ХААН Банк “Жендэрийн манлай байгууллага”-аар шалгарлаа
Монголын Тогтвортой Санхүүжилтийн (ТоС) Холбоо, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хорооноос хамтран жил бүр тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд манлайлж, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй байгууллагуудыг тодруулан алдаршуулдаг уламжлалтай. Энэ жил ХААН Банк “Жендэрийн манлай байгууллага”-аар шалгарсан бөгөөд өнгөрсөн лхагва гарагт буюу 2025 оны 12-р сарын 10-ны өдөр ТоС Холбооны нийт гишүүдийн үеэр ХААН Театрт энэхүү нэр хүндтэй шагналыг гардууллаа.
Банкны салбарын актив хөрөнгийн 28 хувийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, эдийн засгийн оролцоо, манлайллыг дэмжихэд чиглэсэн санхүүжилт олгох зорилгоор Жендэр бонд гаргаж нийт 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн билээ. Тус бондын хүрээнд босгосон эх үүсвэрийг эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, жендерийн тэгш байдлыг дэмжих зорилгоор баталгаат ажлын байрыг бий болгох тусгайлан зарцуулж буй.
ТоС холбооны нийт гишүүдийн хурлын арга хэмжээг нээж ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга, ХААН Банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа үг хэлсэн бөгөөд тус холбооны 2025 оны үйл ажиллагааны тайлан ба ололт амжилтууд болон 2026 онд баримтлах стратегийн чиглэлүүдээс танилцууллаа. Үүнээс гадна Монголбанк, гишүүн байгууллагуудын зүгээс өөрсдийн үйл ажиллагааг ногооруулах хүрээнд хийсэн ажлуудыг танилцуулсан юм.
Тогтвортой хөгжилд манлайлагч ХААН Банк нь 2024, 2025 оны ТоС холбооны “Манлай банк”-аар ажилласан бөгөөд энэ хугацаанд тогтвортой санхүүжилтийн зарчмыг түгээн дэлгэрүүлэх, ногоон ба жендэрийн мэдрэмжтэй санхүүжилтийн чиглэлд санал санаачилгыг хэрэгжүүлэх, гишүүн байгууллагуудыг тогвортой хөгжлийн чиглэлд манлайлан ажиллалаа. ХААН Банк манлай банкаар ажилласан жилүүдэд ТоС холбооны цар хүрээ улам бүр өргөжин тэлж, өнөөдрийн байдлаар 70 гишүүн байгууллагатай болсон нь бидний ажлын бодит нөлөөлөл юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, салбарын яамдууд, гишүүн байгууллагууд болон олон улсын байгууллагууд зэрэг 40 гаруй байгууллагуудтай хамтран 1500гаруй оролцогдчыг хамруулан ТоС Форумыг өргөн цар хүрээтэй, олон улсын түвшинд зохион байгууллаа. Үүнээс гадна ногоон технологийг хялбархан, зардал багатай таних боломжтой green.khanbank.com платформыг хөгжүүлж бусад байгууллагуудад ч хэрэглэх боломжтой байхаар зохицуулан Монголбанканд хүлээлгэн өгсөн нь ХААН Банкны манлайлан хийсэн томоохон ажлын нэг юм.
Ийнхүү ХААН Банк ТоС Холбооны манлай банкаар хоёр дахь жилдээ салбарын бодлогын шинэчлэл, ногоон шилжилт, хүртээмжит санхүүжилтийн үндэс суурийг тавьж, Монголын тогтвортой хөгжлийн хөдөлгүүр болж ажиллалаа.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк





















.png)









































Сэтгэгдэл