Орбан: Европын холбооны ихэнх орны иргэд Украиныг элсүүлэхийг хүсэхгүй байна
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан "Европын холбооны ихэнх орны иргэд Украиныг тус холбоонд элсүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан тохиолдолд нэгдэхийг нь дэмжихгүй байх байсан" гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Kossuth” радиогийн өглөөний хөтөлбөрт орохдоо энэ талаар мэдэгдсэн байна.
Виктор Орбан "Европын холбооны ихэнх улсууд Украиныг холбоонд элсүүлэхийг дэмжих үү гэсэн асуулгад “Үгүй” гэж хариулах байсан. Хэрэв бид Украиныг элсүүлбэл дайныг эх орондоо нэвтрүүлж байгаа хэрэг. Украины нэгдэл манай эдийн засгийг сүйрүүлнэ” гэж мэдэгджээ.
Тэрбээр энэ үеэр Унгарт зохион байгуулагдсан үндэсний хэмжээний бүх нийтийн санал асуулгын талаар дурдсан бөгөөд санал хураалтад хоёр сая гаруй хүн оролцож, 95 хувь нь Украиныг Европын холбоонд элсүүлэхийг эсэргүүцсэн талаар онцолсон байна.
Орбан "Унгарчууд Украиныг Европын холбооны гишүүн орон болгохыг дэмжихгүй байна" хэмээн хэлээд, Брюссельтэй хийх цаашдын хэлэлцээрт энэ байр суурин дээрээ хатуу зогсохоо баталжээ.
Орбанын хэлснээр, Европын холбоог тэлэх тухай асуудлыг зөвхөн нийт гишүүн орнуудын зөвшилцлөөр шийддэг учраас Будапештийн эсэргүүцлийг үл тоомсорлох боломжгүй аж. Тэр "Украин Европын холбоонд элсэхгүй. Унгар дэмжихгүй. Тэд биднийг тойрч чадахгүй" гэж анхааруулжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Хутга [66.181.178.174] 2025-07-04 16:20:02
Түүгээр явсан гайны Украйныг дуудаж өөрөө өөрсдөд лай ланчиг хураана л гэсэн үг.