АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьсан сумны зэв болсон уу?

Aдмин / Улстөр

МАН-ын ээлжит бага хурал хуралдлаа. Энэ удаа урьд өмнө бараг байгаагүй хурцадмал уур амьсгал дунд, томоохон хагарал явагдаж буй халуун үед явагдсанаараа онцлог хурал болов. Эдний намд элдвийн л дажин болж байсан. Гэхдээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх өндөр эрэмбийн суудалд сууж буй лидерүүд нь зэрэг намын даргад нэр дэвшиж, ил тод дайтаж байсан түүх сүүлийн гуч гаруй жилийн түүхэнд болж байсныг санахгүй байна.

Энэ үйл явдал эрх баригч хүчний дотор томоохон өөрчлөлт явагдаж эхэлснийг илтгэн харуулсан төдийгүй, удахгүй болох намын их хурал нь ч гадна дотноосоо цоо шинэ уур амьсгалаар бүчүүлж, улс орны хэмжээнд анхаарал татсан үйл явдал болох нь нэгэнт тодорхой боллоо.

Ойрын хэд хоногт болж өнгөрсөн үйл явдлуудын нэг сайн тал гэвэл тэдэнд өөрсдийг нь, бидэнд тэднийг томруулдаг шилээр харах мэт таниулан харуулж өгсөн явдал байв. Улстөрчдийн амь тэмцэн хамгаалдаг зүйл нь эрх мэдэл, түүний хуваарилалт доторх орон зай нь байдаг. Энэ бол гайхах зүйл биш.

Гэхдээ сонгогчдод буюу олон түмэнд хэзээ ч үзүүлж болдоггүй ар талын өрөг дээр өрнөдөг зүйлсийг хэт задгай форматаар гаргаж шидсэн явдал нь ёстой ангайлгалаа. Ерөнхийдөө бүлэглэлүүдэд нь задрал явагдаж байна. Үүнээс болоод баг-ууд цул шинжээ алджээ. Тэд самгардан барьц алдаж, ичгүүр сонжуургүй урвацгаан гүйлдэж ярианы хэлээр бол алингаа алдлаа. Улстөрчид нь хувь шинжүүдээрээ хэврэгшсэн нь ил тод харагдаж байна.

Манайд улс төрийн намын хөгжил, төлөвшлийн арвин баялаг уламжлал байхгүй л дээ. Хэдэн зуун жилээр хэмжигдэх өв бидэнд алга. Дөнгөж 1990 оны 5 дугаар сарын 10- нд Монгол Улс анх удаа “Улс төрийн намуудын тухай хууль”-ийг баталсан шүү дээ. Энэ хуулиар олж авсан гол ололт маань олон нам байгуулагдах, сонгуульд чөлөөтэй өрсөлдөх, гишүүн элсүүлэх, улс төрийн зорилгоор санхүүжилт цуглуулах, зарцуулах, сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх гэх мэт суурь боломжуудыг нь л тавьж өгсөн юм.

Гэхдээ энэ хууль маань ч тухайн үеийн хамгийн том нам болох МАХН-ын бодлогын өндөр нөлөөн дор батлагдсан гэдгийг бодолцох ёстой. 2005 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ч өмнөх хуулиндаа концепцийн томоохон өөрчлөлт хийж чадаагүй.

Манай улс төрийн хоёр том хүчин үүнийхээ горыг амсаж, зовлонгоо эдэлж яваа нь өнөөдрийн болж буй үйл явдлууд юм. Хамгийн халагламаар нь эдүгээ манай улс төрийн хүчнүүд бүтцийн, хүний нөөцийн, санхүүжилтийн гэсэн суурь өөрчлөлтүүдээ хийж чадсангүй. Үүнийг АН-ынхнаас бол нэлээн олон жилийн өмнө генсекээр ажиллаж байсан Ц.Оюундарь л хариуцлагатайгаар хөндөж тавьдаг байсан санагдана.

МАН-ын зүгээс бол 2013 онд шинэчлэлийн шинэ хөтөлбөрөө танилцуулж байсан. Агуулгыг нь эргэн санахад “…хуйвалдаанаас салах, намын даргыг гишүүд сонгодог болох, гишүүдээ шинэчлэн бүртгэх, намын санхүүжилтийг шилэн болгох, дүрэм зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцдог болох, сонгуульд ялагдвал бүх шатны удирдлагад хариуцлага тооцох” зэрэг өөрчлөлтүүдийг хийнэ гэх мэтийг тунхаглаж байлаа.

