МАН-ЫНХАН УЛНЫ МАНИУСТАА НҮҮРСНИЙ ХУЛГАЙНХАА 40 ИХ НАЯДЫН НӨАТ-ЫГ НЬ УНШУУЛЧИХГҮЙ Л БАЙХ ДАА

Aдмин / Улстөр

Тавантолгойн нүүрсний хулгайн хэрэг үе үе сөхөгддөг. Ялангуяа Монгол ардын нам засгийн эрхэнд ноёрхсон сүүлийн арваад жилд байнга яригдаж байгаа асуудал. 2018 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Өмнөговийн Гашуунсухайтын боомт, мөн Ханбогд, Цогтцэций сумдад ажилласан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд 268 мянган тонн нүүрс алга болсныг мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор У.Хүрэлсүх “Монгол Улсын төсөвт төвлөрөх байсан өмч ямар хулгайчийн гараар орж, эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй. Нүүрс хулгайлж зарж байгаа хүмүүсийг явах ёстой газар руу нь явуул” хэмээн сүржин загнадгаараа загнаж Сангийн сайдад хууль цагдаагийнхны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон.

Засгийн газраас томилогдсон тусгай ажлын хэсэг нүүрсний хулгайн асуудлын мөрөөр мөшгөхөд хулгайлагдсан нүүрсний хэмжээ 268 мянган тонн биш 340 мянган тонн болж өсч, эцэстээ 390 мянган тоннд хүрсэн гэх мэдээлэл цацагдсан.

Уг асуудлыг Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаа, Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан бүрэлдэхүүн шалгаж дөрвөн жилийн нүүр үзсэн.Гэвч 268 мянган тонноос эхэлсэн нүүрс ямар уурхайгаас хулгайд алдагдсан, тухайн үеийн мөнгөний ханшаар 20 сая гаруй ам.долларын өртөг бүхий нүүрсийг хэн гэдэг албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хил давуулан зарсан, хил гаалийн бүрдүүлэлтийг хэрхэн хийсэн, Хятадын ямар компанид өгсөн байж болох зэрэг нь огтоос тогтоогдоогүй. Үндсэндээ У.Хүрэлсүхийн сүржин мэдэгдэл зүгээр л шүлс төдий болоод өнгөрсөн гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл нүүрсний хулгайн хэрэг нийгэмд дахин сөхөгдлөө. Дөрөв, таван их наядаар хэмжигдэж байснаа сүүлдээ бүр 40 их наяд болж арай ч үгүй байлгүй дээ гэж бодоход хүргэлээ. УИХ-аас Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий түр хороо байгуулсан. Уг түр хорооны гишүүн Б.Баттөмөр “3.0 сая тонн нүүрс, нүүрсний тээвэр дагасан 1.5 тэрбум долларын луйврын асуудал яригдаж байна. Энэ бол маш том хулгай. Монголд төр засаг хууль хяналтынхан байна уу гэж эргэлзэхэд хүрч байна” хэмээн мэдэгдсэн. Үнэхээр Б.Баттөмөр гишүүний хэлж буйгаар нүүрсний 40 их наядын хулгай бол арай хэтэрсэн, хэн бүхний санаанд багтахааргүй хулгай.

Энэ бол МАН-ын мундаг дарга нарын хийж сурсан, улс орноо тонон дээрэмдэж, үгсэн хуйвалдаж сурсан хулгай юм байна. Ардын намын төрийн түшээ, Их хурлын гишүүд нь гайхаширлаа бараад байхад ард түмэн улны маниуст бол ёстой падлий ч байхгүй бололтой. Харин хулгайлсан тэр их мөнгөнийх нь тоог хараад төр засаг буцааж авна гэдэг үлгэр байх даа гэж бодох юм. Дөрөв, таван жилийн өмнө өнөө овгор У.Хүрэлсүх нь бага дээр нь шийдэж чадаагүй юм чинь одоо 40 их наядын хулгайг шийдчих шийртэй аавын хүү Ардын намд байхгүй гэдэгт итгэлтэй байна.

Нүүрсний хулгайнхаа 40 их наядыг улсын төсөвтөө төвлөрүүлж чаддаггүй юм аа гэхэд ядахдаа НӨАТ-ыг нь уншуулчихгүй л байгаа даа гэж хүртэл горьдож сууна. Аргаа барж, итгэл нь барагдсан хүний л хий хоосон горьдлого байх даа, хөөрхий минь. Ардын намын ард түмэндээ дээрэлхүү залуу сайдуудын нэг Н.Учрал улны маниусыгаа НӨАТ-ынхаа мөнгөөр амьдардаг гэж хэлээ биз дээ. Тэгэхээр НӨАТ-аараа “амь зуудаг” бид чинь улс орноо удирдаж байгаа мундаг дарга сайд нараа өглөг сайхан сэтгэл нь хөдлөөд 40 их наядынхаа НӨАТ-ыг нь уншуулчихгүй юм биш биз дээ хэмээн горьдоод байгаа минь ийм учиртай. Эрх баригч Ардын намын дарга нар, төрийн түшээ, сайдууд маань эцэстээ ард түмэн биднийгээ ийм л төрх байдалтай, дэндүү өрөвдөлтэй болгож дээ. Өөрсдийг нь хэдэн сонгууль дараалан сонгож төр засгаа удирдуулсны ач хариуг өширхөж байгаа юм шиг ингэж барьж байна. Биднийгээ арай хэтэрхий доромжилж, дорд үзэн басамжлах болсон нь үг үйлдлээс нь тодорхой харагдах юм.

