Фүкүшимагийн АЦС-ын цэвэршүүлсэн усыг далайд цутгах тав дахь үе шатыг эхлүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Японы "Фүкүшима Дайичи" АЦС-ын оператор компани цацраг идэвхжлээс салгаж цэвэршүүлсэн усыг далай руу цутгах тав дахь үе шатыг эхлүүлжээ. Энэ ажиллагааны хүрээнд тавдугаар сарын 7-ныг хүртэл 7800 орчим тонн ус зайлуулах төлөвлөгөөтэй байгаа гэж мэдээлсэн байна. 2011 онд Японыг нэрвэсэн асар хүчтэй газар хөдлөлт, цунамийн дараа зүүн эргийн Фукүшимагийн АЦС-д цөмийн түлш хайлсан осол болсон. Энэ үед цөмийн реакторуудыг хөргөхөд ашигласан их хэмжээний ус нөөцлөхөд бэрхшээлтэй болсноос хальж бороо хур, хөрсний устай холилдсоныг цацрагийн бохирдлоос цэвэрлэж далайд асгах ажлыг өнгөрсөн оны наймдугаар сараас эхлүүлсэн.

Нийт 1000 гаруй нөөцлүүр савтай ус байгаа юм. Цацраг идэвхжлээс ангижруулж цэвэршүүлсэн энэ усанд гэхдээ бага хэмжээний цацраг идэвхт тритий байсан хэвээр байгааг японы албаныхан мэдэгддэг.

Улмаар далайд юүлэхийн өмнө тритийн агууламжийг ДЭМБ-ын ундны усанд зөвшөөрөгдөх түвшний долооны нэгд хүргэж далай усаар шингэлэн асгаж байгаа гэж мэдэгдэж байна.

2023 оны наймдугаар сараас эхэлсэн уг ажил энэ оны гуравдугаар сар хүртэл 4 үе шатаар хэрэгжиж нийт 31 мянга гаруй тонн усыг зайлуулжээ. “Энэ хугацаанд ямарваа асуудал гараагүй, далайн усан дахь тритийн агууламжийг тогтмол хянаж байна. Зөвшөөрөгдсөн норм хэмжээнээс давсан үзүүлэлт илрэх даруй далай руу юүлэхийг автоматаар зогсоох горимтой. Үзүүлэлт заагдсан хэмжээнээс ямагт хамаагүй доогуур түвшинд байгаа” гэж АЦС-ын оператор ТЕПКО мэдэгджээ.

Ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх Японы шинэ санхүүгийн жилийн туршид 7 үе шатаар 54600 тонн усыг далайд юүлэхээр төлөвлөсөн байна.

Японы Фүкүшима, Мияги зэрэг мужийн оршин суугчид, загасчид нийлсэн 150 шахам хүн цацраг идэвхжилд бохирдсон ус далайд юүлэхээ зогсоохыг шаардаж Засгийн газар болон ТЕПКО компанийн эсрэг шүүхэд гомдол гаргасны дагуух анхны нээлттэй сонсгол гуравдугаар сарын 4-нд болжээ.

Мөн гомдол гаргагчдын тоо 150-иас 360 гаруй болж нэмэгдсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлсэн байна. Япон улс ойр хөрш Азийн орнуудын зүгээс мөн ийм эсэргүүцэлтэй тулгардаг.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.40] 2024-04-22 23:52:20

Японыг шүтдэг хөрш орнууд нь яаж байгаа бол? !Манайх импортын загас гэх мэтэд цацраг идэвхт бодис байгаа эсэхийг шинжлэнэ биз дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.