М.Энхцэцэг: Бүлгээ эвтэй байлгах, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын ажил

Aдмин / Улстөр

Улсын Их хурлын гишүүн М.Энхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд Эрчим хүчний яам, сайдтай холбоотой олон асуудалд шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлсэн. Сүүлийн өдрүүдэд таныг тендертэй холбогдуулж их бичиж байна. Үүн дээр та тайлбар өгнө үү?

-Эрчим хүчний яамнаас сэргээгдэх эрчим хүчээр 99.5 хувийн найдвартайгаар Оюу толгойг хангана гэсэн аукцион зарласан байсан. Гэтэл Оюу толгойг найдвартай эрчим хүчээр хангахын тулд Таван толгойн цахилгаан станцыг барьж л хангана гэдэг бодлогыг УИХ-аар баталсан. Олон ч жил яригдаж байгаа төсөл. Гэвч дээр дурдсан сэргээгдэхээр найдвартай хангана гэсэн төсөл дээр нь би маш шүүмжлэлтэй хандсан. Нэгдүгээрт, өмнө нь огт яригдаж байгаагүй. Намайг гаргаж тавьсны дараа л гишүүд “Хөөх, 600мВт сэргээгдэх” гээд гайхсан. Тэгэхээр энэ чинь өмнө нь хэзээ ч төр засгийн бодлого болж яригдаж байгаагүй асуудал. Хоёрдугаарт, ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй. ТЭЗҮ хийгээгүй, 600мВт гэдэг чадлаа нуусан.

-Яагаад нуусан юм бол. Ингэж болдог юм уу?

-Эрчим хүчний эх үүсвэр барина гэдгээ улс зарлахдаа тэдэн мВт-ын эх үүсвэр барина л гэж зарладаг шүү дээ. Гэтэл үүнийгээ заагаагүй. Зүгээр л, жилд үйлдвэрлэх 1.7 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэх гээд зарлачихсан. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд болохоор өрсөлдөөнд сонгон шалгаруулалт хийхдээ жилд үйлдвэрлэх цахилгаанаас гадна хүчин чадлыг нь заавал заана гээд байж байгаа. Энэ бүгдийг зөрчөөд ийм аукционыг зарласан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч гаргаагүй. Үүн дээр байгаа, гарах олон эрсдлийг ч би гаргаж тавьсан. Тэрний төлөө намайг харлуулах ажлыг хийж, гүтгэж доромжилж байна. Би үүнд маш их харамсаж байгаа. Миний хувьд Австралид магистр, доктор хамгаалаад, ахлах инженерийн ажил хийж байгаад эх орныхоо төлөө зүтгэхээр ирээд ажиллаж байгаа.

Нөхрийн маань хувьд цахилгааны инженер, 2011 оноос хойш энэ чиглэлээрээ бизнес хийж байгаа. Харин намайг гишүүн болсноос хойш бизнес нь бараг зогссон. Туслан гүйцэтгэгчийн ажил л хийгээд явж байгаа. Миний нөлөөллөөр авсан тендер, хууль зөрчсөн зүйл байгаа бол гаргаад ирэх хэрэгтэй. Ийм зүйл нэгт огт байхгүй. Хоёрдугаарт, нөхрөө би ажлаа хийхээ зогсоо, эсвэл гэр бүлээ цуцлуулъя гэж хэлж болохгүй биз дээ. Ер нь ингэж бурууг нь шүүмжилсэн хүмүүст элдэв хоч нэр өгдөг, сошиалаар балбадаг технологи явахаа больсон гэдгийг хэлмээр байна. Намайг ингэж цоллож, дайрснаараа тэр эрсдэлүүд нь арилдаг бол хамаа алга. Харин сая амралтын өдрөөр зарим нэг асуудалд тайлбар хийсэн байна лээ. Чадлаа тавиагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, ТЭЗҮ, Эрчим хүчний тухай хууль зөрчсөн гэдгээ хэлсэн байсан. Аукцион гэдэг нь хэн хямдхан тариф санал болгож байгааг нь шалгаруулдаг. Бүх техникийн шийдэл нь тодорхой болчихсон, яаж 99.5 хувь найдвартай хангах нь ойлгомжтой зүйл дээр л аукцион зарладаг. Маш ялгаатай техникийн шийдлүүд, найдвартай ажиллагааны бүтэцтэй зүйлийг үнээр нь харьцуулна гэдэг чинь байж болохгүй зүйл.

-Ер нь Оюу толгойг сэргээгдэх эрчим хүчээр найдвартай хангах боломж бий юу?

-Дээр хэлсэн зүйлүүдээс хамгийн гол нь Оюу толгойг Таван толгойн цахилгаан станцаар найдвартай хангах байдлыг байхгүй болгож байгаа юм. Би тэр 1.7 тэрбум кВт.ц гэдгээс чадлыг нь бодоод үзэхээр бүхэл бүтэн 600 мВт-ын сэргээгдэх барих асуудал яригдаж байгаа юм. Ер нь Таван толгойн цахилгаан станцыг барьж байж л Оюу толгойг найдвартай хангана. Түүнээс биш хэчнээн сайхан батерей тавиад, сэргээгдэхээр Оюу толгойг найдвартай хангаж чадахгүй гэдгийг мэргэжлийн бус хүн хүртэл ойлгоод байгаа. Дээрээс нь Оюу толгой бидэнд найдвартай, тогтвортой дотоодын эх үүсвэр л хэрэгтэй гэж байгаа юм. Тэр нь сэргээгдэх биш гэдгийг хэн ч хэлнэ. Таван толгойг барьчихвал Оюу толгой авна гэдэг гэрээ байгаа. Дараагийн том эрсдэл нь цахилгаан авахгүй байсан ч мөнгийг нь төлнө гэдэг гэрээ хийх гээд байна.