Хэмнэе гээд ч хэмнэх юмгүй, ёстой бүсээ чангалсаар байгаад бараг гол нь тасрахдаа тулсан, үндсэндээ бүр тартагтаа тулсан ард түмэндээ Их хурлын дарга Г.Занданшатар “Та бүхэн тансаг амьдарч байна. Одоо хэмнэлтийн горимд шилжинэ” гэх утга бүхий үгийг чуулганы индрээс хэлж байгаа юм даа. Ингэж ядарсан ард түмнээрээ бах таваа хангах нь сайхан л байдаг юм байх даа. Одоо Хөдөө аж ахуйн сайд болоод томроод байгаа Х.Болорчулуун гэдэг нөхөр “Та бүхэн хямд үнэтэй гурил идэж байна” гэж ард иргэдээ загнаж зандраад байсан. Сүүлийн үед гурилын үнэ хэрхэн нэмэгдэж, ядарсан ард түмэн талхаа авч чадахгүйдээ тулж байна. Мөн Эрчим хүчний сайд байсан, төрийн сангийн газрын захирал байсан, бүх л насаараа Их хуралд сууж байгаа Ц.Даваасүрэн “Тог цахилгааныг чинь хязгаарлана” гээд бараг л лаатай байлгана гэх ухааны юм ярьсан. Монголынхоо ард түмэнд өстэй юм шиг ингэж ханддаг нь ямар учиртай юм бол доо гээд хэлэх үг ч олддоггүй дээ, үнэндээ.

Ард олныхоо ахуй амьжиргаа, ажил орлогыг жинхэнэ хянаж, ёстой судасных нь цохилтыг мэдэрч байх үүрэгтэй Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан биднийгээ “улныхан” гэж нэрийдээд, гутаан доромжлоод, нийгмийн шаар шавхруу мэт хандаж, бах таваа хангаж суудгийг салбарын сайд нь ил болгоод өгсөн. “Яамныхан дотроо хэрэглэдэг бүр цаасан дээр буулгаж ашигладаг энэ үгээ бүгд нуудаг байсныг ил гаргаснаараа би буруудсан.

Сэтгүүлч хүн, тэр дундаа тангараг өргөсөн түшээ ийм зүйлийг нууж таарахгүй” гэж Д.Сарангэрэл сайд ажлаа өгснийхөө дараа мэдэгдээд “Өдөр бүр улны айлуудыг сонгож байгаа тухай ярьж байсан Хишигбаяр дарга маань сонголтоо хийж дуусаагүй л байна уу. Хүмүүсийн тэвчээрийн хүлээс нь тайлагдаж байгаа шүү” хэмээн тус яамныхнаас ам асуусан байдаг. Ингэж л бид чинь Сараа сайдын “буянаар” улныхан гэдгээ мэдэж авсан билээ.

МАН-ынхан улны маниустаа нүүрсний хулгайнхаа 40 их наядын НӨАТ-ыг уншуулчихад л бид тожигноод онд орчих юм шиг санагдаад байх юм. Муусайн угжны хургаа малчид өвдөл цөвдөл, аар саархан юмаар тэжээсээр байгаад өнөөх нь зайлуул хэрдээ хөөрхөн гэгч сүүллээд тожигноод онд орчихдог доо. Хаврын тэргүүн сартай ажиг ч үгүй золгосон хургаа хараад малчид “Манай энэ муу ямар ч байсан тожигноод онд орчихлоо шүү” гэдэг. Түүн шиг эрх баригч Ардын намынхан хулгайн нүүрснийхээ 10 хувь буюу НӨАТ-ыг уншуулахад л ард түмэн бид чинь асуудалгүй онд орчихно. 40 их наядын 10 хувь гэдэг дөрвөн их наяд. Эдийн засаг хэцүүдсэн, мөнгөний ханш унасан, юм ховордож байгаа энэ хүнд бэрх цагт ядарсан ард түмэнд их мөнгө. Харин энэ мөнгө бол газрын баялагаа ганц нэгээрээ цөлмөж, улсаа тоносон эрх баригчдад ерөөсөө НӨАТ уншуулах төдий л зүйл. Тиймээс МАН-ын мундаг дарга нар хулгайлсан нүүрсний 40 их наядынхаа НӨАТ-ыг нь уншуулчихгүй байгаа гэж горьдож суугаа минь энэ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2022-11-30 02:49:59

2024 ОНЫ СОНГУУЛЬ УДАХГҮЙ БОЛНО НҮҮРСНИЙ ХУЛГАЙГАА ШИЙДВЭРЛЭХГҮЙ БОЛ МАН-ЯЛАГДАНА, ДАРАА НЬ ЯЛАА ҮҮРЭХ БОЛНО ГЭДГИЙГ АРД ТҮМЭН САЙН МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ..................................................


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.