И.Балжинням: Манай улсын эмийн компаниуд гадаад захиалгынхаа 20-30 хувийг л авдаг

Aдмин / Эрүүл мэнд

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжиннямтай ярилцлаа.


-Манай улс эмийнхээ дийлэнх хувийг импортоор авдаг. Үүнийг дагаад эмийн чанарын асуудлууд сүүлийн үед яригдах боллоо. Шалтгаан нь юу байна вэ?

-Эм өөрөө онцгой бүтээгдэхүүн. Өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэхэд хэрэглэгддэг тодорхой хэлбэр, тун хэмжээтэй зүйл. Тохирсон тунгаар, зөв сонголтоор, зөв хэрэглэж байж л эмчилгээний үр дүнгээ өгдөг. Манай улсын хувьд нийт эмийнхээ 80 орчим хувийг импортоор авдаг. 4000 гаруй орчим нэр төрлийн эм орж ирдгээс 2800-3000 нь импортоор жил тутам орж ирж байгаа. Эмийн хувьд гаднаас хараат гэж хэлж болно. Дотоодын үйлдвэрийн хувьд манай улс 1926 оноос “Эм савлах тасаг” гэж нээгдээд 100 жил болсон байна. Гэвч дотоодын үйлдвэрлэгчид маань нийт эмийнхээ 20 орчим хувийг нь л үйлдвэрлэж байна. Үүнээс арав орчим хувь нь европ, үлдсэн нь уламжлалт эм. Ингээд үзвэл цэвэр импортоос хараат зах зээлтэй гэсэн үг.

Нэн тэргүүнд эмийн үнэд нөлөөлдөг зүйлийг авч үзвэл зах зээлийн багтаамжийг ярих хэрэгтэй болно. 3.5 сая хүнд бид эм авч байгаа. Гэтэл 1.3 тэрбум хүнтэй БНХАУ, 130 сая хүн амтай ОХУ авбал өөр болоод явчихна. Хэдийгээр эмийн компаниуд эрүүл мэндийн төлөө гэж байгаа боловч дэлхий даяар ашигтай ажиллах шаардлагатай байдаг.

Ашиг олж байж шинэ технологиуд нэвтрүүлж, шинэ эмийн судалгаанууд хийгддэг. Монгол Улсад тухайн эмийг хамгийн бага хэмжээгээр, нэг цуврал эмийг л авах ёстой байдаг. Нэг удаагийн үйлдвэрлэлд орж байгаа хэмжээгээр нь авах ёстой гэсэн үг. Манай улсад орж ирж байгаа эмийн хаяг, шошго нь Орос, Англи, Монгол гэсэн гурван хэлний аль нэг дээр, заавар нь заавал монгол хэл дээр байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэр шаардлагыг биелүүлэхийн тулд бүх савлагааг нь Монголд зориулж хийнэ гэсэн үг. Нэг удаагийн цувралд хамгийн багадаа үйлдвэрлэх шаардлагатай болж байна. Гэтэл нэг удаагийн цуврал нь Монгол Улсын хэдэн жилийн хэрэгцээ вэ гэдэг асуудал үүсдэг. Нэлээд эмийг нэг удаагийн цувралаар авах гэхээр Монголын зах зээлээс даваад байдаг. Монгол Улсад зарагдах хэсэг нь зарагдаад, илүү гарсан хэсгийг нь устгахаас өөр аргагүй болдог. Тэгэхээр манай улсын зах зээлийн багтаамж захиалга нь эмийн үнэд нөлөөлдөг.

-Эмийн үнэд өөр юу, юу нөлөөлж байна вэ?

