Монголбанк: Тэтгэврийн зээлийг хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн, зургадугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ.
Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүд гаргасан билээ.
Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзжээ.
Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм,эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна. Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яам анхааралдаа авах нь зүйтэй юм.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Монголбанкнаас тэтгэврийн зээл дээр ямар нэгэн хязгаарлалт тавихгүй, харин арилжааны банкууд уг зээлийг олгохдоо өөрийн эрсдэлийн удирдлага, бизнесийн бодлого, төлөвлөлтөө удирдлага болгож, түүндээ нийцтэй байдлаар тухайн банкны зээлийн хороо нь эцсийн шийдвэр гаргаж байх юм байна.
Учир нь "Банкны тухай хууль"-ийн Нэгдүгээр бүлгийн 5 дугаар зүйл /Банкны үйл ажиллагаанд үл нөлөөлөх/-ийн 5.1-т "Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй." гэж, мөн зүйлийн 5.2-т "Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй" хэмээн тус тус заажээ.
Банкнаас олгож буй аливаа төрлийн зээлийн бүтээгдэхүүн нь бусдын харилцах хадгаламж байдаг учраас түүнийг эрсдэлээс хамгаалах нь банкны үүрэг, хариуцлага байдаг. Тийм ч учраас тухайн банкны аливаа бодлого, шийдвэр, дотоод үйл ажиллагаанд бусад этгээд хөндлөнгөөс оролцох буюу дотоод эрсдэлийн удирдлагад нь ямар нэг байдлаар оролцох нь хуулиар хориотой.
Банк бусдаас хадгаламж татахдаа тодорхой хугацаа заан, хүү төлж татдаг тул олгож буй аливаа зээлийн хүү болон хугацаа нь ч мөн түүн дээр суурилна гэсэн үг юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл