Д.Батбаяр: Бүх нийтийн сайн сайхны төлөө энэ засаг ажиллаж чадахгүй байна
Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяртай төсвийн хүрээнд ярилцлаа.
-УИХ-аар төсвийн тодотгол болон ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Таны хувьд Төсвийн зарлагын хяналтын дэд хороог ахалж байсан. Энэ утгаараа төсвийн тодотгол дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Төсвийн тодотголийг ингэж оройтож оруулж ирж байгаа дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Өнөөдөр эрх барьж байгаа намын доторхи хэрүүлээс болж төр хямарч байна. УИХ-аар бодлогын шинжтэй, тулгамдсан асуудлыг шийдэх хууль тогтоомж хэлэлцэгдэхгүй, шийдэгдэхгүй байна. Төсвийн тодотгол бодит байдлыг харуулж байна. УИХ-д олонхийг бүрдүүлж, эвсэж засаг бүрдүүлж байгаа МАН, ХҮН, Үндэсний эвсэлээс хариуцлага нэхэх цаг болсон. Төсвийн жил дуусах дөхөж байхад тодотгол хийе гэж байгаа нь Засгийн газар маш муу ажилласныг харуулж байна. 2026 оны төсөв бүрдүүлэлт бүхэлдээ гацсан учраас Урсгал зардал, Хөрөнгийн зардал, Хөрөнгө оруулалтын зардлаа тодотгоё гэж орж ирж байна. Яагаад цалин тэтгэвэр нэмэх шаардлага үүсэж байна вэ гэхээр эдийн засаг бүхэлдээ муудсан, мөнгөний үнэ цэн унасан, амьжиргааны өртөг маш их өссөн. Энэ учир шалтгаан болох эдийн засгийн хямрал, анагаах ухаанаар бол өвчний голомт юм. Гэтэл Өвчин буюу эдийн засгийн суурь асуудалтайгаа тэмцэхгүй, өвчин намдаах, түр аргацаах, улс төрийн оноо цуглуулах явцуу шийдвэр гаргаж байгаа нь эрх баригч нар засаглаж чадахгүй байгааг гэрчилнэ.
-Ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийгээд энэ долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллаж, ард түмэнд ирэх оны төсвийг танилцуулж байна. Зардал нэлээн тэлсэн том төсөв орж ирлээ гэж байгаа. Үүн дээр юу хэлэх вэ?
-Энэ оны төсвийн гүйцэтгэл биелээгүй байхад ирэх оны төсвийг бодитоор хэлэлцэх боломжгүй.
Энэ оныхоо асуудлыг шийдэж чадахгүй тодотгох гэж байж ирэх онд 41.3 их наяд төгрөгийн орлого олно, 43 гаруй их наяд төгрөгийг зарцуулна гэхээр ямар ч боломжгүй харагдаж байна. Төсвийн төлөвлөлт оновчтой, эдийн засгийн хувьд ашигтай, тухайн орон нутгийн нийгмийн асуудлыг шийдсэн байх ёстой. Энэ дээр л бодлого алдагдаад байгаа юм. Эрх барьж байгаа дарга нарын гол алдаа энд байна.
-Төсөв хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд УИХ-ын гишүүд чуулганы хуралдаа суухгүй байх асуудал гарсан. Цаашид ер нь төсвөө цаг тухайд нь хэлэлцээд явах нь зөв үү?
-Сөрөг хүчин эрх баригчидын алдаатай бодлогыг л шүүмжилж байгаа. Шүүмжил, хяналт тавь, бурууг хэл, болохгүй бол бодит байдлыг иргэдэд, нийгэмд ойлгуул гэж иргэд Ардчилсан намыг сөрөг хүчин болгосон. Тэр үүргээ ч биелүүлж байгаа. Эрх баригчид ажлаа сошиалаар л хийж байна. Сүүлдээ бүр ноёны нохойд хазуулчихаад нохойг нь хазсан болж бурууддаг шиг энэ засгийн чадахгүй байгааг, бурууг нь хэлснийхээ төлөө сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр баалуулдаг боллоо. УИХ-ын гишүүд орон нутагт ажиллах, иргэд, олон нийттэй уулзалт хийх нь үүрэг. Өдөр тутмын ажил, төсвийн зарцуулах, элдэв янзын тушаал, шийдвэр гаргах нь Засгийн газрын үүрэг юм.
-Ирэх оны төсөв дээр таны анхаарлыг татаж байгаа асуудал юу байна?
