Нотолгоонд суурилсан хууль тогтоох үйл ажиллагаа ба дижитал шилжилт
Энэ хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн төслийн эх барих зөвлөхүүдэд зориулсан дотоод сургалтыг цувралаар зохион байгууллаа. Ээлжит сургалт орчин үеийн парламентад чухал ач холбогдолтой хоёр сэдвийн хүрээнд үргэлжлэв.
Эхний хичээлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга Ж.Сайнхишиг удирдан явууллаа. Тэрээр “Нотолгоонд суурилсан хууль тогтоох ажиллагаа ба парламентын оролцоо, хяналт” сэдвээр илтгэл тавьж, хууль тогтоох үйл ажиллагааг судалгаа, бодит өгөгдөл, хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээнд тулгуурлан хөгжүүлэх орчин үеийн чиг хандлагын талаар танилцуулав.
Хичээлийн төгсгөлд, Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хуулийн төсөл боловсруулна гэдэг бол зөвхөн найруулга сайтай, техникийн баримт бичиг бүтээх ажил биш гэдгийг онцолж хэллээ. Юуны өмнө, бодит асуудлыг зөв тодорхойлох ёстой. Дараа нь судалгаа, өгөгдөл, нотолгоонд тулгуурлан тухайн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хамгийн оновчтой шийдлийг боловсруулах учиртай. Тиймээс нотолгоонд суурилсан хандлагыг хууль тогтоох ажиллагааны бүх үе шатанд хэвшүүлэх шаардлагатай юм.
Монгол Улсад нотолгоонд тулгуурласан хууль тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Одоо судалгаа, үнэлгээний үр дүнг бодлогын шийдэлтэй холбох, уялдуулах шаардлагатай. “Эхлээд үнэл, дараа нь өөрчил” зарчмыг хууль тогтоох үйл ажиллагааны соёл, хэм хэмжээний нэг хэсэг болгох цаг болсон. Үүнд парламентын хяналт, Тамгын газрын чадавх, хуулийн зөвлөхүүдийн мэргэжлийн оролцоо чухал үүрэгтэй.
Харин Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн үйлчилгээний газрын референт С.Баясгалан “Дижитал шилжилтийг удирдахуй” сэдвээр илтгэж, дижитал шилжилт нь технологийн шинэчлэлээр хязгаарлагдахгүй, байгууллагын стратеги, үйл ажиллагааны процесс, хүний нөөц, соёлын өөрчлөлтийг цогцоор нь удирдах үйл явц болохыг онцоллоо.
С.Баясгалан Harvard Business Review сэтгүүлээс эрхлэн гаргасан онцлох нийтлэл болох Марко Иансити, Карим Р. Лахани нарын “Дижитал шилжилтийг манлайлах тухай заавал унших ёстой 10 өгүүлэл” номыг орчуулж, олон нийтийн хүртээл болгосон юм.
Түүний илтгэлээс “дижитал шилжилт бол шинэ систем нэвтрүүлэх төдий ажил биш. Энэ нь байгууллагын стратеги, ажлын арга барил, хүний нөөц, соёлыг бүхэлд нь шинэчлэх үйл явц байдаг. Ийм учраас бид технологийг дагаж өөрчлөгдөх бус, өөрчлөлтийг өөрсдөө манлайлах ёстой” гэсэн гол санаа чухал сонсогдож байв.
Улсын Их Хурлын дижитал шилжилт “технологид биш, хүнд чиглэсэн байх” учиртай. Хууль тогтоох үйл ажиллагаа илүү нээлттэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан байхыг шаардаж байна. Үүний тулд манай парламент цахим парламентаас ухаалаг парламент руу, цаашлаад хиймэл оюуны технологийг хариуцлагатай ашигладаг парламент руу үе шаттай шилжинэ.
Энэ өөрчлөлтийг хэн нэгэн гаднаас ирж хийхгүй. Бид өөрсдөө эхлүүлнэ, хэрэгжүүлнэ. Ажилтнуудаа өргөн хүрээнд оролцуулна. Жижиг туршилтаас эхэлж, үр дүнгээ хэмжинэ. Суралцаж, сайжруулж, амжилттай хэрэгжиж буй шийдлүүдээ улам тэлнэ. Дижитал шилжилтийг манлайлах цаг нь яг одоо шүү гэж дүгнэж хэллээ.
Бидний сургалцах үйл явц үргэлжилнэ …































































Сэтгэгдэл