Хятадад бүтээсэн "хиймэл нар"-ны хүчин чадлыг туршжээ
Хятадын "хиймэл нар" хэмээн нэрлэдэг халуун цөмийн реакторын үндсэн хоёр төхөөрөмжийн туршилтыг амжилттай дуусгасан тухай тус улсын Шинжлэх ухааны академийн Плазмын физикийн хүрээлэн мэдээлжээ. Туршсан эхний төхөөрөмж нь Лоренцын хүчний тусламжтайгаар хэдэн зуун сая хэмийн халуун плазмыг тогтвортой барьж, өгөгдсөн хэлбэрт оруулах үүрэгтэй тороидал соронз юм. 21 метр урт, 12 метр өргөн, 3.3 метр өндөр, 582 тонн жинтэй энэхүү соронзыг хамгийн дээд үзүүлэлтүүдээр нь ажиллуулан туршсан байна.
Хоёр дахь төхөөрөмж нь өндөр температурын хэт дамжуулагч материалаар хийсэн төв соленоид юм. Энэ нь плазмын гүйдлийг үүсгэж, тогтвортой хадгалахын зэрэгцээ плазмыг тогтоон барих соронзон орны тохиргоог тасралтгүй зохицуулах үүрэгтэй. Уг төхөөрөмжийг мөн бодит ашиглалтын нөхцөлд дөхүүлсэн орчинд туршжээ.
Туршилтаар плазмын гүйдэл 60 килоамперт тогтвортой хүрч, хуримтлагдсан энерги 6.03 мегажоуль, соронзон орны өөрчлөлтийн хамгийн өндөр хурд секундэд 5.1 тесла, холболтын эсэргүүцэл 0.87 наноом байсан нь батлагдсан байна. Төслийн удирдагчийн хэлснээр, дээрх хоёр төхөөрөмжийг Хятадад үйлдвэрлэсэн эд анги, материалаар бүтээсэн нь тус улс цаашид халуун цөмийн реактороо хөгжүүлэхэд бат бөх суурийг тавьжээ.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

























































Сэтгэгдэл