-Энэ жил 27 орчим их наяд төгрөгийг татвараас бүрдүүлэхээр тооцсон боловч одоогоор орлого тасалдсан, тодотгол хийхээр чуулганаар ид яригдаж байна. Гэтэл 2027 онд бүр их буюу 33 их наяд төгрөгийг татварын орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна. Жилийн дотор татварын бааз суур ингэж өсөхгүй. ААН, татвар төлөгчдийн орлого огцом өсөхгүй нь бүр тодорхой байгаа. Гэтэл татварын орлогоо ингэж ихээр төлөвлөж орж ирж байгаа нь ахиад л тодотголд хөтөлнө. Татвартай холбоотой бас нэг анхаарах зүйл байгаа нь бензин, дизель түлшнээс авах онцгой албан татварыг төлөвлөсөн байна. Гэтэл бензин, дизель ховордсон, үнэ өссөн үед харин татвараа тэглэж үнийн өсөлтийг хазаарлаж иргэд, ААН-үүдийн зардлыг бууруулахад анхаарах ёстой. Ирэх оны төсөвт нэг авууштай зүйл байгаа нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ болон орон байрны дулаалгыг татварын хөнгөлөлтөөр дэмжихээр ХХОАТ, ААНОАТ тухай хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан байгаа юм. Дандаа л авна, хураана гэж байдаг Сангийн яам иргэдийн амьжиргааны хэв маягт нааштай өөрчлөлтийг дэмжихээр тусгасныг нь сайшаах хэрэгтэй. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гурав хүртэл ажилтны НДШ-ийг 36 сар хүртэл чөлөөлөхөөр тусгасан нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд багахан ч гэсэн нэмэр болохоор байна. Харин зарлага тал дээр анхаарах зүйлс их бий. Урсгал зардал тэр дундаа цалин хөлсний эзлэх хувь 20 орчим хувиар өссөн байгаа нь инфляцид нөлөөлж эдийн засагт гинжин нөлөөлөл үзүүлнэ. Төсөв яригдах болгонд энэ бүхнийг ярьж байгаа боловч нохой хуцсан чинээ тоохгүй байна даа.
-Үнийн өсөлт, бензин шатахууны хомсдлоос үүдэлтэй хүндрэлүүд гадаад орчноос бүрэн шалтгаалж байна уу. Эсвэл Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас буюу биднээс өөрсдөөс нь шалтгаалж байна уу?
-Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай, хөрш хоёр орны бодлогын нөлөөлөл хүчтэй байдаг. Зах зээл маань жижиг, бизнесийн байгууллагууд нь зөвхөн улсын хэмжээнд л үйл ажиллагаа явуулдаг учир бүс нутагтаа, хөрш орнуудад нөлөөлөх боломж байхгүй. Нэг ёсондоо биднээс хамаарах хамаарал бага. Ийм нөхцөлд зах зээлээ хамгаалах, эдийн засгаа тэнхрүүлэх, бизнесийн байгуулагуудаа дэмжих, өндөр мэдлэг чадвартай ажиллах хүчнээ хөгжүүлэх нь засгийн газрын баримтлах үндсэн бодлого байх ёстой. Засгийн газар зээл аваад халамж, цалин гэх нэрээр тараагаад байх бодлого буруу. Иргэдийн бодит орлого, хувийн хэвшлийн татварын өмнөх ашгийг Засгийн газар нэмэгдүүлж чадахгүй нь тодорхой. Тийм учраас иргэдийн хэрэглээний зардал, бизнесийн секторын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний өртгийг бага түвшинд байлгах тал дээр Засгийн газар юу ч хийсэнгүй. Нийгмийн олон салбараас хэсэгчилж цалин нэмэх, ахмадуудын тэтгэврийг нэмэх нь хангалтгүй. Ажил олгогч, татвар төлөгч гээд алагчилж үзэлгүйгээр бүгдэд хамаатай бодлого энэ засгийн газарт дутагдаж байна.
-БОХХАА-н байнгын хорооноос явуулсан сонсгол эхний өдрөө явагдаад гацлаа. Үүнтэй холбоотойгоор таны байр суурь, дүгнэлт юу байна вэ?
-Ерөнхий хяналтын сонсгол нэг өдөр яваад өнгөрсөн жилүүдэд тараасан их мөнгөний дүн, салбарын өнөөгийн байдал дөнгөж яригдаж эхэлтэл өнөө олонх ирцээрээ гацааж орхилоо. Миний хувьд эмнэлгийн чөлөөтэй байсан тул оролцож чадаагүй. Ерөнхий хяналтын сонсгол бол маш их ач холбогдолтой. Гэтэл сонсголын ач холбогдлыг бууруулахыг оролдож байна. Зарлагдаж буй сонсгол бүрийг үнэгүйдүүлж сүүлдээ бүр оролцдоггүй, баримт материалаа ирүүлэхээ ч байх нь. Хүнс хөдөө аж ахуйн салбарт олгогдсон дэмжлэг, урамшуулал, зээлийн талаархи сонсголд холбогдох ихэнх байгууллагууд баримт бичиг, материалаа ирүүлсэнгүй. Жишээ нь, Атрын III аянтай холбоотой сайдын тушаал, оролцогч талуудын хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээрүүдийн хуулбар, “Монгол мал” үндэсний хөтөлбөртэй холбоотой бичиг баримтууд, 2016-2020 онд хэрэгжсэн “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөртэй холбоотой баримт бичгүүд, 2019-2023 онуудад хэрэгжсэн гэх “Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн” хөтөлбөртэй холбоотой материалууд гээд маш их хэмжээний төсөл арга хэмжээтэй холбоотой мэдээлэл ирсэнгүй. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг үл хүндэлж буй хэлбэр юм. Сонсгол дээр дурдагдаж байгаа аливаа зүйлсийг баримтжуулж, хариуцлага тооцуулж, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үүргээ УИХ биелүүлэхгүй бол нэр хүнд нь унах, улмаар Монгол Улсын тусгаар тогтнол ганхахад хүрнэ.
-Уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр гол салбараас эдийн засгаа бүрдүүлдэг хэрнээ энэ хоёрт нь хулгай, луйвар, эрх ашгийн нөлөөлөл их байгаа нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлого буруу явж байна гэсэн үг үү. Эдийн засгийн бодитой өсөлтийг бий болгох, салбар бүрийн үр ашиг, шударга тогтолцоог бий болгохын төлөө ямар шийдэл, ямар шинэчлэл хийх шаардлагатай вэ?
-Сүүлийн хэдэн жилийн турш зөвхөн Монгол гэлтгүй хөгжингүй орнуудад социал демократ үзэл давамгайллаа. Бидний ярьдгаар Зүүний буюу нийгмийн асуудлуудаа хамгийн түрүүнд анхаарах ёстой, эдийн засаг, зах зээлд төрийн зохицуулалт маш их нөлөөтэй гэж үздэг үзэл. Бидний сайн мэдэх Герман, Шинэ Зеланд, Дани гэх мэт хөгжингүй орнуудад дээрх үзэл бүхий намууд ялсан байдаг. Манай улсад ч гэсэн энэ бодлогын хялбаршуулсан (Монголд нутагшуулсан бодлого) хэлбэр болох “халамжийн бодлого”-оо үйл хэрэг болгосон нам сүүлийн 10 жил засаглаж байна. Хөгжингүй орнуудад яагаад зүүний намууд ялаад байсан бэ гэхээр эдийн засгийн суурь бүтэц нь хэдийнэ тогтвортой болсон байдаг тул чөлөөт зах зээлийн дагуу нэгэнт бий болсон баялгийн дахин хуваарилалт хийх сонирхол, тэгш боломжийг эрэлхийлсэн шинэ үеийнхний хүсэл хоёр юм. Харин манайд бол өөр. Бүхнийг хянах, бүгдийг өөрсдөө мэдэж хуваарилах замаар тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа иргэдийн санал дээр тулгуурлан сонгуульд ялах гэсэн тактик хэрэгжсэн гэж ойлгож болно. Одоо харин Монгол Улсад МАН засагласан 10 жилийн дараа жинхэнээсээ “төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аврах” хэрэгтэй болоод байна. Бизнес, ажлын байр, хувь хүний орлого, хэрэглэгчийн эрх ашиг гээд сүүлийн 10 жил ярилгүй мартагдсан зүйлсээ гаргаж ирэх цаг болжээ. Зах зээлийн эдийн засгийн суурь бүтцээ эргэн харахгүй бол, данхайсан төсөв, түүнийг дагасан хэдэн төсөл хөтөлбөр гэдэг байдлаар цааш явбал бидний эх орон маань мөхөх нь байна. Бодлого нь буруу бол хэдэн төгрөг олоод ч ядуугаараа үлдэнэ гэдгийг одоогийн эдийн засгийн байдал ба сүүлийн хэдэн жилийн турш байнгын өсөлттэй байгаа нүүрсний борлуулалт хоёрын харьцуулалт харуулж байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд ч тэр өөрчлөлт зайлгүй шаардлагатай байна. Одоо байгаа тогтолцоогоор хямд, чанартай түүхий эдийг тогтвортойгоор нийлүүлэх боломжгүй нь тодорхой болжээ. Малын гаралтай түүхий эдийг технологийн хөгжлийн үр дүнгээр орлуулаад илүү хямд, чанартай, түүхий эд гаргадаг болчихсон. Түүхий эдийг боловсруулж байж тодорхой хэмжээгээр үнэ цэн оруулах, синтетик материалтай өрсөлдөх бодлого шаардлагатай байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН







































































Сэтгэгдэл