“Сэлбэ” дэд төвийн 26 байршлын 41 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллана

“Сэлбэ 20 минутын хот”-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэлжээ. Энэ талаар “Сэлбэ 20 минутын хот” корпорацын гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл хувийн хэвшилд бизнесийн ашигтай байршлуудыг санал болгож байна. Тодруулбал, зургадугаар сарын 9-нөөс албан ёсны сайт selbecity.mn хаягаар олон нийтэд нээлттэй хамтран ажиллах санал, хүсэлтийг хүлээн авч байна.
Төслийн 26 байршлын 41 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах юм. Өнөөдрийн байдлаар хамтын ажиллагааны журмыг боловсруулж байгаа бөгөөд хувийн компаниудаас 10 хоногийн хугацаанд санал авна” гэж мэдээлэв.
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг 20 минутын хотын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сард эхлүүлсэн. “Сэлбэ” дэд төв нь 45610 иргэнд зориулсан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг нэг дор төлөвлөсөн анхны 20 минутын жишиг хот болох юм.
Тус дэд төвд 10 мянган өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл