл хэмээх схемийг ашиглахаар төлөвлөж байгаа ч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт бол хандив биш юм. Ашиг орлого олох, сонирхол татахуйц дагуул хот байгуулах төлөвлөгөөг гаргахгүй бол хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт, санхүүжилт татах боломжгүй гэдгийг анхаарч, хот төлөвлөлтөө боловсруулахыг хүсч байна. Гадаадын компаниудыг хамруулан Төр хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд, Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах орчныг бүрдүүлэх нь зайлшгүй чухал гэдгийг дахин онцолмоор байна.

-Ойрын хугацаанд хоёр улсын хооронд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд төлөвлөгдөж байна уу?

-Энэ удаад би 2019 оны 12 дугаар сараас хойш Монголд ажиллаж байна. Коронавирусын тахлын улмаас өндөр дээд албаны хүмүүс болон иргэд хоорондын харилцан айлчлал хийхэд хүндрэлтэй байсан хэдий ч 2020 оны 10 дугаар сард Япон Улсын тухайн үеийн Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монгол Улсад хийсэн айлчлал, 2021 оны долдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон улсад хийсэн айлчлал (Токиогийн олимп, паралимпын нээлтийн ёслол)2022 оны тавдугаар сард Япон улсын тухайн үеийн Гадаад хэргийн сайд Ё.Хаяашигийн Монгол Улсад хийсэн айлчлал, 2022 оны есдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн айлчлал (Япон Улсын Ерөнхий сайд агсан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол), 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлал, 2023 оны гуравдугаар сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар тус тус айлчлал хийсэн. Коронавирусын цар тахлын дараа Япон Улсын Парламентын гишүүд болон Монгол Улсын Их Хурлын гишүүд, яамдын сайд, дэд сайд нар, орон нутгийн удирдлагууд мөн бизнес эрхлэгчдийн айлчлал идэвхтэй өрнөж байна. Мөн 2023 оны есдүгээр сард Ерөнхий сайд Ф.Кишида болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотноо уулзалт хийсэнбилээ. Япон, Монголын өндөр дээд албаныхны харилцан айлчлал, гуравдагч улс орнуудад хийсэн уулзалт зэргээр харилцан ойлголцож, санал солилцох нь Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхэд туйлын чухал гэж боддог. Цаашид өндөр түвшний айлчлал болон яриа хэлэлцээр улам идэвхжинэ гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь, хоёр улсын харилцаанд хоёр орны иргэд аль болох идэвхтэй харилцан айлчилж, ойлголцлоо гүнзгийрүүлэх нь нэн чухал гэдгийг хэлмээр байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.30] 2023-11-27 18:41:26

Япончууд энэ газар нутаг дээр амьдарч байсан бол орос хятад гэж гоншигнохгүй азийн хамгийн баян өндөр хөгжилтэй орон болох байсан.

Явцуурч болохгүй. [66.181.160.101] 2023-11-28 10:04:53

Өнөөдөр монголчууд нь Монголоо хөгжүүлэх хэрэгтэ ш дээ. Орос, Хятад, Япон, Солонгосын тусламжийг сайн авах хэрэгтэй. Мөн АНУ, Европын холбооны дэмжлэгийг өргөнөөр авах шаардлагатай.

Зочин [203.98.76.249] 2023-11-27 13:12:17

японууд ч газар эзлэх хужаа аргаа хэрэгжүүлж эхэллээ дээ. хөшигийн хөндийд Пон таун байгуулах нь дээ

Зочин [202.9.47.30] 2023-11-27 18:39:23

Эзэлж л байна биз. Хужаад эзлэгдэж байснаас японд эзлэгдсэн дээр.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.