Ийм “араатан”-тай миний хүүхэд нэг сургуульд сурдаг гэхээр айж байна
Гуравдугаар сарын 9-ний орой ахлах ангийн хүүхдүүд зодоон хийж, нэгнээ тохуурхан дээрэлхэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ. Тодруулбал, нэгнээ зодож буй сурагчдын нэг нь 130 дугаар сургуулийн 11А ангийн сурагч “М” гэх охин хэмээн эх сурвалжууд хэлж байна. Харин бусад нь 21 дүгээр сургуулийн сурагчид аж. Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагч охин “М”-ийн хувьд өмнө нь ч хувийн сургуулийн хүүхдүүдтэй нийлж, зодооны асуудалд удаа дараа холбогдож байсан гэнэ. Түүнчлэн 130 дугаар сургуулийн багшийн охин гэдгийг ч бусад сурагчид онцолсон юм. Тиймээс энэхүү асуудлыг эцэг эхчүүд болон сурагчид, цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
130 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид: Бид зодооны бичлэг дэх бүх хүүхдийг танина. Мөн бичлэг дээр тухайн хүүхдийг алгадаж буй охин бол манай сургуулийнх. Өмнө ч өөр сургуулийн хүүхдүүдтэй нийлж ийм хэрэг хийж байсан удаатай. Гэхдээ зүгээр л өнгөрчихдөг. “Шангрила”-ийн орцны шатаар өгсөж буухад ямар ч камер байдаггүй шүү дээ. Тийм учраас эдгээр хүүхдүүд ихэвчлэн тэнд цугларч дургүйг нь хүргэсэн хүүхдээ дээрэлхэж, харааж зүхдэг. Ер нь манай сургуулийн дунд, ахлах ангийн хүүхдүүд тэр охинтой орооцолдох дургүй. Жаахан айдаг гэж хэлж болно гэв.
Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн эцэг эхчүүд: Өнөөдөр бид ийм аймшигтай араатнуудтай нэг нийгэм, нэг улс, нэг хот, нэг дүүрэгт хамт амьдарч байна шүү дээ. Бид тэр бичлэгийг үзсэн. Үнэхээр аймшигтай байсан. Хөөрхий охины нүүр рүү нь хэдэн ч удаа алгаддаг юм. Ямар том зүрхтэй хүүхдүүд вэ. Бичлэг дээр алгадаж, доромжилж байсан охиныг манай хүүхдийн сургуулийнх гэдгийг 11 дүгээр ангийнхан нь хэлж байна. Бүр нэрийг нь ч хэлсэн. Мэдээж, хүүхэд гэдэг маш эмзэг сэдэв учраас бүтэн нэрийг нь хэлэх шаардлагагүй байх. Өнөөдөр бид хүүхдээ зөв, хүмүүжилтэй өсгөөд хэрэг байна уу. Угаасаа хэн нэгний золиос болох нь тодорхой байна шүү дээ. Бичлэг дээр гарч буй хүүхдүүдийн хувьд ямар ч гэрийн хүмүүжил алга. Түүнээс биш хэн нэгэн багш, эсвэл сургууль үүнд буруугүй. Ядахдаа эцэг эх нь миний хүүхдийн сэтгэл зүй ямар байна гээд жаахан ажиглаад, анхаарал тавиад, ярилцсан бол ийм хэрэг гарахгүй ч байсан байж болно.
Өнөөдөр (өчигдөр) өглөө 130 дугаар сургуулийн групп дээр баахан эцэг эх ирнэ гэж бичсэн ч бараг ирсэнгүй. Ялангуяа хохирсон хоёр хүүхдийн ар гэрээс ирсэн хүн алга. Магадгүй би охиноо ухаан алдталаа алгадуулаад, эсвэл хүүгээ бахиар чимхүүлж байхыг харсан бол яагаад ч зүгээр сууж чадахгүй. Хөлөө хүрэх газраа хүртэл явна. Хэнтэй ч тохиролцоонд хүрэхгүй. Тиймдээ ч энэ хэрэг дээр хохирогч охин, хүүгийн эцэг эх битгий тохиролцоонд хүрээсэй гэж бодож байна. Тохиролцоонд хүрээд яах юм. Дахиад л ийм хэрэг гарна шүү дээ. Би тэдгээр хүүхдүүдийг хүүхэд гэж огт бодохгүй байна.
Хүүхэд үеийнхнийгээ алгадаж, зодож, доромжилж, бахиар чимхдэг юм уу. Хүүхэд гэлтгүй том хүний ч оюун санаанд буухгүй биз дээ. Зөвхөн араатнаас л ийм авир гарна. Ийм араатантай миний хүүхэд нэг сургуульд сурдаг гэхээр үнэхээр айж байна. Би бол тэр охиныг засарна гэдэгт итгэхгүй байгаа. Монгол Улсад дахин ийм асуудал гаргахгүйн тулд энэ хэрэгт маш хүнд хариуцлага тооцох ёстой. Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн эдгээр хүүхдүүдийн овог, нэр, зургийг олон нийтийн сүлжээнд байршуулаасай гэж хүсэж байна гэлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Э.Ганзориг: Манай сургуулийн багшийн хүүхэд удаа дараа зодооны асуудалд холбогдсон гэх мэдээлэл одоогоор хараахан тогтоогдоогүй байгаа. Ийм мэдээлэл гарсныг бол бид сонссон. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Түүнчлэн манай сургуулийн хүүхэд гэдэг нь ч батлагдаагүй байна шүү дээ. Бидний хувьд цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээлэл ирсний дараа л тодорхой хариу хэлэх боломжтой байна.

ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Уржигдар шөнө энэхүү бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллага гуравдугаар сарын 6-наас эхлүүлээд одоог хүртэл шалгаж байна. Хэрэгт холбогдогч бүхий найман хүүхдээс цагдаагийн байгууллага мэдүүлэг авч, шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа. 16-17 насны буюу ахлах ангийн хүүхдүүд байсан. Тухайн хэргийг голлон зохион байгуулсан хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй нийт дөрвөн хүүхэд баригдсан. Энэхүү кейс дээр авч үзвэл эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нар маань урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдүүдийнхээ хүмүүжил, төлөвшилд нь онцгой анхаарах хэрэгтэй байна. Хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр цагдаагийн байгууллага тухайн сургуульд мэдэгдэл бичнэ. Түүнчлэн хохирогч хүүхдийн нөхцөл байдал хэвийн байгаа. Энэ хэргийн тухайд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэх урьдчилсан мэдээлэл байна.

Ерөнхийдөө нэг бүлэг хүүхдүүд хоёр өөр газар, хоёр өөр цаг хугацаанд эдгээр хэргийг үйлдсэн. Хэрэв гэм буруутай нь тогтоогдоод Зөрчлийн хуулиар шийтгэвэл 30 хүртэлх хоногийн хорих ялаар шийтгэл оногдуулна. Харин бусдын биед хүнд ноцтой гэмтэл учруулсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар гурван жилийн хорих ялтай. Цаашилбал, 5-12 жилийн хорих ял оноох хуулийн зохицуулалттай. Дээрэлхэлт үйлдэж байгаа хүүхдүүд баригдахгүй, энэ миний хараанд байгаа юм чинь бусдад хэлж чадахгүй гэж бодоод байдаг. Гэтэл бүлэг хүүхдүүдээс нэг нь л баригдвал бусад хүүхдүүдийг илрүүлэх бүрэн боломжтой байдаг хэмээв.
А.Даваадулам
Эх сурвалж: "Өдрийн сонин"

































































Сэтгэгдэл
Зочин [188.162.248.255] 2026-03-11 11:56:36
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!