Гэвч энэ зорилт нь гүйцэт хэрэгжээгүй. Харин ч манай улс төрийн гол хоёр хүчин үзэл суртал, үнэт зүйлээрээ ялгарч харагдахаа больсон төдийгүй улам холион бантан болж манантсан даа. Гэхдээ энэ удаа би өөр зүйлийг хөндөхийг зорьж байна.

2.

Энэ удаагийн хэрээс хэтэрсэн хөгийн явдлууд дотроос нэг юм маш эвгүйгээр ил тод харагдаж, нийгмийн сүлжээнд идэвхтэй байр суурь илэрхийлдэг хүмүүсийн аазгайг хөдөлгөв. Тэр бол АТГ гэдэг байгууллага дээр дуугарч буй сигналь. Энэ газар маань зүгээр л хэн эрх барьж байна тэдний өрсөлдөгчдөө намнадаг хэрэгслүүр, гар хөлийнх нь үзүүрт гүйж бохир нүүдлээ хийдэг сүүдрийн өрөг нь болчихсон юм биш үү.

Зөвхөн МАН-ын үед ч ингэж харагдаж байгаа анхны тохиолдол биш л дээ. Жанжин шугамаасаа хазайгаад удаж байна. Улс төрд аль хүчин эрх барьж байна тэдний дохиураар ажилладаг захиалгын газар гэгдэх болсон. Сүүлдээ өөрсдөө органикаар хэрэг илрүүлдэг, авлигыг таслан зогсоодог үндсэн үүргийнх нь амь тасарсан гэлтэй.

АТГ-ыг анх байгуулагдах үед олон нийт асар их найдлагаар хүлээж авч байсан бол улс төрийнхөн, судлаачдын зарим хэсэг эсэргүүцэж байсныг санаж байгаа биз ээ. Чиглэлийн ийм тусгай байгууллага байгуулах нь харин ч эсрэгээрээ авлигыг улам гааруулдаг гэх яриа нэлээд гарч байсан. Одоо эргээд бодоход тэр нь ортой байсан юм биш байгаа гэж эргэлзэхэд хүрч байна.

Нэгэнт энэ байгууллага дээр ийм түгшүүрийн дохио улалзан эргэлдэх болсныг нууж хаах боломжгүй болж. Тийм ч учраас “Энэ газрыг татан буулгаад цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хамааруулж, прокурорын мөрдөнг сэргээн байгуулъя” гэх байр суурь хаа сайгүй яригдаж байгаа биз ээ.

Яагаад нэр хүнд нь ганхаж эхэлснийг олон баримт жишээ эш татан ярьж болно. Хамгийн халуун сэргэгээс нь л жишээ татъя.

Парламентын спикер Д.Амарбаясгалан ямар мэдэгдлүүд хийв ээ. Тэрбээр Монголын бүх хэвлэл мэдээллийн өмнө сууж байгаад ярилаа.

“Өчигдөр гэхэд АТГ 20 мөрдөн байцаагч цуглуулж байгаад надад санал өгөх магадлалтай МАН-ын Бага хурлын гишүүдийг шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Би намын генсек Я.Содбаатар дарга руу залгаад үүнийгээ боль гээд болиулсан”… Энэ юу гэсэн үг вэ. Энэ хүн бол жирийн нэг иргэн биш. Энэ хүн бол парламентын засаглалтай Монгол Улсын спикер. Улсын Их Хурлын дарга.

Дараагийн жишээ, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-ын үйл ажиллагаатай холбоотой маш ноцтой мэдээллүүдийг мөн ил тод ярив. Тэрбээр “АТГ-аас захиалгаар хэрэг үүсгэн шалгаад өндөр үнэтэй байр савыг нь шууд дээрэмдэж авдаг” болсон тухай мэдэгдлээ. Энэ хүн бас жирийн иргэн биш. Энэ хүн бол Засгийн газрын гишүүн байсан, Хууль зүйн сайд байсан, одоо парламентын гишүүн хүн шүү дээ. Яаж бид хэрэгсэхгүй өнгөрөх юм бэ.

