ЧУУЛГАН: Боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэх боломжтой юу?
Улсын Их Хурлын өнөөдрийн (2025.10.24) нэгдсэн чуулганы хуралдаан 10:00 цагт эхэлж, таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалж байгаа бөгөөд энэ талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тодруулга өглөө.
Тэрбээр “УИХ-ын даргыг сонгох хүртэл дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа. Харин өнөөдрийн чуулганыг УИХ-ын тухай хуулийн 14.4 дүгээр зүйлд заасны дагуу дэд дарга Б.Пүрэвдорж даргалах бүрэн эрхтэй” хэмээн тайлбарлав.
Б.Пүрэвдоржийн мэдээлснээр, өнөөдрийн хуралдаанаар нийт таван асуудлыг хэлэлцэхээс үдээс өмнөх хуралдаанд дараах хоёр асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
1. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
2. Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2027–2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг танилцуулах тухай асуудал** хэлэлцэхээр төлөвлөгдсөн байна. Энэ талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодруулахад “Ерөнхий сайдаас ирүүлсэн Засгийн газрын гишүүнийг огцруулах болон томилох тухай асуудал өмнөх хоёр удаагийн хуралдааны тов дараалалд орж байсан. Тухайлбал, өнгөрсөн Баасан гарагийн хуралдааны товд багтсан байсан” гэж хэллээ.
Б.Пүрэвдорж "Энэ асуудал өмнө нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дэмжигдэж, хэлэлцэгдэх байсан гэсэн үг үү?” хэмээн лавлахад, Б.Баасандорж “Тийм” гэж хариулав.
Ийнхүү тодорхойгүй шалтгаанаар хойшлогдоод байсан асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын зургадугаарт оруулж, хэлэлцэх эсэхийг санал хураалтаар шийдвэрлэв. Санал хураалтын дүнгээр гишүүдийн 53.7 хувийн саналаар уг асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ.
Ингэснээр УИХ-ын өнөөдрийн чуулган 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцэхээс гадна Засгийн газрын бүрэлдэхүүнд хамаарах чухал асуудлыг шийдвэрлэх чиглэлд үргэлжилж байна.
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин "Багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлаад явж байна. Үүнийг зарчмын хувьд зүй ёсны асуудал гэж бодож байгаа. Тэтгэвэр нэмэх асуудал ч мөн яригдаж байна.
Монгол Улсын төсөв 2017 онд нийт 9 их наяд төгрөг байсан. Өнөөдөр бид орлогоо бууруулан байж 33 их наяд төгрөгөөр оруулж ирж байна. Урсгал зардал 2017 онд 7 их наяд төгрөг байсан. Өнөөдөр 24 их наяд төгрөгийн урсгал зардлыг батлах гээд хэлэлцэж байна.
Боловсрол, эрүүл мэнд гэх мэт чухал салбарынхаа төсвийг нэмэх боломжтой юу? Дөрөв дахин өсчихсөн урсгал зардлын гол шалтгаан юу вэ, юунаас шалтгаалж өссөн бэ?
Хоёрдугаарт, төсвийн орлогын стратеги гэдэг зүйл байна уу? Төсвийн орлогыг бүрдүүлэх боломж бий юу? Цаашдаа тогтвор суурьшилтай төсвийн орлогыг бүрдүүлэх бодлого байгаа юу" гэж асуув.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал "Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа бид өмнө нь 33.5 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон байсан. Гэвч одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ удаад орлогын төлөвлөгөөг бодитой түвшинд бууруулж тооцсон.
Орлого буурахаар тооцсон гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийн өөрчлөлттэй холбоотой. Иймд шинэчилсэн төсвийн хүрээ өмнөхөөсөө илүү бодит, хэрэгжих боломжтой болсон гэж үзэж байна.
Төсвийн орлого бүрдүүлэх ажлын хүрээнд бид богино хугацааны стратеги хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, салбар бүрийн орлогын хувь хэмжээг тодорхойлж, ажлын эрэмбийг тогтоосон. Үүнтэй уялдуулан бүх төслөө эрэмбэлж, орлого нэмэгдүүлэхэд шууд нөлөөтэй гэж үзсэн төслүүдийг тэргүүн ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэв.




















































.jpg)












Сэтгэгдэл