Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэнээс 12-ыг нь бүрэн унтраав

Улсын хэмжээнд сүүлийн 5 хоногийн хугацаанд /2025.06.25-30/ Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт нийт 22 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа.
Харин өнөөдөр /2025.06.30/ 11:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд гарсан нийт 7 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.
Мөн Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр суманд гарсан 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 542 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 246 хүн, 49 автомашинтай буюу нийт 858 хүн, 128 автомашинтайгаар оролцож байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 644.627 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Бүртгэгдсэн нийт түймрийн 16.7 хувийг firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn болон бусад түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар илрүүлж, тухай бүрт шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.
Сэтгэгдэл