Р.Даваадорж: Нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ манай эдийн засгийг тодорхойлно

Aдмин / Эдийн засаг

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.

-Монгол Улс зах зээлд шилжээд 30 гаруй жил боллоо. Өнгөрсөн хугацааны эдийн засгийн ололттой болон сул талуудыг товчхон дүгнэхгүй юу?

-1991 онд Төв банк болон арилжааны банк гэсэн хоёр шатлалтай тогтолцоонд шилжсэн юм. 1993 онд шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулснаар өнөөгийн санхүүгийн тогтолцооны суурийг тавьсан. Хөрөнгийн зах зээл үйл ажиллагаагаа эхлүүллээ. Дэлхийн Банкны “ядуу буурай орны” ангиллаас, өндөр-дунд орлоготой орны тоонд багтсан гээд дурдвал эерэг жишээ олон. Гэвч хамгийн чухал нь түүхэн богино хугацаанд Монгол Улсын эдийн засаг, социализмын үеийн зогсонги байдал, шилжилтийн үеийн гүн хямрал, уналтаас бүрэн гарч чаджээ. Хэдийгээр хэд хэдэн удаа томоохон хямралтай нүүр тулсан боловч манай улсын эдийн засаг ойрын ирээдүйд аажимдаа тэлж, өснө гэсэн ерөнхий дүгнэлт хийж болохоор байна.

-Зах зээлийн нийгэмд шилжсэнээр ямар эерэг өөрчлөлт гарав?

-Нийслэлийн гудамжинд багтахаа байсан машин тэрэг, тохилог орон байр, лангуу дүүрэн супермаркетууд, эдэлж хэрэглэж дадсан чамин тансаг хэрэглээ зэргийг дурдаж болох ч, энэ нь учир дутагдалтай. Харин дэлхийн улс орнууд ДНБ хэмжээ, гадаад худалдаа, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байгаагаар харьцуулж дүгнэлт хийдэг.

Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1991 онд 364 ам.доллар байсан бол өнгөрсөн жил 5000 ам.доллар давлаа. Эдийн засгийн өсөлтийн бас нэг хэмжүүр нь ДНБ байдаг. 2022 оны статистикээр Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 53 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 1990 онд ДНБ 788 сая ам.доллар байсан бол өдгөө 17 тэрбумыг давжээ. Гадаад худалдааны эргэлт 1990 онд 1.6 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 24.4 тэрбум болж хэд дахин өсчээ. Төсвийн орлого 6.5 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 25 их наяд төгрөгөөр яригдаж байна. Эдийн засгийг тодорхойлох макро үзүүлэлтүүд ийнхүү суга өссөн ажээ. Гэхдээ энэ бүхэн манай орны хувьд өөрийн бүх боломж, дотоод нөөц баялгаа бүрэн ашиглаж чадсан гэсэн үг огт биш. Иргэдийн асар их хүлээлт, итгэл найдварт бүрэн гүйцэд хариулт өгч чадаагүй байна.

Туулж өнгөрүүлсэн богино хугацааны түүхээс харахад, эдийн засгийн хязгаарлагдмал эх үүсвэртэй, манай орны хөгжил дэвшил шулуун шугам, өндөр хурдаар явсангүй. Монголын эдийн засагт цаашид ч өөдлөх-уруудах, тэлэх-хямрах мөчлөгүүд тулгарах нь гарцаагүй. Өмнө нь хэд хэдэн удаа тохиож байсан эдийн засаг, санхүүгийн гүн хямралд гадаад хүчин зүйл хүчтэй нөлөөлж байсан нь үнэн. Байгалийн асар их баялгаа зарж байгаа боловч тэр нь өрх гэрийн амьдралд огт орсонгүй. Нэн ядуу иргэдийн тоо ч өндөр хэвээр байна.

-Ингэхэд бид ардчилсан чөлөөт эдийн засгийн зарчмаар явж ирж чадав уу?

-Харамсалтай нь чадсангүй. Улсын төсөв ДНБ-хээ 40 орчим хувийг эзэлдэг. Манай дэд бүтцийн дулаан, цахилгаан, эрчим хүчний салбар бүгд улсын мэдлийнх. Санхүүгийн салбарт Төрийн банк, Хөгжлийн банк бий. Экспортын үндсэн тээвэр хийх төмөр зам улсын мэдэлд байна. Хөрөнгийн бирж дийлэнх хувь төрийн өмч. Өнөөдөр төр хувийн хэвшилтэй зэрэгцэн бизнес хийгээд зогсохгүй тэднээс бүх талаараа давуу эрхтэй, давуу боломжтой. Монголын төр компани ажиллуулж, хувийн хэвшлийнхээ орон зайг булааж тэдэнтэй өрсөлдөж байна. Нийт төрийн өмчит 108 компани, тэдгээрийн охин болон хараат 170 аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит 275 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны байдлаар Дэлхийн банкны гаргасан судалгаагаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг “тэг” хувь гэж үнэлсэн. Ашигт ажиллагаа ердөө 5.9 хувь байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт” ТӨҮГ-аас бусад нь ерөнхий дүнгээрээ дөрвөн хувийн алдагдалтай гарчээ. Өөрөөр хэлбэл, маш олон алдагдалтай компаниудыг төр ажиллуулж байна. Манайд төрийн өмчийн хэмжээ маш данхар байгаа. Төр сайн менежер байх хэцүү. Эдийн засгийн хуулиараа боломжгүй зүйл. Төрийн өмч аль болох бага байх ёстой.

