Б.Бат-Эрдэнэ: Гишүүд шинэ хууль гэхээс илүү хуучин хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж, сайжруулах ёстой
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– Та сайхан наадав уу. Наадам сайхан болов уу. Та хаагуур наадав?
– Энэ жил нар хур тэгширсэн, хүн зон цэнгэсэн үнэхээр сайхан наадам боллоо. Би Монгол Солонгосын парламентын найрамдлын бүлгийн даргаар ажилладаг юм. Манай бүлэгт УИХ-ын 35 гишүүн бий. Наадмаар БНСУ-ын парламентын бүлгийн дарга, гишүүдийг албан ёсоор урьж, хамтарсан хурал хийж “Санамж бичиг” байгуулан Солонгос улсад амьдарч буй иргэдийнхээ асуудалд давхар анхаарч ажиллалаа.
Төрийн наадам дуусгаад шууд Хөвсгөлдөө очсон. Манай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 100 жилийн ой, Эрдэнэбулган суманд маань Зүүн бүсийн хурд, Улаан-Уул суманд найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй Дархадын хурд, Дэлгэр хаан уулын тахилга болсон. Мөн Бүрэнтогтох сумын маань Сангийн далай 70 жилийн ой таарлаа.
Хөвсгөлчүүд төдийгүй Хөвсгөлд ирсэн зон олон сайхан наадаж амжсан шүү. Залуучуудад зориулсан “Хөх баавгай” фестиваль бас гурван өдөр үргэлжилсэн. Үзэх юмтай, хариад ярих юмтай сайхан л наадам боллоо доо.
– Энэ жилийн наадмаар гадаад, дотоодын жуулчид хэр их ирсэн бол? Монгол наадам үзэх сонирхолтой гадаадын жуулчид жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна уу? Нөгөөтэйгүүр ирсэн жуулчдын сэтгэгдэл ямар байсан бол? Бид цаашид юун дээр илүү анхаарах шаардлагатай байна гэж та харсан бэ?
– Жуулчид нэлээд иржээ. Бид орон нутгаа нислэгтэй л болгоод баймаар байгаа юм. Тэгвэл ирэх жуулчдын тоо жилээс жилд ихэснэ. Жуулчид сэтгэл хангалуун байна. Би Хөвсгөлд явж байхдаа жуулчидтай таарч хуучилж бас амжсан. Бид их өөрөөр буруу төсөөлөөд байна. Ялангуяа өөрсдийнхөөрөө. Өөрөөр хэлбэл, жуулчид ирээд гадаад орны бүх соёлтой үйлчилгээг авах гээд буй мэт аашлаад байгаа юм. Уул нь жуулчид тэрийг хүсэхгүй байна. Шангри-Лад буухдаа үйлчилгээ, стандартыг нь голсон жуулчин хөдөө хээр монгол гэрт буугаад малчидтай танилцаад, тэндээ хоноод аялаад яваад ирэхдээ маш сэтгэл хангалуун байна. Таван одтой буудалд буулаа, үнэхээр сайхан байлаа гээд буцаж байна. Тэгэхээр бид харах өнцгөө өөрсдөө сайн анзаардаг баймаар байгаа юм.
2022 оноос хойш Хөвсгөл аймагтаа Хатгал–Жанхай–Тойлогт 37.9 км зам нуурын эргээр тавьж, нуур дагасан таван сумын хогийн цэг байгуулж, аялал жуулчлалын “Хөх баавгай” мэдээллийн цогц төвүүдийг байгуулж байгаа. Энэ жил дийлэнх нь ашиглалтад орчихсон байсан учраас жуулчдад бас их тухтай байсан санагдсан. Өмнө нь шороо бужигнаад өнждөг байсан бол одоо сайхан засмал замаар давхиад орчихдог болсон. Тэгэхээр бид зам харилцаагаа л анхаарчихвал бусад нь тэгээд гайгүй дээ.
– Энэ жилийн наадмыг Солонгос улсын төрийн тэргүүн гэр бүлийнхээ хамт айлчлан ирж үзэж сонирхлоо. Солонгос улсын ерөнхийлөгчийн айлчлалын онцлох үр дүнг та товчхон хэлэхгүй юу? Таны хувьд Монгол–Солонгосын парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа, тийм үү?
– Тийм ээ. Би парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа. БНСУ-ын Ерөнхийлөгчтэй шууд харилцсан. Хэлийг нь мэддэг болохоор амар байдаг. Хоёр улсын парламентын бүлгийн харилцаа, юуг анхаарвал цаашдаа зүгээр вэ гэж асууж байна лээ. Бид хоёр улсын иргэдээ хүндэтгэж, аль аль талдаа парламентын харилцан туршлага судлах, ололттой инноваци шингэсэн, хиймэл оюун ухаан ашигласан хэлбэрт шилжиж ажиллахаар тохирлоо.
