Ч.Наранчимэг: Хичээл дээр ухаалаг утсаараа оролдсон хүүхдэд нэг сарын хугацаанд “nokia” бариулж байгаа

Aдмин / Боловсрол

Орчин цагт том, бага гэлтгүй бүх хүн гар утаснаас салахаа байсан. Ялангуяа ковидын жилүүдэд сургуулиуд цахимд шилжсэнээр хүүхдүүд ухаалаг утаснаас бүр ч их хамааралтай болсон билээ. Хичээл дээр гар утсаараа тоглох, сошиал орчноор аялах нь энгийн үзэгдэл болов. Ерөнхий боловсролын сургуулиудын зүгээс сурагчдынхаа гар утасны хэрэглээг хязгаарлах гэж дор бүрнээ л уриалж байгаа харагддаг. Тэгвэл Нийслэлийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 8б ангийн багш Ч.Наранчимэг сурагчдынхаа дунд ухаалаг утасны хэрэглээг зохицуулах аян өрнүүлж эхэлжээ. Түүний санаачилсан ажлыг сурвалжлахаар тус сургуулийг зорьж очлоо.

Ч.Наранчимэг багш боловсролын у хааны магистр, заах аргач зэрэгтэй. Боловсролын салбарт 11 дэх жилдээ ажиллаж байгаа нэгэн аж. Түүнтэй уулзаж ярилцлаа.


-Таныг сурагчдынхаа гар утасны хэрэглээг танахаар сүрхий ажил зохион байгуулж байгаа гэж дууллаа. Энэ талаараа бидэнд сонирхуулахгүй юу?

-Сүүлийн үед хүүхдүүд маань нэг л ядрангуй, сул дорой харагдах болсон. “Ханиад томууны улирал эхэлсэн болохоор дархлаа нь унаад байна уу. Эсвэл дунд ангид ороод ачаалал нь нэмэгдээд хичээл номдоо шамдсанаас болов” гэж их санаа зовж эхэлсэн л дээ. Ингээд ээж, аавууд, асран хамгаалагчдад зөвлөмж өгч ажиллаа. Хүүхдүүдийнхээ хоолой, амыг орой болгон халдваргүйжүүлэх уусмалаар зайлуулж хэвшүүлэх, эрт унтуулах, дархлааг нь дэмжихийг зөвлөж, уриалсан боловч ахиц гараагүй. Сурагчид юунаас болж унжгар, сулбагар, хичээлдээ төвлөрөхгүй байгааг нь судалтал ерөөсөө ухаалаг утаснаас болжээ. Тэд гэрийнхнийгээ унтсан хойгуур нууцаар хоорондоо интернэтээр холбогдож тоглодог байсан юм билээ. Шөнийн нойр дутуу авсан хүүхэд байтугай том хүний хувьд ч өдрийн ажил нь бүтээмж муутай байдаг шүү дээ.

Миний хувьд өөрийнхөө цонхтой цагийг дааж авсан ангийнхаа сурагчдад зориулдаг. Ингэхдээ тухайн багшаас зөвшөөрөл авч хичээлд нь сурагчидтайгаа хамт сууна. Ангийн агааржуулалт, сурах орчны тав тух, багш хичээлээ хэрхэн зааж байгаа зэргийг судалж асран хамгаалагч нартаа мэдээлэл хүргэн ажилладаг. Мөн хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулахыг зөвлөнө. Гэвч шөнө оройн цагаар гар утсаараа тоглосон хүүхдүүд хичээл дээр андашгүй . Дөрөв, тавдугаар цаг дээр нойрмоглоод эхэлдэг. Зарим нь бүр хичээл орж байхад нууцаар гар утсаа оролдоно. Иймд тэдний ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах гарц шийдлийг эрэлхийлсэн л дээ. Ер нь өсвөр насны хүүхдэд шууд тушаах байдлаар зааж болохгүй. Энэ үед нь эхлээд гар утасны хэрэглээний талаар зөв ойлгуулах ёстой. Ахлах ангид ороод ирэхээрээ хэрэглээгээ өөрсдөө мэдээд тохируулдаг болно.