-Улс төрийн намууд талцаж байгаад эдийн засгийг унагаж ирсэн шүү дээ. Намууд улс орныхоо эрх ашгийн төлөө хамтарч нэгдэж ажиллах ёстой баймаар. Гэвч намынхаа эрх ашгийг тэргүүнд тавиад байх шиг харагдах юм. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Намууд талцахаас илүүтэй, манай улсын амин судас болсон “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” болон бусад ТӨК-ын удирдлагад, ТУЗ-д мэргэжлийн хүмүүс байдаггүй. ТУЗ-д төрийн яамдын хэлтэс, газрын дарга нар очдог. Тэр утгаараа тухайн хүн хэн нэгэн даргын цүнх баригч байна уу гэхээс бизнесийн туршлага, мэдлэг, боловсролтой нэгэн байдаггүй. Ингээд төрийн өмчийн томоохон компаниуд дээр гарч байгаа асуудал бол өндөр дүнтэй гэрээ, хэлцэл. Үүний цаана маш том авлига, хулгай үүсэх нөхцөл бүрдчихсэн. Ийм буруу системийг нураалгүйгээр улс орны хөгжлийг ярих боломжгүй.

-Өнөө жилийн эдийн засаг ямар байх бол. Ковидоос хойш манай улсын эдийн засаг огцом өссөн эерэг үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн онд 6.8 хувиар өссөн эдийн засаг өнөө жил долоон хувиар тэлнэ гэсэн төсөөллөөр улсын төсвөө баталсан. Эдийн засгаа тэлэх ямар боломжууд харагдаж байна вэ?

-Аливаа улсын төсөвт дөрвөн дүрэм буюу тусгай шалгуур үзүүлэлтийг мөрдөх ёстой байдаг. Манай улсад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа тодорхой заасан хэдий ч огт мөрдөж байсангүй. Төсвийн дээрх дөрвөн дүрмийг ихэвчлэн улс төрийн хүчнүүдийн эвслийн үр дүнд эсвэл эдийн засгийн томоохон хямралын дараа улсын санхүүг хатуу хянах зорилгоор баталж ирсэн. 2000-аад оны эхэн үеэс хөгжиж буй зах зээл болон бага орлоготой орнуудад ийм тусгай хязгаарлалтуудыг хуулиндаа оруулах давалгаа өрнөсөн. Хөгжиж буй орнуудын хувьд хямралын дараа төсвийн зохицуулалт хийх, шинэчлэлийн ололтыг баталгаажуулах, байгалийн баялгийн үнийн савалгаанаас шалтгаалсан зарлагын хэт өсөлтөөс зайлсхийх зорилгоор дээрх дүрмийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Бид нар олсон хэрээрээ дураараа зарцуулж улс орныхоо хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн. Улс орныг удирддаг төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, хэт данхар төсөв баталж, халамжаа хамаагүй нэмж, гадаад зээлд дулдуйдаж байгаа тохиолдолд хичнээн байгалийн баялгаа зараад ч нэмэргүй юм байна гэдгийг ойлговол ойлгох цаг ирсэн баймаар юм.

-Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрчлээ. Цаашид 10 тэрбум ам.долларт хүргэх боломж байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолж байсан. Үүнд хүрэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Энэ үзүүлэлт бол гайхуулах статистик биш. Монгол банк Хятадын Ардын Банкнаас авсан хоёр тэрбум ам.долларын свопоо эхлээд төлөх учиртай. Арваад жил луу унжиж сунгасаар ирлээ. Одоо төлөх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс таван тэрбумд валютын нөөц хүрлээ гэдэг бас тийм бодитой тоо биш шүү.