Мөн нэг шийдэл нь БНСУ–Монгол Улс–БНАСАУ гэсэн парламентын гуравласан харилцааг үүсгэх талаар ч ярилцсан. Энэ шийдэл болох ёстой юм байна лээ. Бид анхаарах ёстой нэг зүйл бий. Тэр нь БНСУ-д амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ. Ялангуяа хууль бусаар гэгдэх визний хугацаа нь дууссан иргэдээ визтэй болгох асуудлыг голлож хөндлөө. Ядаж нэг жилийн хугацааны визийг олгоод тэр хугацаанд торгууль төлбөргүй буцан гарах, ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах гээд олон ажлыг хийх боломжийг бүрдүүлэх нь чухал. Визгүй байгаагаас улбаатай эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг авч чадахгүй байгаа. Энэ асуудал шийдэгдэх ёстой.
Монгол Улсад ч Солонгос Улсын олон иргэн амьдарч, ажиллаж байна. Тэдэнтэй бид уулздаг, тусалдаг. Тиймээс тухайн улсад амьдарч буй иргэдийн ахуй амьдрал, амьжиргаа, харилцан найрсаг байх, бизнес эрхлэх, таатай амьдрах асуудлыг чухалчлах нь зөв. Мөн “Хавдрын эмнэлэг”, “Жолооны үнэмлэхээр харилцан жолоо барих” гээд олон чухал асуудлыг шийдсэн айлчлал болсон гэж үзэж байна. Манай улсын Ерөнхийлөгчийн хувьд гадаад харилцаан дээр маш дэвшилттэй, ололтой, найрсаг, дипломат харилцааг үүсгэж чадсан гэж боддог.
– Солонгос улсын төрийн тэргүүнтэй хамт Солонгосын парламентын гишүүд мөн ирсэн байх. Хоёр улсын парламент хооронд ямар бодлогын баримт бичгүүдэд гарын үсэг зурж, ажил хэрэг болгосон бол?
– Солонгосын парламентын бүлгийн гишүүдтэй хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн “Санамж бичиг”-ийг байгуулсан. Мэдээж эдийн засаг, нийгмийн харилцаа чухал. Өмнө хэлсэнчлэн БНСУ-д хууль бусаар амьдарч буй иргэдээ албан ёсны болгон визжүүлэх асуудал. Энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ тэд илэрхийлсэн. Мөн Хөвсгөл аймгийн онгоцны буудлыг 4C зэрэглэлд шилжүүлэхэд хэрэгтэй хөрөнгө оруулалт, үүнийг дагаад Солонгос иргэдийн аялал жуулчлалыг Хөвсгөл, Өмнөговь гэсэн маршрутад түлхүү аялуулах, Морин уралдааны төв байгуулах гээд олон чухал асуудлыг бид шийдвэрлэхээр болсон. Эрх зүйн хувьд БНСУ-ын Парламентад нэгэнт ашиглаж буй хиймэл оюун ухаан ашиглах, хуулийн шинэчлэл дээр харилцан дэмжих. Тухайлбал, замын хөдөлгөөний тухай хууль, иргэдийн амьжиргаанд гол нөлөөлж буй хуулиудыг цэгцэлнэ гээд олон асуудлыг бид хөндсөн.
– Зуны дэлгэр цагт гадна дотны жуулчдын хамгийн их очдог газар бол Хөвсгөл аймаг. Таны хувьд энэ бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Энэ утгаараа бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд та хэрхэн анхаарч, ямар ажил санаачлан хэрэгжүүлж байгаа вэ?
– Одоо Хөвсгөл аймагт хамгийн хэрэгтэй зүйл бол Олон улсын онгоцны буудал. Жилийн дөрвөн улиралд Хөвсгөлд жуулчид ирдэг болчихсон. Хөвсгөл аймгийн нисэх буудлыг олон улсын болгох, 250-300 хүн/цаг болгоход дунджаар 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна. Үүнийг бид улсын төсвөөр шийднэ гэвэл үнэхээр удна. Ерөнхий сайд Н.Учралын хувьд “Чөлөөлье” гээд маш зөв концепцитой нийгэм, эдийн засгийг өргөжүүлэх, төрийн хүнд суртлаас чөлөөлөх, бизнесийг дэмжих ажил санаачлан хийгдэж байна. Үүний хүрээнд БНСУ-ын томоохон компаниуд Хөвсгөл, Өмнөговийн олон улсын нисэх буудлыг сонирхоод байгаа. Хэрвээ удаан хугацаагаар гэрээлээд концесс байдлаар ч юм уу, менежментээрээ хөрөнгө оруулалтаа олж авах хэлбэрээр ч юм уу тэдэнд өгчихвөл тэд хийчихнэ гээд л байна.