Тэгэхээр ухаалаг утсыг энгийн хэрэглээнд шилжүүлье гэж бодсон. Ингээд хуучин загварын гар утаснууд цуглуулж эхэлсэн юм. Хүмүүсийн одоо тоож хэрэглэхээ больсон, албан газарт ашиглаж байгаад актлагдсан товчлууртай утас хэд хэдийг олж авсан. Зөвхөн дуудлага авах, мессеж бичих, зураг дарах хэмжээний эдгээр утсыг ангийнхандаа санал болгосон. Хэрэв хичээлийн цагаар гар утсаараа оролдвол нэг сарын хугацаатай хурааж авна. Оронд нь товчлууртай утас ашиглуулна гэж тохиролцсон байгаа.

-Эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Манай ангийн сурагчид болон эцэг, эхчүүд дэмжиж байгаа. Энэ аяныг эхлүүлснээс хойш хоёр хоногийн дараа эхний хүүхэд утсаа журамлуулсан. Ангидаа ороод иртэл хүүхдүүд “Багш аа Билгүүн утсаараа оролдоод байна” гэж хэлсэн. Тэр үед Билгүүн надаар нэхүүлэлтгүй “Багш аа май” гээд ухаалаг утсаа тушаагаад оронд нь товчлууртай утсанд сим картаа хийсэн. Нэг ёсондоо хүүхдүүд маань бие биедээ давхар хяналт тавьж байна. Бас хариуцлагаа ухамсарлаж байгаа нь үнэхээр сайшаалтай.

Хүүхдүүд сайн дураараа утсаа хураалгаж болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Эцэг, эхчүүд болон сурагчид маань ухаалаг утасны хэрэглээгээ үнэхээр хязгаарлахыг хүсвэл сайн дураараа сарын хугацаанд товчлууртай утсаар сольж болно. Миний зүгээс хүүхдүүдийн гар утас хурааж авахыг илүүд үздэггүй. Яагаад гэвэл ар гэрээс нь гэнэтийн тохиолдлоор тухайн хүүхэдтэй холбогдох, хүндэтгэх шалтгаан гарах асуудал үүсвэл хэцүү шүү дээ. Бас сургуулиас зайдуу гэртэй хүүхдүүд холбоо барих утасгүй явж байгаад янз бүрийн зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Иймд гар утсыг нь шууд хатуу хурааж авах нь тийм ч оновчтой шийдэл биш. Харин ухаалаг утасны хэрэглээг зохицуулж сурах дадалд суулгах ёстой. Энэ утгаараа ядаж хичээлийн цаг дээр гар утсаараа тоглохыг хориглоод байгаа юм. Цаашлаад хүүхэд хэзээ, ямар үед утсаа оролдох вэ гэдгээ өөрөө зохицуулдаг болох хүртэл бүхий л аргуудыг судалж ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Одоогоор танай ангид хэдэн хүүхэд утсаа хургаалгаад байна вэ?

-Саяхан хэд, хэдэн утас хурааж авсан. Үүнээс хойш хүүхдүүд миний нүдэн дээр утас гаргаж харагдахгүй байгаа. Намайг анги руугаа ороход нэг хүүхэд “Хөөе” гэхээр нөгөө хэд нь утсаа гялс нуучихдаг. Манай хүүхдүүд чинь хоорондоо ойлголцдог дохио зангаатай болчихсон(инээв). Тиймээс цонхтой цаг дээрээ хичээлд нь давхар сууж утас оролдож байгаа эсэхийг нь шалгаж байна. Ингээд орой хичээл тарсны дараа ангийн групптээ пост оруулж, ар гэрийнхэнд нь танилцуулдаг. Хэн, хэнд нь сэтгэл санааны таагүй уур амьсгал төрүүлэхгүйн тулд хүүхдүүдийн нэрийг дурддаггүй.

-Сүүлийн үед хүүхдүүд томчуудыг шаардлага тавихаар өөдөөс нь “Энэ бол миний асуудал. Хүүхдийн эрхэнд халдаж байна” гэх хандлага нэлээд ажиглагдах болжээ. Гар ухаалаг утсаа хураалгаж байгаа хүүхдүүдээс ямар араншин гарч байна вэ?

