Г.Занданшатар: Стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажилд саад учруулсан үйлдэлтэй тэмцэнэ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай газар дээр нь танилцав.

Энэхүү үйлдвэр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт бөгөөд хэрэгжүүлж буй ажлын нийт гүйцэтгэл 50 гаруй хувьд хүрч, өмнөх жилүүдийн 20 хувийн гүйцэтгэлээс мэдэгдэхүйц ахиц гарчээ.

Төслийн хүрээнд газрын тос дамжуулах хоолойн барилгын ажил 89.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт дөрвөн багц ажлын эхний шат 2024 онд дууссан байна.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотооддоо нефтийн бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулах боломж бүрдэж, жил бүр ойролцоогоор 834 мянган тонн дизель түлш, 396 мянган тонн 95 октантай авто бензин, 80 мянган тонн онгоцны түлш (Jet A1), 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 17 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм.

Ийнхүү үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллах үед улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний 50-100 хувийг дотоодоос хангах боломжтой болж, ойролцоогоор 1,500 байнгын ажлын байр шинээр бий болох төлөвтэй байна.

Төслийн нийт өртөг 1.7 тэрбум ам.доллар бөгөөд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй. Үйлдвэрийг 2027 оны арванхоёрдугаар сард бүрэн барьж дуусган, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар төслийн явцтай танилцах үеэр “Том бүтээн байгуулалт бүр томоохон сорилт дагуулдаг” хэмээн онцолж, ажлын явцыг саадгүй, эрчимтэй гүйцэтгэх шаардлагатайг анхааруулав.

Тэрбээр төслийн ажлын уялдаа холбоог сайжруулах, гадаадын мэргэжилтний виз, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт зэрэг асуудлыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Ерөнхий сайд "Стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажилд санаатай болон санамсаргүйгээр саад учруулсан үйлдэлтэй тэмцэнэ. Энэ бол улс орны эрх ашгийн эсрэг үйлдэл. Тиймээс бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал" гэв.

БНЭУ-ын Элчин сайд төслийн ажлын явц, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад оруулах бүрэн боломжтой гэдгийг онцолсон байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, нефтийн бүтээгдэхүүнээ гадаадаас импортлох хамаарлаас ангижирч, үндэсний эдийн засаг, аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргах суурь нөхцөл бүрдэх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.