-Монгол Улсын хилээр орж ирсэн эмүүдэд татвар, гаалийн татвар төлж эхэлдэг. Хил гааль дээрх мэдүүлэг, тээврийн зардал зэрэг 18 орчим төрлийн татвар төлж байгаа. Энэ нь эмийн үнийн 30-35 орчим хувийг эзэлдэг. Үүнээс гааль дээрээс эцсийн хэрэглэгчдэдээ хүртэл 13 орчим хувийн НӨАТ төлдөг. Дараагийн асуудал нь дандаа гадаад валютаар эмээ авч байгаа. Валютын ханш чангарах тусам манай төгрөгийн ханш унадаг. Дараагийн асуудал нь санхүүгийн зардал маш өндөр болж байна. Нийт эмийн 50 орчим хувийг улс авч байгаа. Энэхүү эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ төлөгдөхгүй олон жил болж байна. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг тогтолцоонд орсон. Үүнийг дагаад гадаад төлбөрөө төлж чадахаа байсан. Гадаад төлбөрөө төлж чадахаа больчихоор Монголд нийлүүлэх эмийнхээ тоог багасгачихдаг. Гэрээний нөхцөлүүд чангарч, заавал бэлэн мөнгөөр худалдаж авах шаардлагатай болчихдог. Үүнээс болоод жагсаалтаар нэн тэргүүнд Монголд эм өгөх асуудал байхгүй болно гэсэн үг. Хамгийн сүүлд илүү гарвал Монголд өгнө. Ингээд Монголын компаниуд хар жагсаалтад орно. Одоогоор манай улсын эмийн компаниуд гадаад захиалга хийгээд 20-30 хувийг нь л авч байгаа, бүрэн авч чадахгүй байна. Үүнээс үүдэн хэрэгцээтэй хэмжээгээрээ эмээ авч чадахаа байчихсан. Улмаар эмийн тасалдал үүсч, хүртээмж байхгүй болж байна. Мөн Монгол Улсын хувьд өргөн уудам, нутаг дэвсгэртэй учраас дотоод тээврийн зардал, дулаан цахилгааны үнэ тогтмол өсдөг. Ингээд өртөг нэмэгддэг. Долдугаар сарын байдлаар инфляци 13 хувьтай, эмийн үнийн өсөлт 7.3 хувьтай байгаа. Эм хангамжийн салбарынхан аль болох үнэ нэмэхгүй байх, эрсдэлээ өөрсдөө үүрэх чиглэл рүү ажилласаар ирсэн. Хамгийн том нөлөөлөл үзүүлж байгаа зүйл бол төр засгаас эрүүл мэндийн байгууллагуудын авсан өр, төлбөрийн асуудлыг хурдан шийдвэрлэх шаардлагатай байна.

-Эмийн чанарын асуудлыг хөндвөл манайд орж ирж байгаа эмүүдийн үр дүнд ямар хяналт, зохицуулалт байдаг юм бол?

-Монгол Улсад импортолж байгаа эмийн 60 орчим хувийг Европын болон ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн хатуу зохицуулалттай орнуудаас оруулж ирдэг. Эмийн чанарын тухайд эмийг үйлдвэрлэхэд тодорхой стандарт, журам барьдаг. Түүнийгээ хангаж байна уу гэдэг нь чанарын асуудал. Харин эмчилгээний идэвхийн асуудлыг чанар гэж яриад байгаа. Монгол Улсад бүртгэгдэж байгаа эм бол ДЭМБ-аас тавигддаг JMP стандартыг хангасан үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдсэн эмнүүд орж ирдэг. 1994 оноос хойш Монгол Улсад эм бүртгэлийн тогтолцоо явагдаж байгаа. Тиймээс эмийн чанарын хувьд чанаргүй эм уугаад байна гэсэн асуудал байхгүй гэсэн үг. Чанар алдагдах зүйл гарвал энэ нь хэрэглээний явцад хадгалалтын горим зөрчсөн асуудал үүссэн байдаг. Эмчилгээний идэвхийн асуудал нь эмчилгээний үр дүнтэй холбоотой зүйл. Олон улсын стандартад эм зүй, эмчилгээний чанар 20 хувийн нэмэх, хасах хэлбэлзэлтэй байхыг зөвшөөрдөг. Тэгэхээр манай улсад ч энэ хэлбэлзэлд байгаа эмүүд л хэрэглэгдэж байна гэсэн үг. Харин бидний тавьж байгаа ганц шаардлага бол өр, авлагын асуудлыг шийдэх хэрэгтэй. Компаниуд эхнээсээ санхүүгийн чадваргүй болчихлоо. Дандаа арилжааны банкны зээлээр санхүүжиж байна. Хамгийн багадаа жилийн 19 хувийн хүүтэй зээл авч байна. Зарим байгууллага нэмж зээл авах боломжгүй болсон. Орж ирсэн борлуулалтаараа эмээ таслахгүй, нөөц бүрдүүлэх гээд хичээгээд явж байгаа. Уг нь эмийн тасалдлын асуудлыг ноцтой байдалд хүргээд байхааргүй шийдэх боломжтой. Өнгөрсөн хоёрдугаар сард бид ЭМЯ, ЭЗХЯ-нд "Нөхцөл байдал эвгүйтлээ, эмийн нөөцөө бүрдүүлье, өр, авлагын асуудлаа шийдэж өгөөч ээ" гэж хандсан ч одоог хүртэл шийдээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Г.БАЛГАРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.