Тухайлбал, Хөвсгөлийн 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэг бол 200 орчим тэрбум вон гэсэн үг. Энэ их мөнгө биш. Тиймээс энэ мөнгийг гаргаад онгоцны буудлыг олон улсын том онгоц авах боломжийг нь бүрдүүлчихвэл БНСУ-ын орон нутгаас манай улс руу нисэх нислэгийн тоо маш ихэснэ. Япон, Вьетнам, Тайланд, Тайвань, Хятад зэрэг орнуудын онгоцнууд ирэх бүрэн боломж нь нээгдчих юм. Долоо, наймдугаар сар гэдэг бол энэ орнуудад маш халуун байдаг сар. Сэрүүн газар буюу Монголыг тэд онилж байна. Тэгвэл Хөвсгөл гэлтгүй тэр хавийн аймгуудад жуулчид дүүрээд ирнэ. Энэ бол жинхэнээсээ эдийн засгийн чөлөөлөлт болно.
– Хаврын чуулганы сүүлээр татвар, эдийн засагтай холбоотой олон хууль батлагдлаа. Таны хувьд хаврын чуулганаар ямар хуулийн төсөл санаачлан батлуулав. Хаврын чуулганы тухайд та товчхон дүгнэлтээ хэлэхгүй юу?
– Энэ хаврын чуулганы хувьд улс төрийн ээдрээт байдлууд зогссон учраас хуулиуд их сайн батлагдлаа. Ялангуяа Засгийн газраас оруулж ирсэн Эдийн засгийн эрх чөлөө, Нийгмийн даатгал гээд олон асуудал шийдвэрлэгдэж чадсан. УИХ-ын гишүүд шинэ хууль гэхээс илүү хуучин хуулиудын хэрэгжилтэд хяналт сайн тавьж, алдааг нь олж илрүүлэн сайжруулах ёстой байна. Эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийг дэмжих, ард иргэдийн амьжиргааг сайжруулах эрх зүйн орчныг л сайн бүрдүүлээд явах нь чухал байна. Яг үнэндээ манай улсын хувьд их хязгаарлалт хийдэг хуультай орон. Үүнийг Ерөнхий сайдын хувьд чөлөөлнө гээд байгаа юм. Миний хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ салбарынхаа хуулиудыг цэгцлэх хэрэгтэй гэж харж байгаа. Зөвхөн Байгаль орчны хуулиудын хийдэл, давхардал, зөрчил гэхэд л 447 орчим байна. Энэ үнэндээ байж боломгүй асуудал. Үүнээс болж иргэд гэмт хэрэгт холбогдох, бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсэх, эдийн засгийн эргэлт зогсох, иргэд ахуйн хэрэгцээгээ хүртэл хангаж чадахгүйд хүрэх байдал юм.
Модтой газар амьдарч байж түлэх модгүй байна гэдэг бол эрх зүйн орчин буруу байна аа л гэсэн үг. Миний хувьд Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай анхдагч хуулийг өргөн бариад байна. Төрийн өмчийн компаниудын тухай П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа гишүүдтэйгээ хамтарч батлууллаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн ажлын хэсэгт Болдын Уянга нарын гишүүдтэй хамтдаа ажиллаж бас батлуулсан гэх мэтээр олон хууль дээр ажиллаж амжсан. Хууль санаачлаад батлуулах хүртэл явахад төвөгтэй асуудлууд бас үүснэ ээ. Сая л гэхэд Ойн тухай хуулийг өргөн бариад явж байхад эрх ашиг нь хөндөгдсөн бүлэглэл бүтэн хөдөлж байх жишээтэй. Гүтгэнэ, гүжирдэнэ, доромжилно, дайрна. Тад юу эсхийг хийх вэ.
Тухайлбал, Ойн мэргэжлийн байгууллага нэрээр тусгай зөвшөөрөл аваад тухайлсан ойн санд цэвэрлэгээ, арчилгаа хийх эрх аваад тэр зөвшөөрлөө 500 саяас 2 тэрбум төгрөгөөр зарга худалдаалж байна. Хуулийн шинэчилсэн найруулга дээр энэ байдлыг таслан зогсоох концепц оруулсан. Гэтэл тэнд тэд хэвлэлээр худалдан авч бүх ойг зөвшөөрөлгүй болгож устгах гэж байна гээд гүтгэж байх жишээтэй. Ийм зүй бус зүйлийг л хуулийн өөрчлөлтөөр таслан зогсоох ёстой байдаг юм.
– Удахгүй манай улсад СОР-17 зохион байгуулагдана. Зарим хүмүүсийн хувьд энэхүү том арга хэмжээг зохион байгуулахад л манайх анхаарч байна. Энэ арга хэмжээнээс хүртэх үр өгөөж, ач холбогдлыг орхигдуулж байна гэж шүүмжилж байна. Таны хувьд уг арга хэмжээг манай улс зохион байгуулснаараа ямар ач холбогдолтой үлдэх ёстой гэж харж байна вэ?
