Гадаадаас залгасан дуудлагад хариулбал таны утасны төлбөр “ТАЛИЙЖ ӨГНӨ”
"One Ring scam”...
Эхнэрийг 00-д байхад утас нь дуугараад тасарлаа. Үзвэл гадаадаас залгасан байх юм. Хаанаас юм бол гээд гайхаад улсын кодыг нь хийгээд хайж үзтэл Эквадорын Гвиней гэдэг улс гарч ирэв. За дугаар андуурсан юм байлгүй гээд байж байтал дахиад нэг өөр улсын кодтой дугаараас дохиж байна. Өөдтэй юм яавч биш байна гэж бодоод Google-ээр хайхад "One ring" scam гэдэг зүйл байдаг болохыг мэдлээ. Хэрэв та эргүүлэн залгавал таны утсанд маш их төлбөр гардаг юм байна. Иймэрхүү зүйлсээс болгоомжтой байгаарай. Хулгайчдын арга нарийсна гэж...” хэмээн нэгэн залуу фэйсбүүктээ бичсэнийг маш олон иргэн шэйрлэж, олон нийтэд түгээж байна.
-ЭНЭ ТӨРЛИЙН ЗАЛИЛАН 2014 ОНООС ДЭЛХИЙН УЛСУУДАД ГАРЧ ЭХЭЛЖЭЭ-
Олон ч монголчуудад яг дээрх шиг гадны улсаас дуудлага ирсэн байх бөгөөд зарим нь утсаа аваад ярьсан, зарим нь эргүүлээд өөрөө залгасан тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. Тэгэхээр энэ бол санамсаргүй тохиолдол биш, олон нийт, дэлхийд тархсан луйврын арга гэдгийг эх сурвалжууд мэдээлж байв.
“One ring scam” гээч буюу монголчилбол “Дуудлагын залилан” дэлхий даяар тархжээ. Тодруулбал, одоогоос гурван жилийн өмнө буюу 2014 оноос эхлэн энэ төрлийн залилангийн хэрэг дэлхийн улсуудад гарч эхэлсэн бөгөөд тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сэрэмжлүүлж, мэдээлэл түгээж байсан байх юм. Харин манай улсын иргэдийн хувьд утсанд нь ийм төрлийн залилангийн дуудлага ирж эхэлсэн энэ үеэс л дээрх залилангийн хэргийн талаар мэдэж буй бололтой.
Энэ төрлийн залилангийн хэрэг ямар байдлаар явагддагийг иргэд та бүхэнд сэрэмжлүүлэн хүргэж байна. Танил бус, гадаадын ямар нэг улсын кодтой дугаараас таны гар утсанд дуудлага, мессэж ирвэл утсаа авч болохгүй, мөн хариу бичиж болохгүй. Мөн таны утсанд таньж мэдэхгүй гадаад дугаараас дуудлага ирсэн байвал эргүүлэн залгаж бүр болохгүй. Учир нь та ийм дуудлагыг авч хариулсан, эсвэл эргүүлэн залгасан тохиолдолд таны утасны төлбөр маш өндөр гарах эрсдэлтэй. Бүр тодорхой хэлбэл олон улсын дуудлагын төлбөр гэж таны төлбөр дээр улс улсаасаа шалтгаалаад нэг минут нь 9-19,95 доллар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл та уг дуудлагыг аваад, эсвэл эргүүлээд залгаж ярьсан нэг минут бүрийн төлбөр 9-19,95 доллар хүртэлх төгрөг төлбөр дээр шууд нэмэгдэх аюултайг дэлхийн хэвлэлүүд болон онлайн залилан судлаачид сэрэмжлүүлж мэдээлсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид автомат залгагч ашиглаж дэлхийн өнцөг булан бүрд байх иргэдийн утас руу автоматаар дуудлага хийдэг аж. Ингэхдээ гурван байдлаар ханддаг байна.
Нэгдүгээрт. Таны утас руу дуудлага хийх бөгөөд утсаа авахаас тань өмнө тасална.
Хоёрдугаарт. Таныг утсаа авахад урьдчилан бичиж тохируулсан хэн нэг гадаад хүний дуу хоолойг танд сонсгоод утсаа тасална.
Гуравдугаарт. Таны утас руу асуудал гарсан гэсэн утга бүхий мессэж явуулна.
-КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭСТ ОДООГООР ЯМАР Ч
ГОМДОЛ ИРЭЭГҮЙ БАЙНА-
Энэ төрлийн залилагчид эргээд залгасан дуудлага бүрийг алдахгүй авдаг нь их хэмжээний мөнгө эргэлдэж байдагтай холбоотой аж. Иргэд энэ төрлийн дуудлага, мессэжийг авснаар иргэн танд банкны код, нууц үг, санхүүгийн мэдээллээ алдах гэх мэт эрсдэл тулгарна гэж зарим хүн хэлж байна. Гэхдээ энэ нь боломжгүй бөгөөд таны нууц мэдээлэл алдагдах аюулгүй. Харин таны төлбөр өндөр гарч, тэндээс ашиг олдог луйвар гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар эл төрлийн залилагчид ихэвчлэн 473 (Grenada), 268 (Antigua), 876 (Jamaica), 809 (the Dominican Republic), 375 (Belarus), 371 (Latvia), 284 (the British Virgin Islands) гэсэн улс орнуудын утасны кодыг ашиглаж дуудлага хийдэг байна. Хэрвээ таны утсанд энэ төрлийн дуудлага ирсэн байвал code lookup сайтаар орж аль улсаас залгасныг нь шалгах боломжтой.
Дэлхий даяар энэ төрлийн залилангийн золиос болсон иргэд хууль хяналтын байгуулагад олноор ханддаг байна. Өнөөдрийн байдлаар манай улсын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст энэ төрлийн залилангийн хэрэгтэй холбоотой ямар нэг гомдол мэдээлэл иргэдээс ирээгүйг албаны эх сурвалж мэдээлж байна. Тиймээс зөвхөн Монгол биш, дэлхий дахинд тархсан энэхүү дуудлагын залилангаас иргэд та бүхэн өөрсдийгөө хамгаалж, сэрэмжтэй байх нь хамгаас чухал гэдгийг онцлон хэлье.
Б.БУРМАА
Сэтгэгдэл