ХБНГУ-ын канцлер Олаф Шольц БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

Aдмин / Гадаад мэдээ

Германы канцлер Олаф Шольц Хятад улсад гурван өдрийн дипломат айлчлал эхлүүлж байна. Канцлерын хувиар хоёрдахь удаагаа Хятадад хийж байгаа түүний айлчлалын гол үйл явдлын нэг нь Хятадын дарга Ши Жиньпинтэй хийх уулзалт хэлэлцээ байх юм.

Шольц Ши Жиньпинтэй хийх яриа хэлэлцээндээ геополитикийн хурцадмал асуудлууд болоод өөрийн улсын эдийн засгийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хадгалах амаргүй зорилттой тулгарна гэдгийг ажиглагчид энэ зуур онцолж байна.

Германы төр засгийн өндөр албаны төлөөлөгчдөөс гадна Байер, Вольксваген, Сименс зэрэг тэргүүлэх томоохон компаниудын удирдлагууд дагалдан явах энэ айлчлалаар Шольц хоёр талын эдийн засгийн харилцаанд түлхүү ач холбогдол өгнө гэж зарим шинжээчид үзэж байна. Шольцын хувьд өмнө 2022 оны 11 сард Хятадад анхны айлчлалаа хийж байсан, энэ удаагийн Хятадын ТЗ-ийн дарга Ли Чяны урилгаар хэрэгжүүлж байгаа албан ёсны айлчлал аж.

Өнгөрсөн оны 7 сард анх удаа Хятадын талаар баримтлах ЗГ-ынхаа стратегийг зарласан канцлер Шольц өнөөдрөөс эхэлж байгаа гурван өдрийн айлчлалынхаа сүүлийн өдөр буюу мягмар гарагт Хятадын дарга Ши Жиньпин болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзах товтой байна. Эдийн засаг нь сул үзүүлэлттэй байгаа дээрээс Украинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай зэрэг олон талбарт шахалтад орж байгаа Германы засгийн газар Хятадтай эдийн засаг, худалдааны ойр нягт харилцаагаа хадгалахыг эрмэлзэх нь дамжиггүй юм.

Ийнхүү хоёр талын эдийн засгийн харилцааны асуудлуудаас гадна Шольц Украины дайны нөхцөлд Хятад-Оросын ойр нягт түншлэл, мөн сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгис болон Тайваний хоолойд Хятадын цэргийн хүч оролцоо улам бүр өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Өрнө дахинд газар авч байгаа болгоомжлолыг хөндөж ярилцах ёстой. Тэрчлэн Европын Холбооны орнуудаас Хятадын хамгийн том худалдааны түнш гэдэг утгаараа Герман улс Бээжингийн зүгээс ЕК-оос эхлүүлсэн хятадын цахилгаан машин үйлдвэрлэлд татаас олгодогтой холбоотой мөрдөн шалгалтыг дэмжихгүй байх шахалтад өртөх нь дамжиггүй гэдгийг ажиглагч шинжээчид мөн тэмдэглэж байна.

Өнгөрсөн 9 сараас эхэлсэн энэ мөрдөн шалгалтын дүнд Европын эрх баригчид өөрийн үйлдвэрлэгчдийг хамгаалах үүднээс хятадын хямд үнэтэй цахилгаан машинуудад торгуулийн татвар ногдуулах магадлалтай байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.