– Цөлжилттэй конвенцийн талуудын XVII бага хурал наймдугаар сарын 17-ноос эхлэх гэж байна. Манай улсын хувьд 76.8 хувь нь аль хэзээний их бага цөлжилтөд нэрвэгдчихсэн. Дархадын хотгор хамгийн сүүлд цөлжсөнөөр манай улс тэрчигтээ цөлжиж байна гэж үздэг. 1976 оноос хойш өнөөдрийг хүртэл цаг агаар маань 40 орчим хувиар багасчихлаа. Дэлхийн дулаарлын хамгийн идэвхтэй явагдаж байгаа орноор Монгол Улс нэрлэгдэж байна.
Бид СОР-17 хурлыг анх санаачлахдаа багадаа 1.5-2 тэрбум ам.доллар олж байгаль орчинд зарцуулах төлөвлөгөөтэй байсан. Усанд 1 их наяд төгрөг, ойдоо 1.5 их наяд төгрөг, бэлчээртээ багадаа 1 их наяд төгрөг гэх мэтээр хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай байна. Ингэж чадвал манай орны хувьд ойрын 5-10 жилдээ байгаль орчин маань маш сайн сэргэх боломж бүрдэх юм. Манай улс бэлчээрийн санаачилгыг гаргаж байгаа. Энэ их чухал. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн хуулиа энэ хаврын чуулганаар батлуулчихсан. Тиймээс энэ чиглэлд мөн анхаарч ажиллаж байгаа. Ер нь тэгээд хүлээж буй үр дүн бол мэдээж цөлжилтөө сааруулах, байгаль орчноо сэргээх шүү дээ. Үүнийг л хүлээж байна.
– Энэ намрын чуулганаар 2027 оны улсын төсвийг хэлэлцэнэ. Таны хувьд иргэд, сонгогчидтойгоо ойр байж, тэдний санаа бодлыг сонсох уулзалтуудыг идэвхтэй хийдэг гишүүдийн нэг. Энэ утгаараа иргэдийн хэлж байгаа орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалт, төслүүд юу байна вэ. Ирэх оны төсөвт та юунд илүү анхаарч, ямар санал гаргаж ажиллахаар төлөвлөж байна вэ?
– Энэ оны нэг, хоёрдугаар сард Хөвсгөл, Булган, Эрдэнэтээр буюу бүтэн тойроод сонгогчидтойгоо уулзаад 2027, 2028 онд хийгдэх шаардлагатай хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө бүрэн гаргачихсан. Би сонгогдсоноос хойш энэ гурван аймгаа бүтэн гурван удаа тойрчихсон байна. Үнэндээ улсын төсөв хаанаа ч хүрэлцэхгүй. "Чөлөөлье" санаачилгын хүрээнд дан ганц улсын төсвөөр биш, хувийн хэвшлийн дэмжих хэлбэрээр хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай.
Би түрүүн Хөвсгөл нисэх буудлын жишээг хэлсэн дээ. 500 тэрбум төгрөг хайж хүлээж суухаар Солонгос шиг менеджментээ хийлгээд хөрөнгөө гаргаач гэж байгаа гадны улсуудын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг төрээс сайн гаргах хэрэгтэй. Хөвсгөл аймгийн хувьд алслагдсан сумууд ихтэй учраас мэдээж олон хөрөнгө оруулалт хэрэгтэй. Эрдэнэтийн хувьд АМНАТ үлдэх мөнгийг нь ахиу үлдээдэг болчихвол өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийчихнэ. Эрдэнэтэд үлддэг АМНАТ-аас 20 орчим хувийг нь Эрдэнэтэд үлдээгээд байхад л жилдээ 200 орчим тэрбум төгрөг үлдэх боломж бүрдчихэж байгаа юм. Тэр мөнгөөр зөндөө ажил хийнэ шүү дээ. Булган аймгийн хувьд үнэндээ хаягдаад байна. Тэнд илүү их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.
– Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
– Монгол Улс агаарын ганцхан гарцтай. Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Чойбалсан хотуудын нисэх буудлыг олон улсын зэрэглэлд яаралтай шилжүүлээд агаарын таван гарцтай болгох ажлыг л Засгийн газраас яаралтай хиймээр байна. Бид эдийн засгийн эргэлтээ дэмжих бодлогыг зөв гаргаж чадвал гадаадын хөрөнгө оруулалт урсаад ороод ирнэ. Бид дүндүү хязгаарлагдмал байна. Энэ хязгаарлагдмал байдлыг л халах нь бидний тэргүүн зэргийн зорилго шүү.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.ТҮВШИН














































.jpg)



















Сэтгэгдэл