АТГ улс төрийн даалгавар гүйцэтгэж, улайм цайм эрх баригч нам дотор өрнөж буй процесст хутгалдаж, намын гишүүдийн шийдвэрт нөлөөлөх зорилготой ажиллагаа явуулсан уу гэвэл явуулсан. МАН-ын бага хурал угтуулан намын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг баривчилсан явдлыг ингэж харахаас өөр арга алга.

Үнэхээр Ц.Чулуунзагдад асуудал байсан юм бол нүүрсний сонсгол явагдсаны дараа, эсвэл яг тэр үеэр нь баривчлахгүй яасан юм. Яагаад заавал одоо гэж. Заавал одоо гэдэг нь улс төрийн зорилгоос өөр юуг ч илтгэхгүй байна шүү дээ.

Дараагийн зүйл: АТГ гэнэт гарч ирээд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд зориулж мэдэгдэл гаргалаа. Хамгийн инээдтэй нь тэрэн дотор нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдэгдлийн талаар үг үсэг ч байсангүй. Маргааш нь МАН-ын Бага хурал болж, намын даргын асуудал шийдэгдэх гэж байсан туйлын эгзэгтэй цаг мөчид гарч ирж мэдэгдэл хийж байгаа нь энэ.

Гарцаагүй олон нийт бүх анхаарлаа тавьж таарна аа даа. Гэтэл адилхан АТГ-ын зүг хатуу ширүүн шүүмжлэл нисгэсэн хоёр улстөрчийн нэгийг огт дурдалгүй, нөгөөд нь гомдсон сүртэй акц хийх нь тэр. Энэ явдлыг олон нийт яаж ойлгох ёстой вэ.

3.

2014 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, тухайн үед шүүгч, прокурор, цагдаа, тагнуул, АТГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн холбогдсон хэргийг шалгадаг байсан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан билээ.

Түүнээс хойш 11 жил өнгөрчээ. Прокурорын мөрдөнг татан буулгах энэ хуулийг тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан нар санаачилж өргөн барьсан юм. Хуулийг батлах явц маш түргэн, ёстой гялс манас явагдсан бөгөөд санаачилсан дээрх гишүүдийн нэрийг нууцалж байлаа.

Хуулийн төслийг хэлэлцэх үед хүчнийхнээс тухайн үеийн АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц, Тамгын газрын дарга Д.Доньжчимбуу, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог нар орж байсан. Энэ талаар олон хуульч байр сууриа илэрхийлж байсныг архиваас үзэж болно.

Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг татан буулгасан үеэс Монголд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн. Одоо хууль хяналтын байгууллагууд нэгнийхээ хууль бус байж болох үйлдлийг шалгахдаа тойроод бие биеэ хянаж шалгадаг болсон. Хууль хяналтын байгууллагынхан өөрсдийнхөө үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, нотлогдсонгүй” гээд орхидог болсон” гэж байв.

Нөгөө талаас АТГ-ынхан “Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба Үндсэн хуулийн бус байгууллага байсан. Одоо дахиад байгуулбал Үндсэн хууль зөрчинө. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрхтэй прокурорын байгууллага өөрсдөө мөрдөн байцаалт явуулж болохгүй. Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс яллах чиглэлийг барьж орох ёстой байгууллага өөрсдөө байцаалт явуулдаг байж болохгүй” гэх байр суурийг илэрхийлж ирсэн. Ийм л эсрэгцсэн байр сууриуд 11 жил явж ирлээ.

Сүүлдээ Монголын төрийн эмзэг хатиг болон хөндөгдөх болсныг сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явдлууд илтгэж байна. Авлига хээл хахуультай тэмцдэг байгууллага нь Ардын намын лидерүүдийн нэг нэгнийхээ эсрэг тавьсан сумны зэв болон нэр хүнддээ сэв суулгах болжээ.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.177] 2025-09-29 18:20:58

Манай Хүүк ч тийм ч амар намаа өгчихгүй байхаа

Х.БАТТУЛГА [66.181.177.116] 2025-09-29 12:23:46

МАН БОЛ МИНИЙ НАМ !!! БАЙСАН , БАЙГАА , БАЙХ Ч БОЛНО !!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.