БОХХААБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.06.24) хуралдаан 10 цаг 13 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Б.Бейсен гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, М.Ганхүлэг, М.Мандхай, Т.Мөнхсайхан, Ц.Туваан, Б.Бейсен, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, Н.Наранбаатар, Б.Уянга, Г.Ганбаатар, С.Лүндэг, Л.Мөнхбаясгалан, С.Одонтуяа, Ж.Чинбүрэн нар хүрэлцэн иржээ.
Эхлээд Засгийн газраас энэ оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга танилцуулав. Улсын Их Хурал энэ сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан нэр томьёог жигдэлж, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн тогтоолын заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөн, бүтэц, найруулга, латин хөрвүүлэгт холбогдох хууль зүйн техникийн засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Гишүүд дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзснээр “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2025 онд 30 их наяд 303.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.7 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31 их наяд 331.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 34.8 хувьд тус тус хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1 их наяд 27.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ний 1.1 хувьтай тэнцэж байна.
Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 145 байгууллага, 6 төсөл, сан, төрийн өмчийн 10 аж ахуйн нэгж нийт 161 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 696.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, үүнээс урсгал зардалд 556.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 106.5 тэрбум төгрөгийг зарцуулсныг тэрбээр танилцууллаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 30 төсөл, арга хэмжээнд 106.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 84.7 хувийн биелэлттэй гарсан байна.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.
Төрийн аудитын тухай хууль болон Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тэрбээр тоймлон танилцуулсан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 94 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 49 байгууллагад дүгнэлт гаргаж, 45 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 43 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлтийг тус тус өгчээ.
Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 31.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 31 төлбөрийн акт тогтоож, 12.8 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 53 албан шаардлага хүргүүлж, 19.8 тэрбум төгрөгийн зөрчилд 70 зөвлөмж өгч, 0.01 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 3 албан шаардлага хүргүүлж, 1.6 тэрбум төгрөгийн 3 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Өмнөх оны аудитаар алдаа, зөрчлийг арилгах 8.9 тэрбум төгрөгийн 5 албан шаардлага, хариуцлага тооцуулах 1 албан шаардлага хүргүүлснээс, хэрэгжилт 80 хувьтай гарчээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багцад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 64.8 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 48 төсөл, арга хэмжээг 2025 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөснөөс 16.8 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 27 төсөл арга хэмжээ буюу 56.2 хувь нь тухайн онд бүрэн хэрэгжсэн байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 65 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 53 байгууллагад дүгнэлт гаргаж, 12 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан болохыг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 35 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 18 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлтийг тус тус өгсөн гэв. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 215.4 тэрбум төгрөгийн 200 зөрчил илэрснээс 0.07 тэрбум төгрөгийн 31 төлбөрийн акт тогтоож, 109.4 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 87 албан шаардлага хүргүүлж, 18.9 тэрбум төгрөгийн зөрчилд 80 зөвлөмж өгч, 87.0 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 2 албан шаардлага хүргүүлсэн байна.
Өмнөх оны аудитаар 80.7 тэрбум төгрөгийн 2 албан шаардлага, 6 зөвлөмж өгснөөс биелэлт 57.6 хувьтай гарсныг тэрбээр дурдлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 51.9 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 44 төсөл, арга хэмжээг 2025 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөснөөс 21.4 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 37 төсөл арга хэмжээ буюу 84.1 хувь нь тухайн онд бүрэн хэрэгжжээ.
Дээр дурдсан аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудыг тодрууллаа. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагч нь жилийн төсвийн төслийн саналыг боловсруулахдаа улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, тухайн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, түүнд зарцуулах төсвийг үнэн зөв төлөвлөж, бодитой тайлагнахад анхаарах шаардлагатай гэв. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, бүртгэх, үр дүнг үнэлэх үе шат бүрд төсвийн ерөнхийлөн захирагч болон оролцогч байгууллага, албан тушаалтнуудын хяналт, хариуцлагыг сайжруулах; агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өмнөх онуудад хэрэгжүүлсэн зарим төсөл арга хэмжээний үр дүнг дүгнээгүй, дуусаагүй асуудал давтагдан гарч байхад ижил төстэй арга хэмжээг хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлж гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавьж, үр дүнг үнэлж хэвших шаардлагатай гэжээ.
Мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн байдлын тайлан дахь бусад эргэлтийн хөрөнгө дансанд хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон ашиглалтад орсон хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлээгүй, ажлын гүйцэтгэл, санхүүжилтийг үе шат бүрээр бүртгээгүй зэрэг зөрчил илэрч байгаад дүн шинжилгээ хийж, эрх бүхий төрийн байгууллагад хандан асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн болохыг Ерөнхий аудитор танилцуулав.
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн Монголбанкнаас тогтоосон арилжааны банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй Чингис хаан банканд байршиж байгаа 6.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх ажил удаашралтай байгаад анхаарал хандуулж, төвлөрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдлаа. Салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, төсөл, хөтөлбөрийн нэгжийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулахад анхаарал хандуулах шаардлагатай гэв.