-Өнөө жил бид 60 сая тн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Мөн боомтуудын сэргэлтийн хүрээнд Монгол Улсад орж ирэх орлогыг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс өнгөрсөн жил түүхэндээ анх удаа бараг 70 сая тн нүүрс экспортолж зөвхөн нүүрснээс есөн тэрбум ам.доллар олсон. Өнөө жил энэ хэмжээндээ барьж чадвал гадаад өрөө үе шаттай төлөх цаг болсон. Боомтын сэргэлт энэ тэрийг мэдэхгүй. Ч. Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа 2018 оноос хойш “боомтын сэргэлт” гэж багагүй мөнгө төсөвт суулгаж байсныг санаж байна. Одоо бид Хойд Солонгос шиг элдэв уриа лоозонгоо болиод бодит ажлаа хийх цаг ирсэн дээ, уг нь.

-Шинэ оны босгон дээр манай улс “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарласан. Энэ нь эдийн засагт ямар эерэг үзүүлэлтийг авчрах вэ?

-Гадаад өрийн удирдлагын тухай хуульд Монголбанк, ҮСХ, Сангийн яам Монгол улсын нийт гадаад өр болон Засгийн газрын өрийн хэмжээг нийтэд ил тодоор мэдээлэх үүрэгтэй. Дээрх байгууллагын сайтаас ороод өр хасагдсан байна уу, үгүй юу гэдгийг мэдэх бүрэн боломжтой. Миний пэйж хуудас, твитерт ч маш тодорхой тайлбарласан тайлбар бий. Манай улсын ойрын ирээдүйд гадаад өрийн нэн хүнд асуудалтай тулгарна. Өр тодорхой хэмжээнд төлж байгаа боловч түүнээсээ их гадаад өрийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа. 3.4 сая хүнтэй манай улсын ДНБ ердөө 17 тэрбум ам.доллар хэрнээ нийт өр 33.9 тэрбум ам.долларт хүрчээ. Өнөөгийн эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Ер нь улсын нийт өрийг нэг хүнд оноож тооцдог тооцолол байдаггүй. Гэвч эрх баригч хүчин энэ алдааг засна хэмээн гарч ирсэн ч энэ үзүүлэлт өнөөдөр аль хэдийн 34 сая төгрөг хол давжээ. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 2018 онд босгосон 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, төрийн өмчит бусад компаниудын өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ий 100 хувь давна. Өнгөрсөн онуудад Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 92 хувьд хүрснийг Дэлхийн банк анхааруулсан. Ийнхүү бид “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдсэн. Өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсан. Иймээс ч УИХ-ын дарга Г. Занданшатар Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдлыг уулын уруу өнхөрч, өнхрөх тусмаа томорч буй цасан бөмбөлөгтэй зүйрлэж хэлсэн нь тун оновчтой дүгнэлт болсон юм.

Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө эдийн засгийг эрчимжүүлэх талаар ямар бодлогууд баримтлах вэ?

-Манай намаас ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Миний хувьд байгалийн баялгийн хуваарилалтыг нийт иргэдээрээ дамжуулж хийх ёстой гэж үздэг. Өнгөрсөн 30 жилд УИХ-аар дамжуулж хийсээр ирсэн. Энэ нь юунд хүргэснийг бүгд мэдэж байгаа шүү дээ.

-Сонгуулийн жил гэдэг утгаараа 2024 онд эдийн засгийн эерэг болон сөрөг тал юу байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, БНХАУ-ын өсөлтийн төлөв удаашрах хандлага ирэх жилүүдэд үргэлжлэхээр байна. Мөн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас шалтгаалан олон улсын зах зээлд металлын үнэ буурах эрсдэл нэмэгдсэн. Холбооны Нөөцийн сан Европын төв банк зэрэг дэлхийн томоохон төв банкууд бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан. Орос, Украйны дайн сунжирлаа. Оросод шатахууны үнэ өсөж байна. Иймд гадаад нөхцөл байдал сайнгүй байна. Бидний дотооддоо хэрэгжүүлж буй бодлого сонгуультай давхцан бэлэн мөнгө тараах чиглэлд галзуурч байна. Иймээс ямар ч байсан инфляц өснө. Үнэ өндөр түвшинд хадгалагдана. Валютын ханш нүүрсний борлуулалт өнгөрсөн жилийнх шиг байж чадах эсэхээс шалтгаална. Нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ ханш манай эдийн засгийг тодорхойлно. Бид уул уурхайгаас улам бүр хараат болсоор байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.91] 2024-02-17 08:30:59

Монгголын амьдрал үнэхээр уул уурхайгаас, түүний дотор ердөө хятадад нийлүүлдэг ганц төрөл -нүүрснээс бүхэл эдийн засаг, түүнээс улбаалаад иргэдийн худалдан авах чадвар, орлого, төлбөрийн тэнцэл, хуримтлал, төсвийн алдагдал зэрэг нь шууд хамаарх хамаарал улам л гүнзгийрсээр байна. Даваадорж зөв зүйлээр дуугарч байна.

зочин [202.9.46.147] 2024-02-16 13:37:23

харин тийм яана бид


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.