-Эрх эдэлж байгаа бол үүргээ бас мэддэг, хэрэгжүүлдэг байх учиртай. Хүүхдүүддээ цагаа зөв зохистой хуваарилдаг, суралцдаг, хэрэгжүүлдэг байх тал дээр зөвлөмж хүргэдэг. Миний хувьд Жедейдайя Билагийн “Бүү саад бол” номыг хүүхдүүддээ ярьж өгч, сонирхолтой эшлэлүүдээр нь ухааруулахыг хичээдэг. Технологийн шийдэл, ухаалаг төхөөрөмжүүдийн давуу тал болон сул талуудыг зохиогч өөрийнхөө амьдралд тохиолдсон бодит жишээн дээр тулгуурлан бичсэн болохоор энэ номыг хүүхдүүдэд ярьж өгөхөд их сонирхон хүлээж авдаг. Эцэг, эхчүүдийн зүгээс хүртэл “Хүүхдүүд маань шөнөжингөө тоглоом тоглож тархины ядаргаанд орчихлоо. Гар утсыг нь булаагаад авахаар бухимдах юм. Яавал дээр вэ, багш аа” гэж надад их ханддаг. Хүүхэд эцэг, эхээсээ илүү хөндлөнгийн хүний үгийг илүү хүлээж авдаг. Тэр дундаа багшийн үгийг хүлээж авахдаа илүү соргог, итгэл үнэмшилтэй байдаг шүү дээ. Тиймээс миний хувьд сурагчдынхаа ухаалаг утасны хэрэглээг зохицуулдаг болохын тулд эцэг, эхчүүдтэйгээ маш сайн хамтарч ажиллаж, хамтдаа гарч шийдлүүдийг эрэлхийлдэг.

Үнэхээр утасны хэрэглээгээ хянаж чадахгүй байгаа хүүхдэд ямар арга хэмжээ авах вэ?

-Харилцаанаас харилцаа үүсдэг шүү дээ. Хүн төрөлхтөн харилцаан дээр л тогтож, бие биенээсээ хамааралтай оршсоор ирсэн. Асуудлыг хүчээр шийддэг үе ард хоцорсон. Ямар ч хүний ухамсартай ажиллахад шийдэл нь бэлэн байж байдаг. Хүүхдүүдэд зөв дадлыг бий болгоход маш олон гарц бий. Жишээлбэл, гар утсандаа дэндүү автсан хүүхдийг хичнээн хориглож, хүч хэрэглээд үр дүнд хүрэхгүй. Иймд эцэг, эхийг нь хамтад нь сургалтад суулгаж болно.

-Сурагчид ухаалаг утасны хэрэглээгээ багасгаснаар сурлагын амжилтад нь хэрхэн нөлөөлнө харж байгаа вэ?

-Удаан хугацаагаар интернэтэд орохгүй байвал тархи амарна. Эцэг, эхчүүдийн зүгээс гэрийн нөхцөлд интернэтийнхээ хэрэглээг хянах тал дээр анхаарч, хүүхдүүдтэйгээ зөвшилцөх ёстой. Ингэснээр хүүхдүүд ухаалаг утасны хэрэглээгээ зохицуулж, хичээл сурлагадаа анхаарахад илүү үр дүнтэй юм.

Сургалтын хөтөлбөрүүдийг хараад байхад заавал интернэт ашиглах шаардлага үүсчээ. Дээрээс нь нэг ангид суралцах хүүхдийн тоо стандартаас хэтэрсэн болохоор хойгуур суудаг хүүхдүүд самбар дээрх бичгийг харахгүй гар утсаараа зургийг нь дарж хичээлээ хийдэг тохиолдол бий. Харин таны хувьд ухаалаг утасны хэрэглээг хэрхэн хардаг вэ?

-Утсыг ухаалгаар ашиглавал маш хэрэгтэй зүйл. Гэхдээ хүний амьдралын хамгийн үнэт зүйлийн нэг нь цаг хугацаа юм. Бүхий л цаг хугацааг утсанд зориулаад байвал технологийн албадмал үйлийн эмгэг бий болдог. Хичээл дээр утас оролдохоор анхаарал сулардаг. Энэ нь сурлагын амжилттай холбоотой. Сурлагын амжилт маш олон зүйлээс шалтгаалдаг. Эдгээрийн нэг нь гар утас. Багш хүүхэд бүрд шаардлага тавьдаг. Гэхдээ 40 минутын хугацаанд 50 гаруй хүүхдийг хянах боломжгүй шүү дээ. Манай ангийн хувьд сурагчдынхаа суудлыг долоо, долоо хоногийн хугацаатай сольдог. Холын хараа муутай хүүхдүүдийнхээ суудлыг сольдоггүй. Цаашид бид “Ухаалаг самбар” аян хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Танай ангийг нэлээд нийгмийн идэвх санаачилгатай гэж байсан. Хичээлийн бус цагаар юу хийдэг вэ?