Түүнчлэн төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн аудитын шийдвэрийн хэрэгжилтэд анхаарч, аудитын шийдвэрийн болон хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүн шинжилгээ хийж, цаашид гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгч, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь заалтын хэрэгжилтийг бүрэн хангуулж, дотоод хяналтын тогтоолцоог сайжруулах шаардлагатайг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцын санхүүгийн тайлангаар нийтлэг гарсан алдаа зөрчлийг танилцуулсан юм.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх Сангийн сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Жаргалсайхан, П.Батчимэг нар асуулт асууж, төсвийн ерөнхийлөн захирагчид болон ажлын хэсгээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн.
Ийнхүү Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолыг төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргалаа. Уг саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 52.9 хувь нь дэмжиж, хуралдаан хаалттай горимд шилжсэн юм.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон дөрөв дэх асуудал нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан бөгөөд холбогдох асуудлыг хэлэлцэж дууссан тул хуралдааныг нээлттэй горимд шилжүүлсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч, Э.Болормаа танилцууллаа.
Засгийн газраас энэ оны 5 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал энэ сарын 10 өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн байна. Энэ дагуу Улсын Их Хурлын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 23-ны өдөр хуралдаж, чиглэл өгсөн таван асуудал тус бүрийг хэлэлцэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу бэлтгэн томьёолжээ. Тухайлбал, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, үг, хэллэг, найруулгыг энгийн ойлгомжтой байдлаар жигдлэн томьёолж, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг эшилсэн хэсэг, заалтыг хасаж, зарим нэр, томьёоны тодорхойлолтыг хуульд хэрэглэгдэх давтамж, агуулгаар нь эрэмбэлэн, хуулийн төслөөс хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар салбар хоорондын уялдааг хангах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хороо байгуулах, тус хорооны санал, зөвлөмжийг үндэслэн үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг батлах нь зүйтэй гэж үзжээ. Үндэсний зохицуулагч байгууллага сааруулалтын үр дүнг тооцон шилжүүлэх, байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалан алдагдах эрсдэлийг бууруулах зорилгоор төсөл, хөтөлбөрөөс үүссэн баталгаажсан сааруулалтын үр дүнгийн тодорхой хувийг эрсдэлийн санд нөөцлөн, энэ хуульд заасан журмын дагуу буцаан олгох удирдлага хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Иргэн, хуулийн этгээдийн дасан зохицох, даван туулах чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг жил бүр төлөвлөн, санхүүжүүлэх зохицуулалтыг хуулийн төслөөс хасах саналыг ажлын хэсгээс гаргаж буйг Э.Болормаа гишүүн танилцуулаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнтэй холбогдуулан ажлын хэсэг төслийг боловсруулжээ. Тус төсөлд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуульд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, зам тээвэр, барилга, хог хаягдал зэрэг салбарын хөгжлийн бодлого төлөвлөлтийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох зорилттой уялдуулан хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформыг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн сан, карбоны бүртгэл, хүлэмжийн хий, үндэсний тооллогын мэдээллийн системтэй холбон, иргэн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын мэдээлэл солилцох, бүртгэл хөтлөх, тайлагнах, хяналт тавих боломжийг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгажээ. Мөн боловсролын байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаар авч хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилтийн тайланг Улсын Их Хуралд танилцуулах асуудлыг мөн тусгажээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулаад, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Дараа нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг үндэслэн горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад 19 гишүүний олонх буюу 14 нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэхийг дэмжлээ. Иймд “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү танилцуулсан юм.
2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад Улаанбаатар хотын газар олголтын нөхцөл байдалд хяналт, шалгалт хийх түр хороо байгуулж, нэгдсэн дүгнэлт гаргах тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ. Улаанбаатар хотын нийт иргэдийн 10 орчим хувь нь газраа өмчилж авсан. Улаанбаатар хотын аж ахуйн нэгж, иргэдийн газар ашиглах, эзэмших, өмчлөхтэй холбоотой энэ харилцааг хуулиар зохицуулж байгаа бөгөөд хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг тодорхойлж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах төсөл гэдгийг Ц.Баатархүү гишүүн танилцуулав. Улсын Их Хурлын 35 гишүүн төслийг дэмжсэн болохыг тэрбээр онцлон танилцуулсан.
Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Улаанбаатар хотын газар олголтын шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох зорилгоор холбогдох тогтоол, шийдвэр, газар олголтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” хэмээн төсөлд тусгажээ. Мөн Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээг тодорхойлж, Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнийг дурдсан байгаа аж.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул Б.Бейсен дарга Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүний талаарх Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, зөвлөлөөс ирүүлсэн саналыг танилцууллаа. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, Ө.Шижир, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Н.Наранбаатар, С.Зулпхар, С.Энхцэцэг, М.Бадамсүрэн, М.Мандхай, Б.Уянга, У.Отгонбаяр нарыг Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллуулахаар санал хүргүүлсэн байна. Түүнчлэн Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүний цөөнхийн төлөөлөлд Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр, М.Сарнай нарыг ажиллуулахад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэдэг саналыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлсэн хэмээн Б.Бейсен дарга танилцууллаа.
Үргэлжлүүлэн санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.6 хувь нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


































































Сэтгэгдэл