Д.Амарбаясгалан: МАН-ын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ өнөөдөр /2025.11.12/ мэдэгдлээ.
Тэрбээр "Миний бие найман жилийн хугацаанд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа улс төр, эдийн засгийн хамгийн ээдрээтэй, сорилт ихтэй үед нам, улс орныхоо хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанч арга зүй, нарийн судалгаа, тооцоонд тулгуурлан боловсруулж, хоёргүй сэтгэлээр хэрэгжүүлж бодит шийдэл гаргаж ирсэн.
Энэ хугацаанд намын гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэг, хамтын хүчээр Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын гурван удаагийн сонгуулийн ялалтыг дараалан байгуулж, Монгол Ардын Намыг зөвхөн Монголдоо төдийгүй Евро-Азийн бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн, тогтвортой, бодлоготой, орчин үеийн институци болгон төлөвшүүлэхийн төлөө бүх хүчээ зориулан ажилласан билээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын парламентын төлөөлөх чадвар нэмэгдэж, нийгмийн олон бүлэг, үзэл бодлын төлөөлөл сонгогдох өргөн боломж бүрдсэн. Үүний үр дүнд жендэрийн харьцааны хувьд Монгол Улс Азийн бүс нутагт тэргүүлэгчдийн нэг болж, ардчиллын олон ургалч үзлийг бодитойгоор бэхжүүлсэн нь парламентын хөгжилд түүхэн алхам болсон. Энэ шинэ нөхцөлд төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, ард түмний итгэлийг сэргээж, намын эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны Улсын Их Хурлын сонгуулийг амжилттай зохион байгуулах стратегийг тодорхойлох нь нэн чухал хэмээн үзэж намын даргад нэр дэвших шийдвэр гаргасан.
Аль ч ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч, харамсалтай нь намын даргад нэр дэвшихээ зарласанаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болголоо. Энэ нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин Монгол Ардын Намын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж байна.
Ийм нөхцөлд би албан тушаал, эрх мэдэлд зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалан, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болно.
Миний хувьд улс төрийн дайралт, гүтгэлгийг ёс суртахуун, улс төрийн соёл, хууль зүйн хүрээнд хүлээн авч, үнэнийг ил тод тогтоолгохдоо итгэлтэй байна. Худал үнэн хоёр цаг хугацааны шалгуураар тос усаараа ялгаран гарах нь гарцаагүй.
Миний бие цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Ардын Намын эв нэгдлийг бататгах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, Монгол Ардын Намын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна" гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.





























































Сэтгэгдэл