-Манай хүүхдүүд завсарлагааны цагаар хуванцар материал цуглуулдаг. Дөрөв, таваараа ангиудаар явж уусан ундааны савууд түүж, ангидаа авчирдаг. Ингэж хураасан саваа 14 хоног тутамд тушаадаг. Нэг жонш нь 25-50 мянган төгрөг болдог юм. Бид олсон орлогоо сургуулийн аялалд, тэмцээн уралдаанд зарцуулдаг. Манай ангийнхан урлаг, спортын авьяастай. Уралдаан тэмцээнд түрүүлсэн шагналын мөнгөөрөө ангийн фондоо арвижуулдаг. Хүүхдүүд маань хичээлийн завсарлагаанаар дэмий сэлгүүцэж, хөөдөлдөж ноцолддоггүй. Хөдөлгөөнт дасгал, дуртай бүжгээ хийнэ. Заримдаа уран зохиолынхоо хичээлийн шүлгийг уншина. Ер нь цагийг үр дүнтэй өнгөрүүлье гэж дор бүрнээ хичээдэг. Завгүй байх тусмаа л хүн хөгждөг шүү дээ.

Ийнхүү Ч.Наранчимэг багш ярилцсаны дараа сурагчдын сэтгэгдлийг сонссон юм. 8б ангийн ангийн сурагч Б.Билгүүн “Багшид ухаалаг утсаа хураалгаад оронд нь “нокиа” барих болсныг манай ээж дэмжсэн. Багшийн өгч байгаа нокиа утас хөөрхөн. Ер нь миний хувьд хичээл дээрээ хааяа утас оролддог. Надаас гадна утсаа хураалгасан хэд хэдэн хүүхэд байгаа. Бид ухаалаг утсыг хэрхэн зөв зохистой хэрэглэх ёстойг маш сайн ойлгодог болсон” гэв. Мөн тус ангийн сурагч Б.Санчирмаа “Гэрт байх, анги дээр байх хугацаагаа ялгаж салгах хэрэгтэй. Манай ангийнхан утас хурааж авахаас өмнө хичээл дээр утсаа оролддог байсан. Харин одоо утсаа оролдохоо больцгоож, хичээлдээ анхаардаг болсон” гэлээ.

Д.ОТГОНТУЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Zochin [24.130.119.8] 2023-12-13 06:18:32

Нийгмээрээ оюуны хомсдолд оржээ. Багш ухаантай юмны сэдэж бгаа сэтгүүлч ухаантай юмны сурвалжилж бгаа царай Арайдэндүү юм аа. Зүгээр л хичээлийн цагаар гар утас ашиглахж болохгүй гээд түүнийгээ яс мөрдөөч. Тэгэж хууль дүрэм мөрддөг иргэн төлөвшүүлэх хэрэгтэй бна

зочин [103.57.93.203] 2023-12-12 11:22:05

яагаад ийм худал мэдээлэл өгдөг юм болоо товчлууртай утас авч өгөхөөр сургуулиас нь албаар ухаалаг утас шаардаад байх юм. манай хүүхдүүд Эрдмийн өргөөд сурдаг зайлшгүй ухаалаг утас хэрэг болдог. Утасгүй бол даалгавраа хийж чадахгүй, англи хэлнийхээ хичээлд орж чадахгүй датагүй бол шууд л муу авна

Зочин [207.96.54.237] 2023-12-12 22:37:14

Harin tiim halit mulit sonsson yumaa nyagtlahgui hamaagui burah yumaa

Зочин [202.9.46.204] 2023-12-12 12:38:53

Интернэт монголд орж ирээгүй байхад утасгүй компьютергүй хичээлээ хийгээд болоод л байсан шдээ. Насанд хүрээгүй хүнд гар утас компьютер хэрэглүүлэхийг тас хоригломоор байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.