Малчин Х.Эрдэнэбулган: Малчид пад трактораа унаад 50 км-ийн цаанаас түлшээ авч чадахгүй шүү дээ
Найр наадмууд өндөрлөж намрын ид ажил ундарсан цаг иржээ. Хот хөдөөгүй хөл хөдөлгөөн нэмэгдэж, хадлан тариа, ургац ногооны ажил эхэлж байна. Гэтэл хадлан тариалангийн ажил, шатахууны хомсдолтой зэрэгцээд түлшийг зориулалтын саванд өгөхгүй гэсэн төр засгийн шийдвэр гарч, иргэдэд нэлээд хүндрэл учирч байгаа талаар Булган аймгийн Хангал сумын II багийн малчин Х.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Малчид хадландаа гарч байна уу. Ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Намрын ажил эхэлчихсэн байдаг. Манай сум бензин колонк байхгүй. Бид сумаасаа 20 км явж байж Хялганат тосгон орж шатахуун түлшээ авдаг байтал, одоо Хялганатад түлш байдаггүй.
Арга ядаад 50 км явж Эрдэнэт орж өвсний тракторынхаа түлш авах гэтэл “Саванд түлш өгөхгүй” гэх журам гарсан гээд өгдөггүй. Уг нь түлш ямар ч оочер, хязгаарлалтгүй байгаа юм. Тэгэхээр хадлангаа авахын тулд трактороо унаад 50 км явж Эрдэнэт орж түлшээ авах ямар ч аргагүй. Үнэхээр их бухимдлаа. Хот суурин газраа тэр зохицуулалтаа хийж болно доо. Ямар ч амьдралгүй шийдвэр гаргаж байх юм.
-Малчид маань ер нь хадлангаа ямар техникээр авдаг вэ?
-Малчид жижиг оврын пад пад болон том трактораар авдаг. Бас жижиг оврын моторт гар хадуур ашигладаг. Ер нь ямар нэг байдлаар ажлаа хөнгөвчилсөн хадлан тариалангийн техник тоног төхөөрөмжүүд ихээр ашиглаж байгаа. Гэтэл тэр бүгд нь шатахуун, эсвэл түлшээр ажилладаг болж таараад байдаг. Тэр болгондоо хадуураа бариад аймаг сумын төв орж, колонкоос шатахуунаа авах боломжгүй шүү дээ. Хувьдаа падтай хүмүүс нь өөрсдөө хадлангаа авахаас гадна тракторгүй айлуудад хөлсөөр хадаж өгнө. Гэхдээ ажлын хөлсөн дээрээ заавал хэрэглэх түлшээ нэмж өгдөг. Гэтэл зориулалтын саванд өгөхгүй гэчихээр үнэхээр хүнд болж байгаа юм. Бид хаа хамаагүй саванд авъя гээгүй. Шатахууны стандарт хангасан зориулалтын саванд авъя гээд байгаа шүү дээ. Энэ савыг ахуйн хэрэглээнд түлш шатахуун хэрэглэх зориулалтаар дэлхий дахинд хүлээн зөвшөөрөөд үйлдвэрлээд гаргасан байхад яагаад манайд ийм төвөгтэй болгож байдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Энэ саванд айраг сүү хийхгүй, ус зөөхгүй шүү дээ. Гэтэл яагаад зориулалтаар нь манайд ашиглаж болохгүй байгаа юм. Ялангуяа сум суурингаас хол айл өрхүүдэд бүр хүнд тусна.
-Нэг айл хадлангаа авахад жишээ нь хэр их түлш зарцуулах вэ?
-Намрын ажлын үед нэг малчин айлд дор хаяж 100-200 литр түлш заавал хэрэг болдог. Тэгж байж өвлийн өвс тэжээлээ бэлддэг тогтсон зарчимтай. Хадлангийн хугацаанд талбайдаа оччихоод банкаа дуусах бүрд буцаж төв орно гэдэг хэцүү шүү дээ. Хөдөөгийн айлууд хадлангийн цагаар оюутан сурагчид хот хүрээ явчихдаг болохоор бороо хурын дундуур цаг наранд тааруулж хурдхан ажлаа амжуулмаар байдаг юм. Тиймээс түлш шатахуунаа нэг дороо боломжоороо базааж аваад хадландаа гарах гэхээр саванд өгөхгүй. Тоног төхөөрөмжүүдээ ашиглах аргагүй болчихлоо. Манайх бас ногоон тэжээл тариалсан. Намар түүнийгээ хураана. Бас хадуураар хадах хэрэг гарна. Ер нь энэ жил өвлийн бэлтгэлээ базааж чадах нь уу гэж бухимдаж сууна.
-Шатахуун түгээгүүрүүд ямар тайлбар өгч байх юм?
-Би олон колонкууд дээр очиж хэлэлцэж үзлээ, хэрэлдэж үзлээ. Сайдын шийдвэр гэж тайлбар өгч байх юм. Хэрэв ямар нэг байдлаар саванд өгсөн тохиолдолд шатахуун түгээгүүрийн салбарын ажилтан тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох журам гарсан юм байна. Ажлаа хийж яваа хүмүүс мэдээж торгуулаад байх дуртай байхгүй шүү дээ. Говийнхон бол үнэхээр хэцүү байна. Яагаад гэхээр өдөр бүхэн малаа мотороор усалдаг. Гэтэл саванд шатахуун өгөхгүй гэчихээр одоо яах болж байна. Хэдэн малчид, тариаланчдаа ажиллаж амьдрахад улам төвөгтэй болгож байна.
-Өөр ямар асуудал тулгарч байна вэ?
-Одоо энэ намрын ажлууд, цаашлаад өвлийн бэлтгэл эхэлнэ. Түлээ түлш, нүүдэл суудал гээд үргэлжилнэ. Түлээ түлшээ, өвлийн бэлтгэлээ базаагаагүйгээс цас шуурганд дайруулах, өвөлжилт хүндрэх ч эрсдэл бий. Энд малчид л хохирно. Малчид тариаланчдынхаа байгалийн нөхцөл, цаг үеийн ажил төрөлтэй нь уялдуулсан шийдвэр гаргадаг баймаар байна. Хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа малчид тариаланчдаа үнэхээр бодохгүй оффис ширээний ардаас амьдралгүй журам тогтоол батлаад суух нь үнэхээр зохимжгүй байна аа. Хөдөө орон нутгаа эзэнтэй байлгаж, эх орныхоо уламжлалт мал ахуйг авч яваа малчдаа бодолцож, хөрсөндөө буусан шийдвэрүүд гаргаасай гэж төр засгаасаа хүсэх байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Б.ДАРИЙМ





































































Сэтгэгдэл