-Тэр нь юу гэсэн үг юм бэ?

-Оюу толгойгоос танай сэргээгдэх найдваргүй гээд авахгүй гэсэн ч манайх мөнгийг нь төлнө гэсэн гэрээ гэсэн үг. Ийм гэрээг маш олноор хийснээс болоод эрчим хүчний салбарын өр энэ жил 400, ирэх жил 800 гээд өсөөд байгаа юм. Дунд нь ингэж эрсдэлийг улс хүлээх нь маш эрсдэлтэй. Гэтэл Таван толгойгоос авна гэдэг гэрээтэй. Тэр бүү хэл Таван толгойг Оюу толгой өөрсдөө барих гэж байсан юм. Мөн хэрвээ энэ бүхэн явбал манай улсын эрчим хүчний хараат байдал улам нэмэгдэнэ.

-Яагаад?

-Оюу толгой, түүний ойр орчмын уурхай, Өмнөговь, Дундговь, Багануур, Чойр гээд бүгд Хятадаас эрчим хүчний хараат болно. Гэтэл дэлхий дахинд улс үндэстнүүд яавал хараат байдлаа бууруулах вэ, өөрсдөө хэрхэн хангах вэ гэдэг дээр төвлөрч байна. Харамсалтай нь манайх хараат байдлаа улам нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх гээд байгаа юм. Хэрэглэгч нь авах эсэх нь тодорхойгүй байхад авахгүй байсан ч мөнгийг нь төлнө гэдэг гэрээ хийх нь эрчим хүчний салбарын өр, улсын төсвийн татаасыг нэмэгдүүлнэ. Тийм болохоор ядаж Эрчим хүчний яамны хурлаар хэлэлцэж, ТЭЗҮ нь хийгдэж байж энэ төсөл чинь явах ёстой гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Би үүнийгээ буруу гэж бодохгүй байгаа. Дээрээс нь эдгээр хүмүүсийг бараг хэрэгт орохоос нь хамгаалж байна гэсэн үг.

-Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох эсэхийг хэлэлцсэн танай намын Удирдах зөвлөлийн хурал дээр намын дарга, ЕНБД тэргүүтэй хүмүүс засгийн эсрэг зүйл ярьсан гишүүдийг намаасаа хөөнө гэсэн утгатай зүйлс ярьсныг та дуулсан байх. Харин таны яриад байгаа энэ шүүмжлэлүүд тань засгийн эсрэг ярьсан болоод, намаасаа хөөгдөх асуудалд орооцолдуулчих юм биш үү. Үүн дээр юу хэлэх вэ?

-Үүн дээр би санаа зовохгүй байгаа. Учир нь эдгээр эрсдлийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бүлгийнхээ гишүүдэд маш ойлгомжтойгоор тайлбарлаад явж байгаа. Тийм болохоор засгийн эсрэг яриад байгаа зүйл биш. Дээрээс нь би чинь мэргэжилтэн хүн. Салбарынхаа талаарх мэдээллийг гишүүдэд, намынхаа удирдлага, ард иргэдэд өгөөд, хангаад явах нь миний үүрэг хариуцлага. Яагаад гэхээр би энэ Их хуралд эрчим хүчний салбарын нэлээд нарийн мэргэжлийн ганц хүн нь байгаа юм. Дээрээс нь би эрчим хүчний тогтворжилт гэдэг сэдвээр Австрали улсад доктор хамгаалсан, мэргэжлийн хүн. Тиймээс би энэ салбарт байгаа эрсдлийг ойлгуулж, гаргаж тавихгүй бол гишүүн байсны хэрэг байхгүй. Тэгэхээр би үүн дээр нэг их санаа зовохгүй байна. Намын удирдлага үүнийг ойлгож байгаа байх.

ИХ дахь МАН-ын бүлгийг 30:38 болж хуваагдсан гээд ярьсан. Сүүлд эвлэрүүлэх Ажлын хэсэг гаргаад гайгүй болсон гэсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд улс төрийн амьдралд өрнөж байгаа зүйлсийг харахаар энэ хагарал хэвээрээ байна гэдэг зүйлийг ярьж байна. Анх энэ асуудал яригдаж байхад таныг 30-ын талд байгаа гэж хэвлэлээр бичиж байсан. Одоо энэ асуудал ер нь юу болсон бэ. Хагарсан гэгддэг 30:38 хэвээрээ юү?

-Мэдэхгүй ээ, би энэ талаар юу ч хэлж мэдэхгүй байна. Нэг зүйл л үнэн. Тэр нь МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд улс орны эрх ашгийн төлөө ажиллаж байгаа. Миний хувьд гэхэд зөвхөн салбарынхаа асуудалд төвлөрөөд л ажиллаж байна.

-Тэгэхээр та ямар нэгэн хуваагдал, хагаралд оролцоогүй гэсэн үг үү?

-Үгүй, тэр бол дарга нарын л асуудал. Бүлгээ эвтэй найртай байлгах, гишүүдээ сонсох, хүндэтгэх, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын л ажил. Бусдаар энгийн гишүүд нь өмнөх ажлаа л хийгээд явж байгаа. Тийм ч болохоор биднийг ажлаа хийх амар жимэр боломжоор хангаасай л гэж хүсэж байна.

Т.ХӨВСГӨЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.