Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Туул, Сэлбэ, Дунд гол, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг чанартай зохион байгуулахыг төвийн зургаан дүүргийн удирдлагад үүрэг болголоо. Налайх, Багануур, Багахангай дүүрэг төв магистрал замын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэх юм байна.
Нийслэл, есөн дүүргийн хэмжээнд гол ай сав, байгаль орчиндоо хог хаягдал хаяхгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх ажил, контент зэргийг бэлтгэж, түгээх аж. Голын ай сав дагуу шороо асгадаг байдалд хяналтыг сайжруулж, гол руу бохирдол урсгаж экологийн доройтолд оруулах нөхцөл байдал үүсвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хуулийн хариуцлага хүлээдэг.
Түүнчлэн энэ жил ойн бүсэд хуурайшилт их байгааг анхаарч, ойн бүсийн цэвэрлэгээг зохион байгуулах, ялангуяа ойн бүсэд гал түймрийн шалтгаан болдог төрөл бүрийн шил, тамхины иш, хийн түлшний лааз зэргийг цэвэрлэхийг ажээ.
Хотын дарга Х.Нямбаатар мөн Улаанбаатар хотын ойр орчимд карьер ухсан газруудад хамтарсан шалгалт явуулж, нөхөн сэргээлт хийж, байгаль орчноо хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэхээ хэлэв.
Мөн 45 дугаар сургуулийн урд есөн ТҮЦ хэлбэрийн түр байгууламжийг нийслэлээс зөвшөөрөл авахгүйгээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Голден Билигт” ХХК-тай гэрээ байгуулж, наадмын өдрүүдээр байршуулсан байжээ. Тухайн байршилд энэ сарын 18-нд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажиллаж, нийтийн өмчид халдсан түр байгууламж буюу ТҮЦ-үүдийг буулгасан, нөхцөл байдлыг хуучин хэвэнд нь оруулахаар ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотоос иргэдийн зорчих хөдөлгөөнд саад болж буй ТҮЦ-үүдийг буулгах ажлыг үе шаттай зохион байгуулсан. Нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд ч мөн нийслэлээс зохион байгуулж байгаа ажил, бодлого шийдвэртэй уялдаж ажиллах, дээрх жишээ шиг нөхцөл байдал үүсгэхгүй байхыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгов.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [192.82.92.42] 2025-07-22 17:52:42
Тугжрэлээ дийлэхгуй бас, энэ их дуу чимээ арай хэтэрлээ!!! Дуу ихтэй мотоциклээ чаралтай хориочээ!!!! Тев талбайнаа тойроод нэг хардаа, ямар заваан юм бэ, дуурэг яамай л бна.