НАТО-гийн 36 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хэрхэн болж өнгөрөв?
НАТО-гийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын 36 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Туркийн нийслэл Анкара хотноо болж өнгөрлөө. Энэ удаагийн уулзалтаар аюулгүй байдал, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, цэргийн зардлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг голчлон хэлэлцжээ.
Долоодугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулсан уг уулзалтад эвслийн гишүүн бүх 32 улсын удирдагчид оролцсон байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте мэдэгдэхдээ, уулзалт амжилттай болсныг тэмдэглээд, эвслийн орнууд түүхэндээ байгаагүйгээр хүчирхэгжин, нягтран нэгдэж чадлаа хэмээн онцоллоо. Уулзалтын эхний өдөр батлан хамгаалахын асуудлыг түлхүү хэлэлцэж, цэргийн технологийг хөгжүүлэхэд 50 тэрбум ам.доллар зарцуулахаар тохиролцжээ. Энэ хөрөнгийг агаарын довтолгооноос хамгаалах систем, нисгэгчгүй нисэх төхөөрөмж худалдан авах, мөн зэвсэглэл, цэргийн техникийн үйлдвэрлэлийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулахаар төлөвлөсөн байна.
Уулзалтын үеэр хийсэн Дональд Трампын мэдэгдлүүд ширүүн маргаан өрнүүлэхэд хүргэв. Тэрбээр уулзалтын эхний өдөр Ираны эсрэг Америкийн цэргийн ажиллагааг дэмжихээс татгалзсан холбоотнуудаа хатуу шүүмжилсэн байна. Мөн Исламын Бүгд Найрамдах Иран Улстай байгуулсан гал зогсоох тохиролцоог цуцалж буйгаа Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн нь олон улсад нэлээд шуугиан тарив. Д.Трамп байлдааны ажиллагаа дахин эхэлсэн энэ үед Ираны талтай хэлэлцээ хийх нь ямар ч утгагүй хэмээн мэдэгджээ.
Үүнээс гадна, Д.Трамп НАТО-гийн дотоод санхүүжилтийн хуваарилалтыг дахин шүүмжилж, өнгөрсөн онд эвслийн нийт батлан хамгаалах зардлын талаас илүү хувийг АНУ дангаар бүрдүүлснийг дурдсан байна. Төсвийн маргааны хажуугаар Америкийн удирдагч Гренландыг АНУ-д нэгтгэх сэдвийг дахин хөндсөн бөгөөд үүний хариуд Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Гренланд худалдагдахгүй, энэ асуудлаарх улс орных нь байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг хатуу мэдэгджээ.
Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Украины асуудал байлаа. НАТО энэ онд Украинд 70 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэхээ амласан бөгөөд зардлын ихэнхийг Европын орнууд болон Канад гаргахаар болов.
Дээд хэмжээнийн уулзалтын үеэр мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хэлэлцээ хийв. Уулзалтын дараа Д.Трамп "Patriot" системийн амдан сөнөөгч пуужинг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Украинд олгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Украины эрх баригчид энэхүү зөвшөөрлийг хагас жил гаруйн хугацаанд хөөцөлдөж, Вашингтоноос дандаа татгалзсан хариу авч байсан тул уг шийдвэр олон улсын ажиглагчдын хувьд гэнэтийн үйл явдал боллоо.
Уулзалтын төгсгөлд НАТО-гийн гишүүн орнууд Вашингтоны гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу хамтын батлан хамгаалах зарчмыг тууштай баримталж, Атлантын далай дамнасан түншлэлийг бэхжүүлэхээ дахин мэдэгдэв. Түүнчлэн Иран улс цөмийн зэвсэг эзэмших ёсгүйг онцолж, Ормузын хоолойд чөлөөтэй зорчих эрхийг бүрэн хангахыг уриалжээ.
Энэ удаагийн уулзалт зохион байгуулагч Турк улсын хувьд онцгой ач холбогдолтой байв. Шинжээчдийн үзэж байгаагаар Туркийн эрх баригичд НАТО-гийн дотоод дахь гол тоглогчдын нэг болоход бэлтгэж байна. Тус улс 1952 онд эвсэлд элссэн цагаасаа хойш хамтын аюулгүй байдлын чухал тулгуур байсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд нөлөө нь улам бүр тэлсээр байгаа юм.
"Bloomberg" агентлагийн мэдээлснээр, Туркийн зэвсгийн экспортын хэмжээ 11 тэрбум ам.доллароос давсан бөгөөд нийлүүлэлтийнх нь талаас илүү хувь нь НАТО дахь холбоотнууд болох АНУ, Европын орнуудад ногдож байна.
Тус улс сүүлийн жилүүдэд мөн Украины мөргөлдөөн, Ираны хямрал зэрэг олон асуудалд зуучлагчийн үүргийг идэвхтэй гүйцэтгэж, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлсээр байна.
Д.ЖАРГАЛ
































































Сэтгэгдэл