А.Ганбаатар: Эрх баригчдын алсын хараагүй, харалган бодлогын үр дүнд төсвийн орлого 1.4 их наядаар тасарсан
УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намрын чуулган нээлтээ хийлээ. Мэдээж төсөв хэлэлцэнэ. Гэхдээ 2026 оны төсвийн тодотголыг мөн хэлэлцэн батлах ёстой. Таны хувьд төсвийн тодотгол дээр ямар байр суурьтай байна вэ?
-Эрх баригчдын алсын хараагүй, харалган бодлогын үр нөлөөгөөр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наядаар тасарч, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зардлаа санхүүжүүлж чадахгүйд хүрээд байгаа. Хоёрдугаарт иргэдийн амьдрал маш хүнд байна. Нэг талаас инфляци 13 хувьд хүрсэн, нөгөө талаас иргэдийн орлого буурсан хоёр хүчин зүйлийн нөлөөгөөр худалдан авах чадвар эрс муудсан. 2026 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлт 7.7 хувь гэж байгаа боловч энэ өсөлт уул уурхай, түүнийг дагасан тээврийн өсөлт дээр тогтож буй юм. Нийт иргэдэд шууд нөлөөгүй. Хувийн хэвшлийн дийлэнх нь үйл ажиллагаа явуулдаг боловсруулах үйлдвэрлэлийн салбарын өсөлт саарч, худалдаа болон үйлчилгээний салбарууд уналттай байна. Худалдааны салбар гэхэд зургаа дахь улиралдаа уналттай явж байгаа. Ийм нөхцөлд төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай.
-2027 оны төсвийг хэрхэн харж байна вэ. Танай намын бүлгээс эдгээр орж ирсэн төсөв нь хууль зөрчсөн гэж мэдэгдээд байгаа шүү дээ?
-Өргөн барьсан 2027 оны төсвийн доторх тоо яривал маш олон зүйлийг ярих хэрэгтэй болно. УИХ дээр хөдөлгөх, засах шаардлагатай зүйлүүд ч дотор нь байна. Хамгийн гол нь 2027 оны төсвийн төсөл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулагдаж, өргөн баригдсан уу гэдгээ тодруулж байж цааш нь хэлэлцэх шаардлагатай. 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг бид дөрөвхөн сарын өмнө буюу 2026 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ баталсан. Энэ чинь өөрөө хууль шүү дээ.
Төсвийг төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд л боловсруулж өргөн барих хуулийн зохицуулалттай.
Гэтэл энэ өргөн барьсан 2027 оны төсвийн төслийг батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийг огт барилгүй боловсруулаад үүндээ тааруулж өөрчлөх хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн байна. Төсвийн төслөө дагаж төсвийн хүрээний мэдэгдлээ хийх байсан юм бол дөрвөн сарын өмнө УИХ батлах ямар хэрэгтэй байсан юм бэ. Одоо энэ өөрчлөлтийг нь УИХ батлахгүй бол төсвөө яаж батлах юм бэ.
-аН-ын улс төрийн зөвлөл хуралдаж Ерөнхий сайдыг өөрөө итгэл үзүүлэх асуудлаа оруулж ир гэдэг шаардлагыг тавьж байна. энэ шийдвэртэй холбоотойгоор таны байр суурь ямар байгаа вэ?
-Засгийн газрын хувьд кабинетын системээр ажиллаж чадахгүй, ажиллахад нь доголдол үүссэн нь харагдаж байна. Ерөнхий сайд нь өөрийнх нь холбогдолтой хамаарал бүхий сургуулиудынх нь асуудлаар худал үнэн мэдэгдэхгүй мэдээлэл орж ирээд л тэрийг нь түгжил ч гэнэ үү, түгжилмаа ч гэнэ үү хүмүүс шургуулсан болж харагдаад. Салбарын сайд нь энэ талаар эргүү мэдэгдэл хийгээд л. Нөгөөтэйгүүр тэр хамгийн гол шударга ёсыг сахиулж байх Хууль зүйн сайд нь ямар юмтай холбогдоод юу болоод байна.
Тэрэн дээр зөрж доор нь ажиллаж байгаа тэр хүчний байгууллагуудынхан нь мэдээлэл хийлээ. Эмч, багш нар байсан бол ойлгох гэсэн. Гэтэл энэ хүчний байгууллагынхан чинь шууд босоо удирдлагатай хүмүүс. Сайдаа хүлээж авахгүй байна гэдэг шүд сугалах хэмжээний асуудал байгаа байхгүй юу. Тиймээс л Ерөнхий сайд нэг сайдаа чөлөөлж байх шиг байна. Ер нь Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлаа оруулж ирээрэй гэж манай намын Улс төрийн зөвлөл шийдвэр гаргасан. Түүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг ерөнхийдөө дэмжчихсэн. Миний хувьд Улс төрийн зөвлөлийн шийдвэрээ дагана.
-Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлаа Их хуралд өргөн барина гэж итгэж байна уу. Хэрэв өргөн барихгүй тохиолдолд танай намын бүлгийн зүгээс ямар акц өрнүүлэх вэ?
-Хэрвээ өөртөө итгэл үзүүлэхийг оруулж ирэхгүй бол энэ чинь хугацаатай асуудал л даа. Хуулиараа 30 хоногийн асуудал байх ёстой. Үүнээс цаашлах юм бол улс төрийн дараагийн алхамд яаж шилжих нь вэ гэдэг нь тухайн үедээ нам бүлгийн шийдвэр гарна.
-Таны хувьд энэ намрын чуулганаар ямар хуулийн төсөл өргөн барьж ажиллах вэ?
-Монгол Улсын Их Хурлын 2026 оны ээлжит намрын чуулганаар нийт 35 хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Миний бие энэхүү чуулганаар иргэдэд үзүүлж буй татварын дарамт, ачааллыг бууруулах чиглэлээр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж авто зогсоолын зориулалттай нэг үл хөдлөх хөрөнгийг татвараас чөлөөлөх, бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээнээс бусад санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэхэд чиглэсэн Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Мөн өмнө өргөн барьсан Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга гэх мэт төслүүдээ батлуулахаар ажиллана.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН





















.jpg)







.jpg)


.jpg)





































Сэтгэгдэл